УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Х.Тэмүүжин:
-Монгол Улсын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь Засгийн газрын үүрэг. УИХ үүнд хяналт тавьж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хуульд нийцүүлэх чиг үүрэгтэй. УИХ ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Угтаа УИХ ажлаа хийж байгаа нь энэ юм. Олон ургалч үзэлтэй, олон намын төлөөлөлтэй парламентын гишүүдийн байр суурь өөр өөр байна. Харин МАН УИХ-ыг намынхаа хурал шиг бодоод байх шиг байна. Өргөн барьсан төсвийн тодотгол зарим талаараа хууль зөрчсөн, хулгай, наймаагаа халхавчилсан, түүнийгээ баллуурдах гэж оролдсон мэт үр дүн гарч ирээд байгаа учраас эргэлзэж, нягталж байна.
Тиймээс УИХ ажлаа хийхгүй байна гэдэг нь шүүмжлэл биш. Харин гишүүд дор бүрнээ бодож, юу нь зөв, юу нь буруу болохыг нягталж байгаа хэрэг. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд асуудал байна. 2026 оны төсвийн гүйцэтгэл гарч ирэхээр энэ асуудал ил болох байх. Түүнээс өмнө алдаагаа төсвийн тодотголоор засчихъя гэсэн байдлаар Засгийн газар улайрч байна. УИХ-аас батлаагүй чиглэлээр, батлагдаагүй агуулгаар төсвийг захиран зарцуулсан асуудал байна. Их хэмжээний хуулиас гадуур захиран зарцуулсан энэ асуудлаа төсвийн тодотголоор албажуулж, хаах гэж оролдож байгаа асуудал бий.
Бид жижиг хэрүүлд анхаарлаа хандуулаад байгаа болохоос биш, энэ асуудал бол хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар парламентаар дамжихгүйгээр өөрөө эдэлж байна гэсэн үг.



