Зургийг iSee.mn-ээс
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү баавгай дайрч, 40 гаруй насны эрэгтэй хүний аминд хүрч, 50 орчим насны эмэгтэйг хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Амь гарсан иргэний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа үүний улмаас иргэд маш их айдастай байна. Болсон хэргийн талаар хөрш айлын эмэгтэй ийн ярьжээ.
55 настай Ш.Одонтуяа:
-“Маш аюултай үзэгдэл болж байна шүү дээ. Нэг хүн идээд, нөгөөг нь хүнд гэмтээчихсэн байна. Хүн идсэн баавгай дараа нь ахиад хүн рүү дайрахыг үгүйсгэхгүй. Тиймээс хурдан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энд амьдарч байгаа иргэдээ яагаад хайхардаггүй юм бэ. Амьд үлдсэн байгаа эмэгтэйн бие маш хүнд байна. Ар дагзных нь арсийг хуулаад, хоёр мөрийг нь хуу татчихсан байна. Үхэх сэхэх нь тодорхойгүй.
Нас барсан залуу хүнд тусархуу, бидэнд үргэлж туслаад явдаг байсан. Мал ахуйтай айл олон байна. Бидний хувьд ах дүүгээс илүү тус дэмтэй явсан хүн. Нэг өглөө сэрээд ирэхэд байхгүй болчихсон. Энэ төр засаг, УИХ-ын гишүүд иргэдийнхээ төлөө юу хийж байгаа юм бэ. Газрын бичиг байхгүй, гэрэл цахилгаан байхгүй, мал ахуйгаа л арчлаад явж байгаа. Гэтэл нэг айлын голомт орвонгоороо байхгүй болчихлоо. Хүний алтан амь гэж ярьдаг. Алтнаас үнэтэй ам, амьдрал шүү дээ” гэв.
Эх сурвалж: iSee.mn



