Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх “Зүрх судасны үндэсний төв”-ийн шинэ барилгын шавыг өчигдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайд тавилаа.
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш хамтран ажиллахдаа зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит үр дүнд хүрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын 10,000 хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24.4-өөс 16.7 болж буурч, зүрх судасны өвчнөөр оношилсон иргэдийн нас баралт дөрөв дахин буурсан байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцлохдоо, “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд мэдлэг, ур чадвар, технологийн сууриа тавьж чадлаа. Харин өнөөдрөөс дараагийн 25 жилийн хөгжлийн суурийг тавьж байна.” гэв. Тэрбээр “Бид зөвхөн барилга барихгүй. Барилгатайгаа зэрэгцүүлэн хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө төлөвлөж, тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны тогтолцоогоо бүрдүүлэх ёстой” хэмээн тодотгож, шинэ төв ашиглалтад орсон өдрөөсөө бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийллээ.
Монгол орны өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшлыг харгалзан зүрх судасны тусламж, үйлчилгээнд телемедицинийг 2001 оноос нэвтрүүлсэн нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулахад чухал ач холбогдолтой болсон. Үүний үр дүнд шаардлагагүй шилжүүлгийн хувь 80.3-аас 38.1 болж буурсан байна.
Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо 2008 оноос хойш 13 дахин өсөж, Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна. Шинээр байгуулах Зүрх судасны үндэсний төв нь зөвхөн эмнэлгийн шинэ барилга бус, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, мэс засал болон сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх үндэсний хэмжээний лавлагаа төв болон хөгжих юм. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулах, сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлэх, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний төв болох зорилттой аж.
Зүрх судасны үндэсний төвийг байгуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая евро байхаар төлөвлөсөн бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 34.9 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр хэрэгжинэ. Люксембургийн Их Гүнт Улс 2001 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, зүрх судас, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Шинэ төвийн бүтээн байгуулалт нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын 25 жилийн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон мэдлэг, хүний нөөц, технологийн чадавхыг дараагийн шатанд ахиулахын зэрэгцээ Монголын зүрх судасны тусламж, үйлчилгээний урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн яам бүтээн байгуулалтыг хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж, үйлчилгээний зохион байгуулалттай нягт уялдуулан хэрэгжүүлж, барилгын ажлын эхний үе шатнаас чанар, хяналт, хариуцлагыг ханган ажиллана. Энэхүү бүтээн байгуулалтын эцсийн зорилго нь Монгол хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран зүрх судасны өвчнөө эрт илрүүлж, чанартай оношилгоо, эмчилгээ, шаардлагатай мэс заслыг эх орондоо цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.






