Монголын үндэсний бөхийн холбоо, “Бридж Моторс” компанийн хамтын ажиллагааны хүрээнд наадмын долоогийн даваанд тунаж давсан улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зургаа дахь жилдээ “Заан жимни” бай шагнал олгож эхэлсэн бөгөөд зургаа дахь Жимнигийн эзнээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын шинэхэн заан Д.Алтанцоож тодорлоо. Түүний хувьд Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 наадамд тунаж долоо авсан Д.Алтанцоожид “Бридж моторс”-оос өчигдөр бай шагналыг олгосон байна.
Хамгийн анхны “Сүзүки Жимни”-гийн эзнээр Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарди М.Бадарч тодорч байв. Түүнээс хойш Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын гарди М.Лхагвагэрэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, даян аврага Б.Орхонбаяр, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Э.Батмагнай нар энэхүү автомашины эзэн болсон юм.




