/Yonhap/ “Apple” компани "iPhone" ухаалаг гар утасныхаа эвхэгддэг “Duo” загварыг танилцуулсны дараа “Samsung Electronics” компанийн эвхэгддэг загварын "Galaxy Z" шинэ гар утасны дотоодын борлуулалт өссөн тухай салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
“iPhone Duo”-г танилцуулсны дараах долоо хоногт Өмнөд Солонгост “Galaxy Z Fold 8” гар утасны борлуулалт өмнөх долоо хоногийнхоос 10 орчим хувиар өссөн байна.
Ийнхүү өссөнд “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн гарахыг хүлээн "Galaxy Z Fold 8"-ыг худалдаж авахаа түр хойшлуулаад байсан хэрэглэгчид эцэст нь уг гар утсыг сонгосон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Эх сурвалжуудын хэлснээр, Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн шийдвэрт “iPhone Duo”-гийн үнэ, техникийн үзүүлэлтүүд мөн нөлөөлжээ.
Өмнөд Солонгост 256 Гб-ын санах ойн багтаамжтай “iPhone Duo” загвар 3.29 сая вон буюу 2 380 ам.долларын үнэтэй байгаа нь ижил багтаамжтай “Galaxy Z Fold 8”-ын үнээс /2.28 сая вон/ даруй 1 саяар өндөр байна. Харин 2 терабайтын санах ойтой “iPhone Duo” загвар 5.09 сая воны үнэтэй байгаа аж.
Хоёр ухаалаг гар утасны 256 Гб-ын санах ойтой загваруудын үнийн зөрүү 100 орчим ам.доллар байдаг АНУ-ын зах зээлтэй харьцуулахад Өмнөд Солонгост үнийн зөрүү харьцангуй өндөр байгаа юм.



