/Reuters/ Их Британи, Герман улсууд хорлон сүйтгэх ажиллагаа, кибер халдлагатай тэмцэх зорилгоор хамтарсан түншлэл байгуулахаар тохиролцжээ. Берлин хотод болсон Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнхэм, Германы Фридрих Мерц нарын уулзалтын дараа талууд ОХУ-аас ирж болзошгүй гибрид аюул заналхийллийн талаар сэрэмжлүүлсэн байна.
Шинэ түншлэлийн хүрээнд чухал дэд бүтцэд чиглэсэн хорлон сүйтгэх ажиллагаа, кибер халдлагын аюулыг хянах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг уялдуулан зохицуулж, мэдээлэл солилцоно гэж Их Британийн Ерөнхий сайдын ажлын алба мэдэгджээ.
Их Британийн эрх баригчдын мэдэгдсэнээр, тус улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг улсууд, ялангуяа ОХУ нь Европ болон бусад бүс нутагт гибрид аюул учруулж байна. Өнгөрсөн сараас эхлэн Их Британийн сайд нар батлан хамгаалах салбарын компаниуд болон үндэсний чухал дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчдэд ОХУ-аас үүдэлтэй аюулын талаар мэдээлж байгаа юм.
Германы гадаад тагнуулын байгууллагын дарга даваа гаригт “ОХУ-тай хийж буй сөргөлдөөн шинэ, илүү аюултай түвшинд хүрлээ” гэж анхааруулсан байна.
Өнгөрсөн сард Германы эрх баригчид наймдугаар сард Лейпциг/Халле нисэх онгоцны буудалд нисгэгчгүй онгоцоор халдах оролдлогын хариуцлагыг Оросын тал хүлээнэ гэж дүгнэснээ мэдэгджээ.



