Иордан улсын Амман хотноо болж буй Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, «Бөх билэгт» дэвжээний бөх, Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ!
Тэрээр өнөөдөр нийт дөрвөн барилдаан хийж, өрсөлдөгчдөө буулган авсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаандаа чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн ОХУ-ын тамирчинг 12:1-ээр илт давуу ялсан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаандаа Ираны хүчтэй өрсөлдөгчийг 3:2-оор ялж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ!
Үндэсний бөхийн дэвжээнд уран мэх, хүч бяраараа гайхуулж яваа арслан маань чөлөөт бөхийн дэвжээнд ч ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулан дэлхийн аварга болов.
Зарим хүн залуу насандаа хүрсэн амжилтаараа сэтгэл ханаж, тэр өндөрлөгтөө үлддэг бол зарим нь амжилтаараа хязгаарлагдахгүй, өөрийгөө дахин шинээр нээж, ур чадвараа өөр дэвжээнд ч батлан харуулдгийн тод жишээ улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга юм.
Монгол бөхийн хийморь дэлхийн дэвжээнд мандан бадраг!




