Зарим юмыг мэдэхгүй өнгөрөх нь дээр гэх. Харин заримыг нь заавал мэдэх хэрэгтэй. Тэр тусам, улс төрийн тайзнаас ард нийтэд яах зорилгоор, ямар үзвэр тавиад байгааг мэдэх нь нэн чухал. Тиймгүйгээс улс төрийн найруулагч нар сошиал ашиглаж сохроор хэн нэгнийг магтан хөөргөдөх, эсхүл нөгөөх нэгнийг нь зүхэн булах бусармаг үйлийг хийлгэсээр.
Сүүлийн үед Монголын улс төр нэн тогтворгүй агаад ямар нэг мухардал гацаанд орсон мэт үзэгдэх. Гэвч өнгөн дээрээ ийм. Ул суурьтаа болохоор дарангуйлал хүссэн хүчирхийллийн улс төр хэрэгжсээр багагүй хугацааг өнгөрөөв. Өөрчилбөл төрийн институци хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, түүнийг эсэргүүцсэн АН-ыг дотроо зөрчилтэй, лидергүй, бодлогогүй, сул сөрөг хүчин болгож харагдуулах пропаганда амжилттай үргэлжлэв.
МАН дотроосоо сөрж боссон цөөнх буюу УИХ-ын 30-ийн фракцыг элдэв байдлаар няц дарж, намнах үйл явц тасралтгүй хэрэгжив. Үүний талаар харин чиг сүүл үест дуугардаг хүн гарах болж. Жишээ нь, судлаач Л.Мөнх-Эрдэнэ саявтрын үйл явцуудын тухай Монголд өрнөж байгаа ажиллагаа бол Дэглэмийн зүгээс өрсөлдөгчдөө намнах кампани гэж дүгнэж. Тэгээд цусгүй болохоос 1930-аад оны их цэвэрлэгээ гэсэн байна. Түүний талаарх онолуудыг өрж Төр олзлогдсон, дарангуйллын дэглэм тогтсон үед Дэглэмийн зүгээс түгээмэл хэрэглэдэг хортой арга.
Нацист дэглэм үүнийг хэрэглэхдээ гаргуун байсан. Тиймийн учраас та нар дэглэмийн демагогууд, троллуудын хэлж, ярьж байгаа зүйлд учиртай хандах хэрэгтэй. Иймэрхүү кампанийн үндсэн зорилго нь үзэл суртлын вакум бий болгож, нийгэм бүхэлдээ тэгж байгаа мэт орчныг үүсгэж, таныг дотроо бодолтой, дороо шийртэй байхыг чинь алдагдуулах буюу таны хүний ёсоор, бие даан, эрүүлээр эрэгцүүлэн бодох чадварыг алдагдуулж сүргийн хэсэг болгоход оршино гэж.
Ерөнхийлөхөд Монголд, тэр дундаа АН руу, МАН-ын 30-ийн фракц руу хандсан улс төр, хууль хяналтын дайралт давшилт нь Дэглэмийн зүгээс зохион байгуулалттайгаар нэр хүндийг гутаан доромжлох ажиллагаа гэж онож тайлж.
Уулаасаа дэглэмийн зохион байгуулдаг иймэрхүү ажиллагааг явуулах үед тухайн улс өөрийн хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ботиудыг ашиглан хувь хүн, байгууллага, эсхүл харь улсын нэр хүнд, итгэл үнэмшлийг системтэйгээр нураадаг гэж.
Энэ бүгд юунаас болов?
Шулуухандаа геополитикийн онцгой содон бүс дэх Монголд эдүгээ цагийн хамгаас чухал засаглал бол ардчилсан парламент. Чухамхүү үүнийг нэг талаас өөрчилж, нөгөөх талаас хамгаалах улс төр тайзны ард болж буй.
Яагаад ардчилсан парламентын засаглал гэж?
Ардчилсан парламентын засаглал бол ард түмний сонгож, эрх мэдлийг ард түмний төлөөлөгчдөд олгодог, гүйцэтгэх засаглалаа хянадаг төрийн байгууламжийн хэлбэр. Ард нийт сонгуулиар дамжуулан өөрсдийн төлөөлөгчдийг сонгож, хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлдэг. Парламентад олонх болсон нам эвслээс засгийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа парламент болон ард түмний өмнө хариуцлага хүлээдэг. Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл болон салбарлаж, харилцан хяналт тавих тогтолцоотой.
Үүний дүнд Парламентын ардчилал нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрхийг хангах гол баталгаа болдог.
АН бол ардчиллын, тэрэн дундаа ардчилсан парламентыг тууштай дэмжих үндсэн бодлоготой. Өнгөрөгч 7 хоногт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж томоохон бодлогын шийдвэрүүдийг гаргаж. АН эдүгээ цаг үеэс эхлэн Монголын улс төрийн сөрөг хүчин гэдгээ тасралтгүй бөгөөд зоригтойгоор харуулж ажиллахаар шулуудаж. Үүний тулд АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа УИХ дахь бүлгийн даргын ажлыг өгөхөөр болж. Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гол анхаарлаа хандуулахаар шийдэж.
Бүлгийн шинэ дарга болвол нэг цэгт хэт төвлөрсөн эрх мэдэлтэй үзэлцэж хүнд бөгөөд эрсдэлтэй ажлыг үүрнэ. Харин АН-ын УИХ дахь бүлгийн дарга болох хамгийн дэмжлэгтэй гишүүн Х.Тэмүүжин болсон шиг байна. Тэрбээр барагтай асуудалд цочоо авахаа больсон, сандалтайгаа үлдэхийн тулд үхэн хатан зууралдаж буй, гол юм нь маш их эрх мэдэлд умбасан засагтай үзэхээр болно гэсэн үг. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт намын Үндсэн дүрмээр олгогдсон ажлуудаа хариуцаж 2027, 2028 оны сонгуульд намаа бэлдэнэ. Эдүгээ нэр хүнд нь шалаар тарсан УИХ-ын үйл ажиллагааг хууль, шударга ёсыг дээдлүүлж ажиллуулах хяналтын бөгөөд заслын үүргийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахлан хэрэгжүүлэхээр болж.
Товчлон дүгнэвэл АН цаашаагаа илүү математик ухаанаар, хууль дээдлэн сахиулах аргаар нэгэнтээ хазаараа гээж, жолоо цулбуур хумьсан эдүгээгийн төрийн хуульт ёсны загвар болохуйц төрийн хэлбэрийг сахиж ажиллахаар болж. Мөнхүү хамгаас гол юм нь дэглэмийн зүгээс ярих болсон. УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулахын эсрэг байр суурь барихаар болж. Харин чихгүй дөжирсөн засагт буй 4-5 сайдыг чөлөөлүүлж, салбарыг нь аврах, улс төрийн талаас Үндэсний эвслээс засагт орсон Шадар сайдыг чөлөөлүүлэх гэх мэтийн үйл явц АН-ын санаачилгаар өрнөх нь. АН 27 он гартал засгийг бүхэлд нь онхолдуулан огцруулах санаачилга гаргахгүй.
МАН-ын 30-ийн фракц намдаа босогч нэртэй, төрд ч тэрслүү үзэгдэж, ард нийтэд сошиалаар ад болж яваа энэ хэд нарийндаа ардчилсан парламентын засаглалын хувь заяаг тогтоон барихад АН-д дэмжлэг болж буй. Хэрэв МАН 68-аараа багцлаад дэглэмийн шийдийг дагалаа гэхэд өнөөдөр бодоход маргааш шийдэгдэх боломж буй. Гэвчиг намдаа байтугай нийгэмд, ард нийтийн заримд нь дэглэмийн тусламжтайгаар ад болж яваа МАН-ын 30-ийн залуус үндсэн хэрэгтээ түүх бүтээж яваа. Түүнийхээ төлөө бараг 100 хувь хулгайч, гэмт хэрэгтэн, эх орноосоо урвагч, тэр байтугай алуурчин хүртэл болж цоллуулаад дуусаж байх шиг. Нийгэмд адлагдах хэцүү. Тэр тусам төрийн машин, дэглэмийн цохилтод байнга амь зууна гэдэг улстөрч хүний хүсээд байх тавилан биш. Гэвч төдийгөө өдий хүртэл сөрөг зогсож ирсэн тэд нар цаашаагаа дуустал явахаа өнгөрөгч зун Хэнтий, Булган аймгуудад болсон уулзалтаараа тохирцгоосон гэх.
Ингэхээр АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал болж буй…
Ө.Батбилэг /Өдрийн сонин/



