Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн рүү халдсан баавгайг өчигдөр оройн 22:30 цагийн орчимд тухайн бүсээс 300 метрийн зайд байхад нь агнасан талаар холбогдох албанаас мэдээлсэн. Тэгвэл уг баавгайн дээжийг шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр өнөөдөр мэдээллээ.
Ш.Батбаяр:
-"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2026 оны аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө баавгай хүн рүү халдаж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа.
Хэрэг явдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар болон ангийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллан, тухайн баавгайг аюулгүй болгосон. Уг баавгай нь нас бие гүйцсэн эр баавгай байсан бөгөөд хүний аминд халдсан тэр баавгай мөн эсэхийг эцэслэн тогтоохоор холбогдох дээжийг шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн.
Шинжилгээний хариу өнөөдөртөө багтан гарах бөгөөд одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн байгаль орчны газраас тухайн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хараа хяналт тогтоон ажиллаж байна" гэв.



