Хотын дарга Б.Пүрэвдагва “Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй. Яармагийн гүүрээс 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны зам шинээр барина” гэсэн мэдээлэл хийсэн. Энэ шийдвэр нийслэл хотын түгжрэлийг бууруулахад нөлөөлөх эсэх талаар замын инженер Б.Бадар-Уугантай ярилцсаныг хүргэж байна.
-Хотын даргын мэдээлсэн, нийслэлийн баруун хэсгийн зургаан эгнээ бүхий хурдны замын шийдэл хэр оновчтой вэ?
-Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах хурдны замын эхлэл гэж харж байна. Туулын хурдны зам бол өмнө нь 2013-2014 онд яригдаж байгаад хэрэгжээгүй ажил. Тухайн үед анхны төслийн ТЭЗҮ-ийг хийж байх үед трассаар явж уг төсөлтэй танилцаж байлаа.
Тэр үед бүх инженерийн шугам сүлжээ бүхий коридорууд нь трассын дагуу төлөвлөгдөөд гарчихсан 33 км замын төсөл яригдаж байсан. Одоогийнх шиг барилга байгууламж газар талбайн асуудал харьцангуй бага, цаг хугацааны хувьд хамгийн боломжтой үе шүү, үүнээс цааш хэцүү болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Маршалын гүүр орчмын барилгууд, "River Garden-2", "Time Tower" хотхонууд баригдаагүй байсан цаг.
Японы зураг төслийн компани зөвлөхөөр ажиллаж байсан, одоогийн Туулын хурдны зам яригдаж байгаагаас хамаагүй боломжтой сайн хувилбар байсан гэж хардаг.
Энхтайвны гүүрнээс Зайсангийн гүүр орчмын хоёр км газарт барилгажилт болоод инженерийн шугам их байсан хэсгийг тунелин шийдлээр, мөн Сонсголонгийн гүүр гэх мэт олон түвшний 5-6 уулзваруудыг, хойшоо салаа замууд руу шийдэх ирээдүйн хотын төлөвлөлтөд уялдуулсан тун боломжийн цогц төсөл байсан.
Тэр төсөл хэрэгжсэн бол Сэлбийн хурдны замтай холбогдох цогц төсөл байсан боловч тухайн төсөл хэрэгжээгүй зогссон. Зогссон шалтгааныг бол би хэлж мэдэхгүй.
-Одоо яригдаж эхэлсэн зургаан эгнээ хурдны зам Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад нөлөөлөх үү?
-Ер нь Улаанбаатар хот бол баруунаас зүүн тийш сунаж тогтсон байршилтай учраас баруунаас зүүн, зүүнээс баруун нэвт гарсан чөлөөт урсгалтай, хурдны зам байх ёстой гэсэн мэргэжилтнүүдийн судалгаанууд байдаг. Автозамын түгжрэл гэдэг хэсэг газарт өөрчлөөд асуудал шийдэгддэггүй. Цогцоор нь төлөвлөж өөрчлөх шаардлага гардаг. Энэ яригдаад эхэлсэн Яармагийн хурдны зам яваандаа хотыг баруун, зүүн тийш нэвт гарах хурдны зам болох боломжтой цогц төлөвлөгөөний нэг хэсэг байвал алсдаа түгжрэлийг бууруулна. Яагаад гэхээр баруун, зүүн тийш нэвт дамжин өнгөрөхөөр явж буй машинууд хотын төвийн автозамаар явахгүй, хурдны замаар явчихна. Тэгэхээр төвөөр явах хөдөлгөөн эрс буурна. Хэрэв зөвхөн Яармагаас 22-ын товчоо хооронд яваад зогсох төсөл бол түгжрэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Санхүү төсөвтөө тааруулан хэсэгчилж хийж байгаа ажлын нэг хэсэг бол зөв гэж харж байна.
-Баруун, зүүн дөрвөн зам болон Дүнжингаравын уулзвар, сонсголонгийн уулзвар гэх мэт ачаалалтай хэсгүүдэд давхар замтай болгох боломж байгаа юу. энэ талаар судалгаа шинжилгээ хийгдсэн байдаг уу?
-Манай инженерүүдийн гаргасан давхар замын судалгаанууд байдаг. Гэхдээ хамгийн гол нь түүнийг хийх төсөв хөрөнгийн асуудлаас болоод гацаад байдаг. Замын ажил гэдэг ямар нэг Ai зургаар зураад зохицуулчихдаг ажил биш. Газрын дээрх барилга байгууламжийн газар чөлөөлөлт болоод газар доогуур яваа инженерчлэлийг тооцоо судалгааг маш нарийн тооцож байж боломжит хувилбарыг боловсруулдаг. Ялангуяа манайд газрын хөрсөнд байх шугам сүлжээний асуудал гэдэг бол маш том асуудал. Мэргэжлийн бус хүмүүс тэр бүхэн ойлгохгүй байх нь бий. Түүнээс нүдэнд харагдаж буй зөвхөн замын ажлыг хийх нь маш амархан. Давхар зам гэдэгт жишээ авъя. Дүнжингаравын уулзварт дээр, доогуур зохицуулаад давхар зам тавилаа гэж бодъё. Гэтэл цаашаа очоод уг уулзвараас гарах болон ирэх бүх замыг өргөсгөх боломжгүй байдаг. Ашиглалтын зардлаас барилга угсралтын зардал илүү гарчихвал эдийн засгийн өгөөжгүй болно. Түүнийг ТЭЗҮ-ээр шийдэж гаргаж ирдэг. Тэгэхээр манай хотын хувьд өнөөдөр хамгийн гол шийдэл голын хөвөөг дагасан хэсгийг хурдны зам болгох сонголтыг мэргэжлийн хүний хувьд дэмжиж байна. Автозамын олон жилийн судалгаа тооцооны ажлыг мэргэжлийн хүмүүс хийсээр ирсэн. Сүүлийн үед сошиал орчин хөгжөөд иргэд буруу зөрүү мэдээлэлд автах нь ихсээд байна уу даа гэж хардаг.
-Манай хотын хувьд автозамын хүрэлцээ түгжрэлийн гол шалтгааны нэг. зургаан эгнээ хурдны зам барих өртгөөр өөр сайн шийдэл гаргах боломж байсан уу. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Улаанбаатар хотод ганцхан уулзварыг өөрчлөх, шинэчлэх ажил хийхэд хэчнээн олон байгууллага зөвшилцөл, судалгаа шинжилгээ болдог. Нэгэнт хийгдсэн зарим бүтээн байгуулалт, инженерчлэлийг өөрчлөх боломжгүй байх нь бий. Тэгэхээр зургаан эгнээтэй хурдны замыг эхний ээлжинд Яармагаас цаашихыг хийж хэрэгжүүлээд, дараа дараагийн цогц шийдлийн эхлэл гэж харж байгаа. Тиймээс миний хувьд Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах шийдэл гэвэл баруунаас зүүнийг чиглэсэн хурдны зам гэдэгт санал нийлнэ. Төсөв өртгийн хувьд ч, барилга инженерчлэлийн хувьд ч манайд шулуун замаар шийдэх хамгийн боломжтой гэсэн судалгаанууд бий. Гэтэл хүмүүсийн дунд нэг буруу ойлголт тараад байгаа нь хурдны зам хотын төвийнхөнд хамаагүй гэж бодоод байна. Нэвт явах зорилголтой хөдөлгөөний ачаалал хотын төвийг дайрах хэрэггүй болсноор түгжрэл тодорхой хэмжээгээр буурах ёстой.
Өдрийн сонин



