МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.
-2024 оны сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явсан. Үүний үр дүнгээс харахад сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага бий юу?
-Миний байр суурь бол ирэх сонгуульд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй. Дор хаяж хоёр удаа нэг хэлбэрээр явж байж сонгуулийн ач холбогдол, мөн хариуцлага тооцох механизмыг илүү сайн харна. Ардчилсан нийгэмд улс төрийн сонгох, сонгогдох эрхийг хамгийн бодитоор илэрхийлдэг зүйл бол сонгуулийн процесс байдаг. Энэ утгаараа улс төрийн оролцоог бодитой илэрхийлдэг учраас ач холбогдлыг өндөр түвшинд тавих ёстой. Сонгуулийн тогтолцоо яагаад чухал гэвэл тухайн улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн намын хөгжил, улстөрч ямар хэв маягтай байх гэдэг зүйлд хамгийн том нөлөөлөгч, гол хөшүүрэг нь болдог. Цаад шалтгаан нь сонгуулийн боловсролоос хамааран улс төрийг хэрхэн ойлгож, хүлээж авах нь төлөвшиж байдаг. Бидний хувьд сонгууль ойр бөгөөд алслагдмал болчихсон.
Сонгууль бүх нийтийн үйл хэрэг атал нэг талдаа сонгуулиар улс төрийн бизнес хийдэг хэсэг байхад нөгөө талд энтертайнмент хэлбэрийг хүлээж байдаг хэсэг нийгэмд бий болсон. Тиймээс сонгуулийн тогтолцооны үр дүн нь улс төрийн тогтолцоо, нийгэмд хэрхэн нөлөөлөх талыг бодолцон сонгуулийн хуулийг батлах ёстой. Манайд сонгуулийн тойрогтой холбоотой шийдвэрийг парламентаас тогтоолоор гаргачихдаг. Тиймээс тойргийн өөрчлөлтийг сонгууль дөхөж байгаад л мэддэг заншилтай улс. Улс төрийн шинжлэх ухааны талаас ч, практик талаас ч дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дагавартай биш. Тухайлбал, 2024 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бүсчилсэн тойргоор, жагсаалтыг хөдөлгөхгүй хаалттай хэвээр явуулсан. 2028 онд чадвал аль болох энэ хэлбэрээр зохион байгуулах аваас сонгогч бид бодолтой хандана. Мөн сонгууль бүрийн дараа ямар үр дүн гарсан гэдэгт шинжлэх ухаанчаар хандаж баймаар санагддаг. Ингэж байж сонгуулийн хуулийн сөрөг болон эерэг үр дагаврыг тооцон өөрчлөх эсэхээ шийднэ.
-Таны хувьд энэ талаар ямар анализ хийсэн бэ?
-Чадвал сонгуулийн энэ тогтолцоо ирэх сонгуульд битгий өөрчлөгдөөсэй. Гэвч сонгуулийн тойргийг бүсчлэхэд үүссэн асуудлыг эргэн харахаас өөр аргагүй. Мажоритар тогтолцоонд гардаг сөрөг эффектүүд хүчтэй гарсан. Юун түрүүнд сонгуулийн зардал өндөр. Сүлжээ сайтай, танигдалт өндөртэй, намын фактор өндөр байж л сонгогдох боломжийг илүү бататгасан.
Тухайлбал, хойд бүсийн тойрог аймгуудын хэмжээ том, зайны хувьд хойноос урагш чиглэсэн. Энэ нь сонгуулийн бүх тойргоороо 18 хоногт хэрхэн амжиж "пи-ар"-аа хийх вэ гэдэг асуудал үүсгэнэ. Энэ нөхцөл нь “нөөцтэй” нэр дэвшигчдэд боломжийг олгох юм. Улмаар мажоритар тогтолцооны сөрөг тал нь "таньдаг чөтгөр танихгүй бурхнаас дээр" гэдэг үгийг бодит болгодог. Тийм учраас шинэ нэр дэвшигчид сонгогдох магадлал сул. Мөн нэг зүйлийг дурдахад гадны судалгаанд манай улсад сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн сонгодоггүй. Үндэсний аудит, СЕХ нь хуулийн дагуу гэж үзэж санал болгосныг ард түмэн сонгодог гэсэн байсан нь бодмоор зүйл. 2028 онд аймгийн мандатын тоо өөрчлөгдөхгүй байх гэж бодож байна. Харин сонгуулийн тойргийг бүсчлэх үү, эс бүсчлэх үү гэдгийг парламент шийдэх байх.
-Сонгуулийн холимог тогтолцоог өөрчлөх шаардлага бий юу?
-Холимог тогтолцоог өөрчлөх боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиар 78 нь тойргоос олонхийн саналаар, 48 нь жагсаалтаар гэж заасан. Гол нь жагсаалтын 48 нэр дэвшигчийг нээлттэй жагсаалт уу, хаалттай жагсаалтаар сонгох уу гэдэгт саналууд гарч магадгүй. Мөн 78 нэр дэвшигчийг сонгохдоо тойргийг жижигсгэх эсэх дээр мэтгэлцээн өрнөх болов уу. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ээлжит сонгуулийг зохион байгуулахаас өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн хуулийг өөрчлөхийг хориглосон. Тэгэхээр 2028 оны сонгуулийг ярих аваас хуулиараа энэ намар, ирэх хаврын хоёр чуулган үлдсэн байна.
-Бүсчилсэн тойргийн давуу тал болон хамгийн том сул тал нь юу байв?
-Бүсчилсэн том тойргийн давуу тал нь дов жалганы үзлийг сулруулж, ялсан нэр дэвшигч илүү олон сонгогчийн саналаар сонгогддогт оршино. Хамгийн том сул тал нь түрүүн хэлсэнчлэн зардал өндөр, нөөцтэй, танигдсан хүнд давуу байдал олгодог явдал. Улс төрчид, нэр дэвшигчдийн хувьд нэг сонгууль дуусаад, маргааш нь дараагийн сонгуульдаа бэлдэх нь манай салбар шинжлэх ухаанаар хамгийн эрүүл үзэгдэл. Бид сонгуулийн тойрог томрох, жижигсэх нь ямар нөлөөтэй гэдгийг бодох хэрэгтэй. Манай улсын сонгуулийн насны хүн амын 50 хувь орчим нь нийслэлд, 50 хувь нь орон нутагт байна. Гэтэл тойргийн 78 мандатын 54 нь орон нутагт, 24 нь нийслэлд ногдсон. Тэгэхээр орон нутагт өгч байгаа нэг санал хотын хоёр хүний саналтай тэнцүү жинтэй байна зэрэг олон асуудлыг сонгууль дөхөхөөр хэлэлцдэг.
Тухайлбал, саналын хуудасны жингийн хувьд тэнцүү байхын тулд тойрог бүрийн сонгогчийн тоо тэнцүү байх ёстой юу, эсвэл газарзүйн байршлыг чухалд үзэх ёстой юу гэх мэт зүйлийг авч үзэх ёстой. Судлаачдын үзэж байгаагаар сонгуулийн тойрог хэт их жижгэрвэл дов жалганы үзэл давамгайлна. Яг тэндээ танигдсан хүмүүст боломж олддог учраас шинэ хүмүүст сөрөг талтай. Хоёрдугаарт, саналаа маш ихээр хуваачихдаг. Магадгүй жижигрүүлсэн тойрогт арав гаруй нэр дэвшигч байвал ялсан хүн нь 3-4 мянган хүний санал авах нь үндэсний хэмжээний төлөөлөл үү гэдэг асуудал үүснэ. Тиймээс нэр дэвшиж байгаа хүмүүст боломж олгодог, гарааны тэгш зарчим үйлчилдэг сонгуулийн хууль байх ёстой. Энэ бол зөвхөн парламентын шийдэх асуудал биш. Судлаачид, улс төрийн намууд, СЕХ, мөн энэ талаар санаа зовнидог бүх хүмүүсийн санал орж байж тэнцвэртэй шийдлийг олно.
Том ч, жижиг ч тойрогт танигдсан хүн давуу байдаг шалтгаан нь тойргийн хэмжээ биш, хамгийн олон санал авсан нь ялдаг мажоритар дүрэм юм. Энэ дүрэм танигдсан байх, санхүүгийн нөөцтэй байхыг шаарддаг. Мэдээжийн хэрэг шинээр улс төрд орж ирж байгаа хүмүүст боломж олгоё гэвэл зуун хувь пропорциональ тогтолцоотой болох ёстой ч Үндсэн хуульдаа 78/48 гэж заасан. Тиймээс шинэ хүнд боломж олгох эсэх нь цэвэр улс төрийн намуудын өөрсдийнх нь бодлогын асуудал. Ямар хүн нэр дэвшвэл үндэсний хэмжээнд ажиллаж чадах вэ гэдэг нь намууд нэр дэвшигчээ хэрхэн сонгохтой холбоотой.
Бид үндэсний хэмжээний, хууль ёсны ээлжит сонгуулийг эхний сонголт гэж хардаг. Гэтэл улс төрийн нам дээр эхний сонголт хийгдсэн байдаг. Ингээд бид хоёр дахь сонголтыг хийдэг. Энэ бүхний цаана улс төрийн нам явж байдаг. Улс төрийн нам маш сайн бодлоготой, мэргэшсэн байж энэ бүх зүйлд хариулт өгнө.
-Сонгогчдын боловсрол, оролцоо гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Энэ асуудал манайд ямар байна вэ?
-Манай тэнхим Монголд байдаг ганц улс төр судлалын тэнхим. Тэр утгаараа Монголынхоо улс төрийн үйл явцад ажиглалт хийдэг, оролцдог. Манайд улс төрийн боловсрол тийм сайн биш. Үүний эх үндэс нь улс төрийн нийгэмшил гэдэг зүйлийг хийдэггүйд байна. Жишээ нь, бага ангийн хүүхдийн дэргэд зурагтаар гарч байгаа улстөрчдийг "хулгайч" гэж хэлэхэд ингэж нэрлэдэг юм байна гэдэг зүйл суучихна. Нийгэмшил цаашаа яаж явагдах вэ гэвэл хүүхэд анги дээрээ очоод ярина. Хэн нь юу хийдэг нь хамаагүй, улстөрч бүрийг нэг нэрээр хардаг болно. Улс төрийн ямар нийгэмшилтэй байгаагаас шалтгаалаад тэр хүүхэд өсөхдөө улс төрийг харах, ойлгох мэдлэг өөрт нь тогтдог. Ингээд нэгэнт улс төрийн итгэл үнэмшил нь суучихсан учраас улс төрд хандах хандлага нь өөр болоод эхэлдэг.
Ийм хандлагатай өссөн залуус сонгуульд оролцох сонирхолгүй болж, ирцэд шууд нөлөөлдөг. Тэгэхээр бид үнэхээр оролцоотой иргэнийг бүтээж, тодорхой хэмжээнд улс төрийн эрхээ эдлэх боломжийг нь олгоод явъя гэвэл улс төрийн нийгэмшлийг маш сайн анхаарах ёстой. Арван жилийн сургуулийн хүүхдэд ийм зүйл яривал бараг хүүхдийг улс төрд уруу татлаа гэж ярина. Үүнийг нийгэмд зөв таниулахгүй бол залуучууд улс төрийг сонирхохгүй хэвээр л байна. Бид сонгуулиар төрийг хамтдаа эмхлэн байгуулдаг. Тэгэхээр ямар төр байх вэ, хэн удирдах вэ, ямар бодлого хэрэгжих вэ гэдгээ хамтдаа шийдэлцдэг зүйл нь сонгууль учраас сонгуулийн хуулийг анхаарах учиртай. Хүссэн ч, эс хүссэн ч төлөөллийн зарчим үйлчилж байгаа улс төрийн тогтолцоонд сонгуулийг анхаарлын гол цөмдөө тавихгүй бол таны оролцоогүй сонгууль таны амьдралд нөлөөлсөөр байна гэсэн үг.
Өдрийн сонин



