Ийм яриа улс төрийн намынхны дунд тэртээ дээрээс яригдаад ирсэн байдаг нь нууц биш. Аль Ардын нам Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй бас дээрээс нь төр барьж байх үеэс л яригдсан яриа. Бас Ардчилсан нам Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй байх үед УИХ-д олуулаа байх үеэс бүүр хүчээ аван яригддаг байлаа.
Бүх ард түмнээс мандат авч сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг бол бараг эрх барьж байгаа намтайгаа эн чацуу эрх мэдэлтэй бие хүн болдог. Засгийн газрын ажил, Ерөнхийлөгчийн амласан ажил хоёрыг гүйцэлдүүлэх нь лав л манайд хоёр засгийн газартай мэт болгон жаал жуул цугласан татварын мөнгийг үрэн таран хийдэг билээ. Ерөнхийлөгчид ажил хиймээр байдаг нам нь өөр ажил хиймээр болдог яг энэ үеэс л нам, Ерөнхийлөгч хоёр бие биеэ үл ойлголцож хагаралцдаг.
Нам, ерөнхийлөгч хоёр хагаралдсаны дараа гардаг ярианы томьёолол хоорондоо их адилхан. “Намаа ялагдуулаад буцаж намдаа аврагч болж ирнэ. Намын дарга болоод намаа дараагийн сонгуульд ялуулаад Ерөнхий сайдаар дөрвөн жил сууна. Дахин дахин ялуулахад Ерөнхий сайд байгаад л байна” гэсэн шүү яриа тэдний дунд өрнөдөг. Нийгэмд ойлгомжтой байлгахын тулд их бүдүүн тоймоор бичиж байгаа нь энэ шүү.
Дотоодод төдийгүй гадаадад бүүр европын орнууд ч иймэрхүү юм ярьдаг нь энэ намрын сонгуулиар харагдсан. Сербийн ерөнхийлөгч яг иймэрхүү байдлаар үйлдсэн.Тэрээр өөрийн удирддаг Сербийн Прогрессив Намыг (SNS) тэргүүлж, Ерөнхий сайдын суудалд эргэн ирэх зорилгоор хугацаанаасаа өмнө огцорч байгаад сонгууль хийсэн. Гэвч ялагдаж 14 жил төр засагт суусан ноёрхол нь тасарсан.
Үүн лугаа МАН одоо төрийн эрх барьж байгаа, дээрээс нь хүч сүр нь өчүүхэн ч сулраагүй ерөнхийлөгчтэй байна. Гэвч нам нь 2025 оноос хойш байнга хагарал тэмцэл дунд өглөө орой, өдөр шөнөгүй тэмцэлдэж байна. УИХ дахь МАН-ын гишүүд л лав хагарсан. Хотын нам нь ч бас хагаралдсан нь удахгүй тодорхой болно. Нам нь бүхэлдээ хоёр толгойтой болж байгаа бололтой.
Яг энэ цаг үе дээр Ардчилсан нам дотроо бодолтой дороо суурьтай байх юм бол засаг төрийн эрх барих боломж бүрдэж байгаа юм биш үү гэж улс төр ажиглагчид ярьдаг боллоо. Юун генсекээ огцруулах, намын онц их хурал вэ. Бий болгож өсгөж өндийлгөж чадсан наад намын бүтцээ хайрлаж хямгадах нь л чухал байна. Энэ намаа улам бэхжүүлж, улам хүчирхэгжүүлэх нь л чухал биз дээ.
Дээрээс нь сонгуулийн ирц маш чухал гэдэг нь дэлхийн улс төрөөс илхэн харагдаж байна. Далаас дээш хувиар сонгуульд санал өгөхөд л хүссэн үр дүндээ хүрээд байх шиг харагдах юм.
Д.Нацаг /Өдрийн сонин/



