Японы мэргэжлийн сумо бөхийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ сарын 8-нд эхлэх Кюүшюү башёд барилдах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Түүний хувьд хоёр башёг дараалан дундаас нь гарсан юм. Ингэхдээ тавдугаар сард хоёр дахь өдрөөс, долоодугаар сард 15 дахь өдөр башёг орхиж байлаа. Харин есдүгээр сарын тэмцээнд бүтэн барилдаагүй. Харин нэгдүгээр сард 10, хаврын башёг 11 даваатай дуусгасан. Тэр 2026 онд 46 удаа барилдаж 18-д нь өвдөг шорооджээ.
Ёкозүна болсноосоо хойш нэг ч түрүүлээгүй нь түүнийг шүүмжлэх гол шалтгаан болж байгаа ч Ёкозүнагийн зөвлөл түүнд боломж олгосоор байна. Зөвлөлөөс түүнийг 11 дүгээр сард заавал шаардлагагүй, гэмтлээ бүрэн эдгээхийг зөвлөсөн ч Хоошёорюү багштай ярилцсаны эцэст барилдахаар шийдвэрлэжээ. Түүний хувьд есдүгээр сарын башёд зодоглоогүй ч тойргийн барилдаанд оролцохоос гадна өөр дэвжээнд очиж, бэлтгэл хийсэн байна.
Тэрбээр өглөөний бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд “Багштайгаа ярилцаад барилдахаар шийдлээ. Бэлтгэл сайн байгаа. Их догдолж байна” гэж хэлжээ. Хоошёорюү аваргыг тойрсон хэрхэн барилдах, ямар амжилт үзүүлэх, хүсэн хүлээсэн аваргын цомоо өргөж чадах уу, эсвэл башёг дахиад дундаас нь орхих уу гэсэн олон асуулт, эргэлзээ сумо сонирхогчдын дунд үлдлээ.



