Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Биологийн олон янз байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаа сайгүй л баавгай гарч ирж байна.Энэ бүхэнд яам нэг л чимээгүй байна уу даа гэж иргэд сошиалд бичсэн харагдана. Яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Яам байгаль хамгаалах бодлогын хүрээндээ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ярья. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээ гэж байдаг. Энэ нь амьтны ховордлын зэргийг үнэлдэг юм. Үнэлэхдээ юунаас болж ховордоод байна, энэ амьтныг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэдэг шийдлүүдийг үнэлдэг. Бид 20 орчим жилийн дараа 2025 онд энэ үнэлгээг шинэчилсэн. Хүрэн баавгайн талаар хамгийн сүүлд мэдээллийг цуглуулсан гэсэн үг. Энэ үнэлгээн дээр хүрэн баавгайн тархац нутаг маш их хумигдсан байна. Хүмүүс өөрсдөө тархац нутгийг нь эзэлсэн. Энэ амьтан өлсөөд байгаа юм уу, өсөөд байгаа юм уу гэж хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэж эхэлсэн.
Самрын нөөц бага байхад бэлдээд л байдаг. Хүмүүс өөрсдөө идэш тэжээлийг нь булааж байна гэсэн үг. Баавгай идэш тэжээлээ хайж явах үетэй хүмүүсийн энэ бизнес нь давхацдаг. Тэгсэн мөртлөө хүмүүс өөрсдөө хариуцлагаа үүрдэггүй. Манайхан чинь эрхээ л ярина уу гэхээс үүргээ огт ухамсарладаггүй. Иргэн бүр байгаль хамгаалах үүрэгтэйг “Монгол Улсын Үндсэн хууль”-д заасан байгаа шүү дээ. Бид юу хийх вэ гэдгээ хэзээ ч ярьдаггүй. Сүүлийн жилүүдэд баавгайн нэгдсэн судалгааг хийгээгүй. Нэгдүгээрт, төсвийн асуудал байна. Бид нэн тэргүүний чухал зүйлсээ эрэмбэлээд төсвөө шийдэх ёстой байдаг. Гэтэл тулгамдсан нэн тэргүүний биш асуудлуудад төсөв тавиад байдаг. Баавгайнаас шалтгаалсан иргэдийн амь насны асуудал, мөн маш том байгаль хамгааллын асуудал энд үүсээд байхад л мөнгө тавьж өгдөггүй.
Сүүлийн хоёр гурван жил энэ зүйл дээр асуудал үүссэн. Энэ жил ийм асуудал үүссэн юм чинь төсөв мөнгийг нь хуваарилж өгөх байх гэж найдаж байна. Тэгэхээр нэн тэргүүнд судалгаа хийгдэнэ. Энэ асуудлыг бүх шатандаа ярьж байна. Хоёрдугаарт, аймгуудад чиглэлийг өдөр шөнөгүй өгч ажиллаж байгаа. Мэдээж тухайн орон нутагт баавгай орж ирлээ гэвэл бүх аймгууд манайх руу холбогддог. Сая манай салбарын сайдын албан даалгавар гарлаа. Аймгуудтайгаа онлайнаар хуралдаад харилцан ярилцаад албан даалгавар гарсан. Албан даалгавар дээр ямар чиглэл өгсөн гэхээр хамгийн түрүүнд шуурхай утсыг олон нийтэд мэдээлж түргэн шуурхай мэдээллийг өгч байх. Мэдээллийг аваад ямар нэгэн шат дамжлага үүсгэлгүйгээр маш шуурхай арга хэмжээ авч ажиллах, орон нутагтай шуурхай багийг байгуул гэдэг чиглэл өгсөн. Тусгай хамгаалалттай газрын оролцоо, аймгуудын Байгаль орчны газар, сумдын байгаль хамгаалагчид, сумдын Мал эмнэлэг, Онцгой байдлын комиссынхныг оролцуулаад шуурхай баг байгуулан ажиллацгааж эхэлсэн. Шуурхай багууд тухайн газар дээр нь очиж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
-Та түрүүн хэллээ. Иргэн бүр байгаль хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ асуудал дээр иргэдийн оролцоо хэр байдаг вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Иргэд өөрсдийн оролцоог хангах хэрэгтэй байна. Ялангуяа баавгай бол идэш тэжээлээ хайж орж ирж байгаа нөхцөлд дандаа үнэрээр чиглэж явдаг амьтан. Тэгэхээр хаана, ямар газар үнэр татаад байна вэ гэдгээ эхнээсээ цэгцлэх хэрэгтэй байна. Иргэд ил задгай хог хаягдлаа өмхийрүүлээд орхичихдог. Тэр үнэрээр л ирнэ. Мөн малын сэг зэм, ил задгай газар мал төхөөрөөд орхисон, хүнс ногооны тариалалтаас гарсан хаягдлууд зэрэг рүү баавгай ирж байна. Тийм учраас ийм орчин бүрдүүлж байгаа иргэдэд анхааруулга өгч, аль болох үнэр гаргах зүйлс ил задгай хаяхгүй байх шаардлагыг тавьж байна. Баавгайг зайлшгүй тохиолдолд үргээж явуулна. Хэт хол нөхцөлд байгаа бол барьж авах арга хэмжээ авч байгаа. Мэдээж аюулгүй байдлаа хангах чиглэл өгнө. Барьж аваад ойд нь эргүүлэн тавихдаа биотехникийн арга хэмжээ авах ёстойг хэлж байгаа. Өлссөн баавгай, бамбаруушийг ойд нь хэчнээн удаа аваачсан ч тэд дахин бууж ирэх учраас тэр ойд нь биотехникийн арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.Гэхдээ энэ арга техникэд олон улс орон болгоомжтой ханддаг. Яагаад гэхээр зэрлэг амьтдыг тэжээвэр юм шиг болгож болохгүй. Нэн аюултай үед богино хугацаанд энэ арга хэмжээг авдаг. Байршлыг маш зөв сонгох хэрэгтэй. Тухайн тархац нутаг дээр нь тавьдаг. Түүнээс айлын гадаа ийм арга хэмжээ авч огт болохгүй. Тэр айлын хүмүүс өөрсдийгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг. Ирэх 11 дүгээр сард баавгай ичнэ. Тэр болтол ийм арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгож байна. Энэ бол богино хугацааны арга хэмжээнүүд.
Мэдээж яам энэ асуудлууд дээр үндэслээд урт хугацаанд бид яах ёстой вэ гэдгээ төлөвлөөд, судалгаагаа хийж ажиллана. Дээрээс нь хамгааллын урт хугацааны арга хэмжээнүүдийг авъя гэдэг ажлууд цааш яригдаад хэрэгжээд явна.Энэ асуудал зөвхөн Монголд биш юм байна. Баавгайтай бүх оронд энэ асуудал үүсч байна. Гэтэл бүх орны баавгайнууд өсч байна уу гэхээр асуудалтай. Үүнийг бас л идэш тэжээлийн хомсдолтой холбож байгаа. Байгалийн идэш тэжээл хомс жил яг энэ асуудал эрс нэмэгддэг гэдэг нь олон улсын хэмжээнд ч адилхан яригдаж байна.
-Баавгайг яагаад буудахгүй байна вэ. Хүний аминаас илүү амьтан гэж байхгүй гэж иргэд үзэл бодлоо сошиалд илэрхийлж байна. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ. Хууль, эрх зүйн ямар зохицуулалтууд байгаа вэ?
-Хууль эрх зүйн орчныг манайхан ер мэддэггүй, уншдаггүй, сонирхдоггүй. Юмыг хар муйхраар ч юм уу, хэн нэгний тавьсан мэдээллийг дагаж хуйлардаг болчихжээ. Яг одоогийн нөхцөл байдлыг манай яам үнэлнэ. Үнэлээд үзэхээр баавгай өөрөө “Амьтадын тухай” хуулиар ховор амьтанд тооцогддог. Ховор амьтныг хуулиараа зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар агнана. Халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнана. Мөн тусгай зориулалтаар агнаж болно. Энэ нь Засгийн газрын тогтоол батлагдаад тоо, хэмжээ нь гараад дуудлага худалдаанд оруулна гэсэн үг. Дуудлага худалдаанд ямар нэг хүн орж ирээд баавгай агнах боломжтой. Энэ зохицуулалтууд үйлчилж байгаа. Яг одоо манай улсад тусгай зориулалтаар баавгайг агнах эрэлт хэрэгцээ байхгүй, бэлтгэгдээгүй байна. Дараагийн асуудал нь олон улсын конвенцэд орсон амьтан байдаг. Баавгай өөрөө CITES буюу зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хавсралтад орсон амьтан. Энэ амьтан бол хууль бусаар агнах, хууль бусаар худалдаалах тохиолдолд өөрөө олон улсын хэмжээнд хяналт тавигддаг амьтан. Зөвхөн Монголын хилээр хууль бусаар гарчихлаа гэхэд бусад улс орны хил дээр заавал тэрийг шалгадаг. Тиймээс маш өндөр хариуцлагатай байдаг. Ийм л олон улсын хяналттай амьтан. Судалгаа шинжилгээгүйгээр устгаж болохгүй тухай конвенцийн үзэл баримтлал, зөвлөмж, чиглэлд тусгасан байдаг. Бид идэш тэжээлийн судалгаа хийх ёстой. Энэ төв суурин газрууд руу орж ирээд байгаа баавгай ихэвчлэн бамбаруушнууд байгаад байна. Эсвэл бамбаруушаа дагуулсан эм баавгай орж ирж байна. Тэгэхээр нэг нас ч хүрээгүй өлссөн бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш. Бамбаруушаа дагуулсан эм баавгай хэрвээ хүн рүү дайрвал үр төлөө хамгаалах зан авир, зөн билгээр л дайрдаг. Түүнээс шууд хүн рүү дайрахгүй. Өөрөө холимог идэштэй зэрлэг амьтан учраас хүнээс дайжина. Тэгэхээр хүмүүс тэр зан төрхийг сайтар ажиглаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжүүдийг анхаарч өөрсдөө бодит байдал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр иргэдийн оролцоо маш чухал гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо цагт устгах бол шууд авах арга хэмжээ биш болоод байна. Жишээ нь, Хэнтий аймагт гарч ирсэн баавгай гэхэд өлсөөд үхсэн байсан. Бас хоёр жилийн өмнө Хөвсгөлд агнасан баавгайны ходоодыг үзэхэд бас л хоосон байсан. Тэгэхээр идэш тэжээлийн хомсдлоос шалтгаалан зайлшгүй орж ирж байгаа.
-Баавгайг устгахгүй байсаар тоо толгойг нь өсгөчихөөд байгаа юм биш үү гэж бас нэг өнцөг яриад байгаа. Энэ талаар тодруулбал?
-1980-аад онд Биологийн хүрээлэнгийн экспедици иж бүрэн судалгаа хийсэн байдаг. Тэр үед Монгол орны баавгайг 500 орчим гэж судалсан. Баавгай өөрөө ойн санд амьдардаг амьтан. Гэтэл Монгол орны ойн сан чинь нийт газар нутгийнхаа найман хувийг эзэлдэг. Тэгэхээр тэр найман хувьд л баавгай амьдардаг, маш хязгаарлагдмал орон зайтай амьтан шүү дээ. Мэдээж Монгол, Оросын хооронд хил дамнан улирлын чанартай нүүдэллэж амьдарна. Зарим улиралд Орос руу нүүдэг. Монголын өвөл, намар идэш тэжээл муу байвал Орос руу нүүнэ. Ийм хязгаарлагдмал газар нутагт байгаа амьтан тэндэх орон зай дахь жимс самраа л идэж амьдарна. Тэр хязгаарлагдмал ойн сангийн хэдэн хувьд самар жимс ургадаг вэ. Гэтэл тэр самар жимс рүү нь хүмүүс өдөр шөнөгүй дайрч байна. Бригад бригадаараа тэнд очиж гал түлж, дуу чимээтэй техник машинууд ажиллуулж байна. Энэ бүхнээс баавгай бамбаруушаа авч дайжиж байгаа. Тэгэхээр иргэд нөөц багатай жил самар жимсийг түүхгүй байх иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй байна.Өөрийнхөө амь нас, мал хөрөнгөө хамгаалахын тулд нутаг орныхоо ойн санг бас иргэд хамгаалах хэрэг гарч ирж байгаа юм. Тэр ойн сан, зэрлэг амьтдаа хамгаалж чадсанаараа малчид, иргэд маань эргээд түүнийхээ үр шимийг хүртэж, аюулгүй байгаль орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Хүн байгалийн харилцан шүтэлцээ гэдэг чинь энэ шүү дээ. Иргэд мэдрэмжтэй, уламжлалт байгаль хамгаалах зан чанараа ухамсарлах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй байна. Ингэж байж баавгай болон бусад зэрлэг амьтад ч хамгаалагдана шүү дээ.
Өдрийн сонин



