Монголын сэтгүүлчид Сычуаний их сургуулийн Хуаши амны хөндийн эмнэлэгтэй танилцсан нь
Монголын 41 сэтгүүлчээс бүрдсэн баг ӨМӨЗО-ы Хөх хотод болсон Монгол, Хятадын 17 дахь удаагийн хэвлэл мэдээллийн форумд амжилттай оролцоод, цааш Сычуань мужийг зорилоо.
Шөнө дунд онгоцноос дөнгөж буутал шиврээ бороо хаялж, төсөөлж байснаас сэрүүхэн агаар угтав. Үүнийг “Хувьтай хүн хур борооноор” хэмээх монгол зүйр үгтэй дүйцэх, үгчлэн орчуулбал “Буянтай хүн бороо дагуулна” гэх хэлцтэй холбон хятад нөхөд бэлгэшээж байлаа. Учир нь Сычуань нь Хятадын харьцангуй дулаан бүс нутгийн нэг тул бидний төсөөлж байснаас хавьгүй сэрүүхэн байсан нь ийнхүү бэлгэшээх шалтгаан болсон бололтой.
Бид энэ удаад робот инновацын төв, стоматологийн төв, Европ, Азийн 170 гаруй хоттой төмөр замаар ачаа тээвэрлэдэг боомт, 10 мянга гаруй тонн архи хадгалах хүчин чадалтай агуулах, эртний олдворын музей, мэдээж пандагийн цэцэрлэгт хүрээлэнгээр зочлон танилцсан. Гэхдээ энэ удаа уншигчдад илүү хэрэгтэй болов уу гэсэн үүднээс Хятадад төдийгүй дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Сычуаний их сургуулийн харьяа Хуаши амны хөндийн эмнэлгийн талаар илүү дэлгэрэнгүй хүргэе.
Шүдний эмчилгээний түүхийг өгүүлэх музей
Хятадын аль ч байгууллагаар ороход сүрлэг томоохон байгууламж угтдагтай адил тус эмнэлгийн хашаанд ч хэд хэдэн өндөр барилга сүндэрлэнэ. Панда бамбаруушны хөшөө бүхий барилгаар орвол музей байлаа.
“Шүдний эмнэлгийн хашаанд яагаад музей байдаг юм бол?” хэмээн гайхан орвол хүн төрөлхтөн болон Хятад дахь шүдний эмчилгээний хөгжлийн түүхийг өгүүлсэн баримт, олдворуудыг тайлбарын хамт дэлгэн үзүүлжээ.
Алтан шүдний чигчлүүр

Тухайлбал, манай эриний II зууны үед Хан улсын нэрт эмч Жан Чунжин хүнцлийн бэлдмэл ашиглан шүдний өвчнийг эмчилж байсан тухай тэмдэглэсэн нь Европт ийм арга нэвтэрснээс 1700 орчим жилийн өмнө байжээ.
Мөн Тан улсын үед мөнгө, зэс, цайр, мөнгөн уснаас бүрдсэн хайлшаар шүдийг ломборддог байсан, мөн энэ үед шүдний сойз хэрэглэж байсан тухай баримтууд дэлгэжээ.
Түүнчлэн 992 онд шүдийг дахин суулгах технологи хэрэглэж байсан нь дэлхийн хамгийн анхны шүдний имплантын аргуудын нэг байсан гэх мэдээлэл бий. Мөн хайлаасны холтос, цагаан гаа, шанцай зэрэг эмийн ургамлаар шүдний цоорхойг бөглөдөг байсан тухай тэмдэглэл байв.
Тан улсын Тайзун хааны үед анх удаа чих, нүд, шүдний өвчнийг эмчлэх тусгай салбар бий болгож, дөрвөн жилийн сургалтаар анхны шүдний эмч нарыг бэлтгэн гаргасан нь шүдний эмчилгээний мэргэжлийн салбарын эхлэл болсон гэж үздэг аж.

1907 онд Канадын эмч Линдсэй Чэнду хотод ирж, барууны хэв маягийн анхны шүдний амбулаторийг нээснээр өнөөгийн Сычуаний их сургуулийн Хуаши амны хөндийн эмнэлгийн суурь тавигдсан байна.
Шүдний эмчийн “уран зураг”
Ингээд биднийг зургийн өрөөнд дагуулан оров. Шүд нь хүний гадаад төрх, гоо сайхантай салшгүй холбоотой учраас эрүү нүүрний эмч нарт зургийн хичээл зааж, тэдний гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдэг аж. Сонирхолтой л санагдав.



Дараа нь бид дадлага, туршилтын өрөөнд орвол олон оюутан дадлага хийж байлаа. Бидэнд ч мөн шүдэнд ломбо хийх, амны хөндийд оёдол тавих зэрэг ажлыг виртуал орчинд туршиж үзэх боломж олгов.

Миний муу, болхи хоёр гар шүдний жижигхэн цоорхойг эмчлэх гэж оролдохдоо өрмөөр хэт их ухаж, бараг бүтэн шүдийг юу ч үгүй болгов. Амны хөндийд оёдол тавихдаа ч зүүг энд тэнд хатгаж, багагүй сандарлаа. Гэвч энэ мэт богинохон хугацаанд хийсэн дадлагаар шүдний эмчийн ажилд хэчнээн их анхаарал, төвлөрөл, гарын ур дүй шаарддагийг биеэр мэдэрч, нэлээд ядарсан юм. Шүдний эмчийн ажил яагаад амаргүй мэргэжилд тооцогддогийг бага ч болов ойлгосон нь энэ.
Хэдхэн секундэд 179 анатомийн цэгийг тодорхойлно
Хамгийн сүүлд нэгэн залуу эмчтэй уулзаж, сүүлийн үед нэвтрүүлж буй эмчилгээний шинэ арга, технологийн талаар сонирхлоо.
Тэрбээр тайлбарлахдаа, урьд нь эмч нэг цефалометрийн зураглалд шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо нэг товшилтоор хэдхэн секундын дотор 179 болон 144 анатомийн тэмдэглэгээний цэгийг автоматаар тодорхойлон шинжлэх боломжтой болсон байна. Эдгээр үзүүлэлтийг үндэслэн өвчтөнд оношилгоо хийж, тохирох эмчилгээний аргыг боловсруулдаг аж.

Үүнээс гадна амны хөндийн шүд цоорлыг автоматаар илрүүлэхээс гадна шүдний тулгуур эдийн байдал болон бусад шүдний эмгэгийг шинжлэх боломжтой. Энэ нь олон төрлийн шинжилгээг нэгтгэсэн ухаалаг систем бөгөөд цефалометрийн шинжилгээ, гажиг заслын шинжилгээ, панорам зураглалын шинжилгээ зэрэг олон функцтэй.
Мөн амны хөндийг скан хийж, шүдний бөөгнөрөл, шүдний өргөн, шүдний эгнээний байрлал зэрэг үзүүлэлтийг шинжлэх боломжтой аж.

Түүнчлэн 3D компьютер томографийн шинжилгээ хийж, шүд болон ясны харилцан хамаарал, эрүүний ясны өргөн, дээд болон доод эрүүний өргөний харьцаа, эрүүний үений байдлыг шинжлэх боломжтой. Үүгээр эмчилгээний дараа өвчтөний нүүрний хэлбэр хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан загварчлан харуулах боломжтой. Тухайлбал, эмчилгээний өмнөх болон дараах байдлыг урьдчилан таамаглан харуулна.
“Энэ бол бидний боловсруулсан эмчилгээний ерөнхий тактик бөгөөд 2021 оноос хөгжүүлж эхэлсэн. Одоогоор манай эмнэлгээс гадна Шанхайн Жяотун их сургууль, Бээжингийн их сургууль зэрэг томоохон эмнэлэг, их сургуулиудад нэвтрүүлэн ашиглаж байна.
Одоогоор бидний хийж буй ихэнх шинжилгээ хоёр хэмжээст буюу 2D хэлбэрээр хийгдэж байгаа. Цаашид гурван хэмжээст буюу 3D орчинд шүдний байрлалын төлөвлөлт хийхээр ажиллаж байна.
Бид автоматжуулсан шинжилгээ хийх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, шүдний байрлалыг автоматаар төлөвлөх зэрэг функцыг хөгжүүлж, эмчилгээний бүхий л үйл явцыг аль болох автоматжуулахыг зорьж байна.Ингэснээр гажиг заслын эмч нарыг сургаж, дадлагажуулах үйл явц илүү хялбар болно. Эмч зөвхөн өвчтөний мэдээлэл, өгөгдлийг системд оруулахад үлдсэн шинжилгээ, төлөвлөлтийг систем автоматаар гүйцэтгэх боломжтой болно.

Үүний зэрэгцээ бид эдгээр технологитой уялдах, эмчилгээний явцад бодитоор ашиглах шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг мөн өөрсдөө хөгжүүлсэн. Өвчтөн эдгээр бүтээгдэхүүнийг амандаа зүүж, эмчилгээний явцад ашиглах бөгөөд ингэснээр бидний боловсруулсан ухаалаг систем болон эмчилгээний бүтээгдэхүүнүүд хоорондоо уялдан ажиллах боломжтой” хэмээн тэрбээр тайлбарлалаа.
Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн нь
Хожим нь тус амны хөндийн эмнэлэг саяхан тус улсын дээд боловсролын үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “ShanghaiRanking”-аас нийтэлсэн 2026 оны “Дэлхийн тэргүүлэх сургалт, мэргэжлийн чансаа”-нд шүдний эмчилгээ, стоматологийн чиглэлээр дэлхийд дөрөвдүгээрт, Хятадад нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг олж мэдсэн нь олзуурхууштай санагдав.
montsame.mn



