МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлгийг тус сургуулийн Төв номын санд өнөөдөр зохион байгууллаа.
Боловсролын судалгааны хүрээлэн нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн зургаан сургуулийн 1 219 сурагчийг хамруулсан судалгаа хийж, тэдний цүнхний бодит жин, биеийн жинд эзлэх хувь, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний ачаалал, хичээлийн хуваарь болон сурагч, багш, эцэг эхийн саналыг судлан дүгнэсэн байна. Судалгаанд хамрагдсан 1-5 дугаар ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир:
-Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотой сурагчдын цүнхний жинг бууруулах эхний алхам болгон сурах бичгийг хоёр хэсэг болгон хэвлэж байна. Ингэснээр сурах бичгийн жинг багасгаж, хүүхдүүд өдөр бүр бүх агуулгыг багтаасан зузаан ном авч явах шаардлагагүй болж байгаа юм.
Тухайлбал, сурах бичгийг тухайн хичээлийн жилийн эхний болон дараагийн улиралд үзэх агуулгаар нь хувааж, хоёр дэвтэр хэлбэрээр гаргаж байгаа. Мөн дасгал ажлын дэвтрийг энэ зарчмаар хэвлэж байна. Энэ нь сурагчдын өдөр тутам авч явах ном, дэвтрийн жинг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Цаашид хоёрдугаар ангиас тавдугаар ангийн сурах бичгийг ч мөн ийм зарчмаар шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Сурах бичгийг шинэчлэн боловсруулах ажил үе шаттай үргэлжилж байна. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ цүнхний жинд анхаарах хэрэгтэй. Тухайлбал, тухайн өдрийн хичээлийн хуваарийн дагуу шаардлагатай ном, дэвтрийг нь хийж явуулах, боломжтой сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг сургууль дээр нь үлдээж болно. Мөн усны савыг заавал гэрээс нь дүүргэж явуулахын оронд сургууль дээрээ усаа авах боломжийг бүрдүүлэх нь цүнхний жинг багасгах нэг арга юм. Сургууль, багш нарын хувьд сурагчдын ном, гарын авлагыг анги танхимдаа хадгалах, байршуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Иймээс сурагчдын цүнхний жинг бууруулах асуудалд зөвхөн боловсролын салбарын бодлого, шийдвэрээс гадна сургууль, багш, эцэг эхчүүдийн оролцоо чухал.
МУБИС-ийн Боловсролын сургуулийн судалгаа арга зүйн тэнхимийн ахлах багш доктор С.Батцэцэг:
-Дэлхий нийтэд хүүхдийн жин болон сурагчийн цүнхний жингийн харьцааг судалж, цүнхний жин хүүхдийн биеийн жингийн хэдэн хувийг эзэлж байгаагаар ачааллыг нь тодорхойлдог. Хүүхдийн биеийн жингийн 5-10 хувьд цүнхний жин багтаж байвал зохистой гэж үздэг. Харин манай улсын сурагчдын дунд хийсэн судалгаагаар цүнхний жин хүүхдэд хэт их ачаалал үүсгэж байгааг тогтоосон.
Бага ангийн хүүхдийн биеийн жин харьцангуй бага байдаг бол анги ахих тусам нэмэгддэг. Гэсэн хэдий ч хүүхдийн биеийн жинд эзлэх цүнхний жингийн харьцаа 15-аас дээш хувьтай гарсан нь сурагчид хэт хүнд цүнх үүрч явдгийг нотолж байна. Цүнхний жин яагаад ийм өндөр байгааг тодруулахын тулд доторх эд зүйлсийн бүтцийг судалсан. Судалгаагаар сурагчдын цүнхэнд үндсэн, нэмэлт сурах бичиг, дэвтэр, үзэг, харандаа, хичээлийн хэрэгслийн сав зэрэг үндсэн хэрэглэгдэхүүнээс гадна дугуйлангийн болон биеийн тамирын хувцас зэрэг зүйлс байсан. Харин шаардлагагүй, илүү эд зүйлс авч явах тохиолдол харьцангуй бага байв. Үндсэн, нэмэлт сурах бичиг, дэвтэр, бичгийн хэрэгсэл зэрэг нь цүнхний нийт жингийн 60-70 хувийг эзэлж байна. Энэ нь сурах бичгийн жин өөрөө цүнхний ачаалалд шууд нөлөөлж байна.
Мөн сурагчдын цүнхний жинд хичээлийн хуваарь шууд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон. Тухайлбал, долоо хоногийн эхний болон сүүлийн өдрүүдэд сурагчдын хичээлийн ачаалал нэмэгдэж, улмаар цүнхний жин хүндэрч байна. Хичээлийн хуваарьт дүн шинжилгээ хийхэд тухайн өдөр орох найман хичээлийн ном, дэвтрийг бүгдийг нь авч явахад эдгээрийн жин 3-4 килограммд хүрч байгаа юм.
Манай судалгаанд нийслэлийн зургаан сургуулийн 1-12 дугаар ангийн нийт 1 219 сурагчийг хамруулсан. Ингэхдээ улсын болон хувийн сургууль, хотын төв болон захын сургуулиудын төлөөллийг оролцуулсан юм. Судалгааны дүнгээр 1-12 дугаар ангийн сурагчдын цүнхний дундаж жин 5.3 килограмм гарсан. Харин хамгийн хүнд цүнх үүрч байгаа сурагчдын хувьд дөрөв болон долоодугаар ангийн хүүхдүүд өндөр үзүүлэлттэй байна гэв.
Мөн судалгааны үр дүнгээс харахад анги төдийгүй сургуулиудын хооронд ч сурагчдын цүнхний жингийн ялгаа байна. Энэ нь тухайн сургууль дотоод зохион байгуулалт, хичээлийн хуваарь, сургалтын орчны нөхцөлдөө тохируулан тодорхой арга хэмжээ авах боломжтойг харуулж байгаа юм. Түүнчлэн сурагчдын цүнхний жинг бууруулахад хичээлийн хуваарь, сурах бичгийн жин, сургалтын орчин гэсэн гурван үндсэн хүчин зүйлд анхаарах шаардлагатай байна.
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхимийн багш В.Лхамсүрэн:
-Хүнд цүнх нь хүүхдийн тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн биеийн жинтэй харьцуулахад хэт хүнд цүнх үүрэх нь өсөлт, хөгжилд нь сөргөөр нөлөөлөхөөс гадна нурууны мурийлт үүсгэх, хүзүү, мөр, нурууны булчинд хэт их ачаалал өгөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Бага насны хүүхэд хүнд цүнх үүрэх үедээ тэнцвэрээ хадгалахын тулд биеэ урагш бөхийлгөж, толгойгоо унжуулах хандлагатай байдаг. Ийм буруу байрлал удаан хугацаанд давтагдсанаар зөвхөн нуруу, нугасны байрлалд өөрчлөлт оруулаад зогсохгүй эрүү, шүдний зөв хөгжилд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Хүүхэд гар утас, дэлгэц ширтэх үедээ удаан хугацаанд буруу байрлалтай байдагтай адил хүнд цүнх үүрч явахдаа биеэ албадан буруу байрлалд оруулдаг. Ингэснээр тухайн байрлалд байх хугацаа нэмэгдэж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь даамжрах боломжтой.
Хоол боловсруулах тогтолцоонд ч тодорхой эрсдэл үүсгэж болно. Хүүхэд хүнд цүнх үүрэхдээ байнга урагш бөхийж, буруу байрлалтай удаан явах нь хэвлийн хөндийн эрхтнүүдэд нэмэлт даралт, ачаалал үүсгэх боломжтой. Үүний улмаас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нөлөөлж, өтгөн хатах, хоол боловсруулах үйл явцтай холбоотой зарим зовиур үүсэх эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Сурагчийн цүнх нь хүүхдийн өдөр тутмын хэрэглээ төдийгүй тодорхой хэмжээнд хариуцлагын илэрхийлэл болдог. Өөрөөр хэлбэл, хүүхэд цүнхэндээ авч явж буй зүйлсээрээ тухайн өдөр сургууль дээр хийх хичээл, үйл ажиллагаандаа бэлддэг. Ялангуяа бага насны хүүхдүүд хичээлтэй холбоотой аль болох олон зүйлээ өөртөө авч явснаар өөрийгөө илүү итгэлтэй, бэлтгэлтэй гэж мэдэрдэг.
“Надад хэрэгтэй бүх зүйл байгаа” гэсэн энэ мэдрэмж нь цүнхэндээ шаардлагатайгаас илүү олон зүйл авч явах, улмаар цүнхний жин нэмэгдэх нэг шалтгаан болдог.
Мөн хүүхдүүд өсөж том болохын хэрээр гадаад үзэмж, загварлаг харагдах байдалдаа илүү анхаардаг. Үүнээс шалтгаалан цүнхнийхээ хэлбэр, загвар, оосрын хийц зэрэгт ач холбогдол өгөх боловч тухайн цүнх нь эрүүл мэндэд нь ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг тэр бүр тооцдоггүй. Ялангуяа цүнхээ нэг мөрөндөө үүрэх, нарийн оосортой цүнх сонгох зэрэг нь эрүүл мэндийн тодорхой эрсдэл дагуулж болзошгүй гэжээ.
Эдгээр эрсдэлийг гадаадын судлаачид олон жилийн турш судалж, хүнд цүнхний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг анхааруулсаар иржээ. Харин Монголд энэ чиглэлийн суурь судалгааг харьцангуй шинээр хийж эхэлж байна. Гэсэн хэдий ч олон улсын өмнөх судалгааны үр дүнгээс харахад сурагчийн цүнхний жин нь зөвхөн хүүхдийн өөрийнх нь асуудал биш. Энэ нь эцэг эх, багш, сургууль цаашлаад нийгмийн хэмжээнд анхаарах шаардлагатай асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.






