Гүржийн Тбилиси хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
44 орны 290 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нараар удирдуулсан эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин оролцож, улмаар эрэгтэйчүүдийн багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд J1 ангиллын 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва, J1 ангиллын +95 кг-д Д.Ганбат, П.Эрдэнэбилэг нар багтжээ.
Манай баг хэсэгтээ Япон, Туркийн шигшээтэй таарав. Эхлээд Японтой 3:3-аар тэнцсэн бөгөөд нэмэлт барилдаанд сугалаагаар J1 ангиллын 81 кг-ын жин сонгогдож, манай улсаас Г.Чулуунсүх дэвжээнд гарч ялсан байна. Улмаар Туркийн шигшээтэй мөн л 3:3-ээр тэнцэхэд, нэмэлтээр мөн л Г.Чулуунсүхийн жинг сугалжээ. Тэрбээр өрсөлдөгчөө вазаригаар ялснаар Монголын баг хагас шигшээд шалгарсан байна. Тэгвэл зооны аваргын төлөөх барилдаанд Гүржид 0:4-ээр ялагдав.
Ингээд хүрлийн төлөө Молдавын багтай 3:3-аар тэнцэж, нэмэлт сугалаагаар дахин нэг удаа J1 ангиллын 81 кг-ын жинг сугалсан бөгөөд Г.Чулуунсүх багтаа медаль зүүх ялалт авчирсан байна. Ингэснээр манай пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэв. Багийн барилдаан 10 орны баг тамирчид оролцжээ.
Харин ганцаарчилсан барилдаанд J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Сувд-Эрдэнэ, +70 кг-д Л.Туруунаа нар шагналт тавдугаарт байр эзэлсэн нь манай тамирчдын хамгийн өндөр амжилт болов.



