НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээн 11-р сарын 5-наас 10-ны хооронд АНУ-ын Нью Йорк хотод боллоо.
НҮБ-ын дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа Д.Гантулга ерөнхий мэтгэлцээнд үг хэлж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны талаарх Монгол Улсын байр суурийг тодорхойллоо.
Д.Гантулга НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн үйл явцыг дэмжих, тогтвортой энх тайван байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэв.
Тэрээр мөн зэвсэгт мөргөлдөөний мөн чанар улам бүр төвөгтэй болж, аюулгүй байдал, улс төр, санхүүгийн бэрхшээлүүд улам бүр нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үр нөлөө, уян хатан байдал, хариуцлага, үйл ажиллагааны бэлэн байдлыг сайжруулах нь чухал гэдгийг онцоллоо.
Хурандаа Д.Гантулга хэлсэн үгэндээ 2002 оноос хойш Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын даалгаварт оролцохоор 23,000 гаруй цэргийн албан хаагч илгээсэн болохыг тэмдэглэв.
Мөн түүнчлэн Монгол Улс "Хааныг эрэн хайх нь" (Хааны Эрэлд) олон улсын энхийг сахиулах цэргийн сургуулилтаар дамжуулан энхийг сахиулагчдын хамтын ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 2027 он гэхэд 15 хувьд хүргэх зорилгоо хугацаанаас нь өмнө биелүүлсэн гэдгийг онцоллоо.



