/РИА Новости/ АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний /US Open/ финалын тоглолтод Германы теннисчин Александр Зверев Америкийн тамирчин Бен Шелтоныг 6:3, 7:6 (7:2), 5:7, 6:2 харьцаагаар хожлоо.
Тэмцээний чансааны тэргүүнд бичигдсэн Зверев, чансааны 8 дугаарт бичигдсэн Шелтон нар 3 цаг 33 минутын турш тоглосны эцэст Германы тамирчин хожсоноор тэдний тоглолтын харьцаа 6:0 болжээ.
US Open тэмцээнд анх удаагаа түрүүлсэн А.Зверев 5.5 сая доллар буюу тус тэмцээний түүхэнд байгаагүй өндөр шагналыг хүртсэн бол Шелтон 2.8 сая долларын мөнгөн шагнал авлаа. Өмнөх оны аваргууд болох К.Алькарас, А.Соболенко нар тус бүр 5 сая долларын шагнал хүртэж байжээ. Энэ оны US Open-ий шагналын сан теннисний спортын түүхэнд үзэгдээгүй өндөр буюу 108 сая доллар байв.
Тус тэмцээнд аваргалснаар Зверев теннисчний замналдаа 26 дахь түрүүгээ авч, Их дуулгын тэмцээнүүдэд хоёр дахь удаагаа түрүүллээ. Өмнө нь тэрбээр 2026 оны Roland Garros буюу Францын нээлттэй тэмцээнд аваргалсан юм.
А.Зверев 2020 онд US Open-ий финалд шалгарч, Австрийн теннисчин Доминик Тимд хожигдож байжээ. Тэрбээр Борис Беккерээс хойш /1989 он/ хойш тус тэмцээнд түрүүлсэн анхны герман тамирчин боллоо. Түүнчлэн Нээлттэй эрин үеийн /1968 онд мэргэжлийнхэн ба сонирхогчид хоорондоо тоглохыг зөвшөөрснөөс хойш/ нэг улирлын дотор Их дуулгын эхний хоёр түрүүгээ авсан 4 дэх тамирчин болж байна.



