x

Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй

Эдийн засагч Намсангийн Туяатай ярилцлаа.

-Оюу толгойн Монголын талд очих ногдол ашиг дахин нэг жилээр хойшиллоо. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Саяхны Ерөнхий сайдын мэдэгдлийг яриад байна уу. Үүнийг би улс төрийн мэдэгдэл гэж ойлгосон. Бодитой бичиг цаасаар баталгаажуулсан зүйл үгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй. Сангийн яамныхан ч үүнийг хэлж байгаа. Зарчмын хувьд ногдол ашиг тухайн компанийн жилийн санхүүгийн тайлан гарсны дараа ТУЗ-өөс шийдвэрлэсний дагуу хувьцаа эзэмшигчдэд ногддог ашиг юм. Миний мэдэж байгаагаар ногдол ашиг тараах тухай шийдвэр огт гараагүй тул нэг жилээр хойшиллоо гэсэн ойлголт байх боломжгүй. Ногдол ашиг хэзээнээс авч эхлэх нь ч тодорхойгүй хэвээр байна. Оюу толгой компани гүний уурхайд зориулж авсан зээлээ 15 жилийн хугацаанд төлөх хуваарьтай. Бас үйл ажиллагааны ашгаас хувь нийлүүлэгчийн зээлийг төлж, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг тараана гэж тайландаа мөн тусгажээ.

Зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилахаар зохицуулсан, энэ заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэрээнд өөрчлөлт ороогүй гэж ойлгож байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулаад хоёр тал баталсан талаар мэдээлэл байхгүй. Оюу толгой компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлантай танилцсан. 2025 оны санхүүгийн тайлангаар 567 сая ам.долларын хүүгийн өр төлбөртэй, 2.8 тэрбум ам долларын цэвэр ашигтай байна. Энэ ашгаас шууд ногдол ашиг тараана гэвэл Монголын талд 0.9 тэрбум ам.доллар оногдох боломжтой, гэхдээ ийм шийдвэр гараагүй. Ер нь бид албан хэлээр ярьж ойлголцох соёлд сурмаар байгаа юм. Хэн нэгэн сайд дарга индэр дээр гараад мэдэгдэл хийчихээр шийдчихсэн юм шиг, бүтээчихсэн юм шиг хүлээж авдгаа одоо болимоор. Албан шийдвэр, хэлэлцээ хуулийн үндэслэлтэй, цаасан дээр бууж холбогдох талууд баталж байж хүчин төгөлдөр болдгийг бичиг үсэгт тайлагдсан хүн бүр мэднэ.

Гэтэл энэ төр засаг ч, сайд дарга нар ч, иргэд ч сошиалаар, сургаар асуудал шийдэгдсэн мэт ханддаг нь нийгмийн сэтгэл зүй болон бидний тархи оюунд асар их төөрөгдөл үүсгэж байна.

-Оюу толгой өнөөдөр Монгол Улсад яг ямар ямар татвар, төлбөр, хураамж төлж байна вэ. Харин ямар татвар, төлбөрөөс хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад зохицуулалтаар чөлөөлөгдсөн байдаг юм бол?

-Оюу толгой компани бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг. Тиймээс татварын хуулийн дагуу экспортдоо нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй. Харин бусад бүх төрлийн татваруудыг төлнө. Бүх төрлийн орлогын болон хөрөнгийн татварууд, газрын төлбөр, ашигт малтмал ашигласны төлбөр гэх мэт. Тогтвортой байдлын гэрээгээр татварын хувь хэмжээг царцааснаас биш илүү хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлээгүй. Хуульд өөрчлөлт орсон тохиолдолд үйлчлэхгүй гэсэн үг. Оюу толгой компанийн 2025 оны тайланд татвар хураамж, бусад төлбөрөөр Монгол Улсын Засгийн газарт 660 сая ам.доллар төвлөрүүлсэн гэж тайлагнасан байна лээ.

Гүний уурхай ашиглалтад орсноор тус компанийн борлуулалт 2025 онд өмнөх оноос хоёр дахин өсч бараг таван тэрбумд хүрсэн байна. Мөн онд 345.2 мянган тонн зэс, 455.8 мянган тонн алт, 2.179.8 мянган тонн мөнгө үйлдвэрлэсэн байна. Энэ нь зэсийн үйлдвэрлэл 61 хувь, алтных 121 хувиар өссөн гэсэн үг. Тэгэхээр орлого ашиг нэмэгдэж байгаа. Оюу толгой компанийн татварын мэдээлэл татварын төрлөөрөө задаргаатай нээлттэй байдлаар тэр бүр олддоггүй. Өмнө хэлсэн 660 сая ам.доллар тайлан дээрх мэдээлэл. Гэхдээ ОТ татвар хураамждаа дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан бараа үйлчилгээнийхээ нөат-ын дүнг оруулчихдаг юм биш байгаа гэж харагдсан. Татварын алба энэ компанийн татварын ногдуулалт, төлөлтийг ил тод мэдээлдэг байх хэрэгтэй. Иргэд мэдэх эрхтэй шүү дээ.

-“Оюу толгой Монголд татвараар их мөнгө өгч байгаа учраас ногдол ашиг өгөхгүй байгаа” гэсэн ойлголт ер нь зөв юм уу. Татвар төлөлт болон хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хоёр зарчмын хувьд юугаараа өөр вэ?

-Их татвар төлж байгаа бол ногдол ашиг өгөхгүй гэсэн ойлголт огт байхгүй. Татвар бол хуулиар тогтоосон тодорхой орлого, ашиг, хөрөнгөд ногдуулдаг төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулдаг эх үүсвэр. Харин ногдол ашиг бол Компанийн тухай хуулиар болон бизнесийн нийтлэг зарчмаар хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг юм. Ногдол ашгийг компанийн жилийн санхүүгийн тайлан гарсны дараа хувь нийлүүлэгчид, түүнээс томилогдсон ТУЗ шийддэг. Компанийн хөрөнгө оруулалт, цаашдын хөгжилд хөрөнгө мөнгө шаардлагатай гэж үзвэл шаардлагатай хэмжээгээр үлдээгээд үлдсэн ашгаасаа ногдол ашиг тараадаг. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой компанийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг тул тараахаар төлөвлөсөн ногдол ашгийн 34 хувийг авах эрхтэй. Гэхдээ ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг тухайн компанийн ТУЗ гаргана. Оюу толгой компани 2009 оноос үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзвэл 17 жилийн хугацаанд ногдол ашиг тараах талаар нэг ч шийдвэр гарч байгаагүй. Өнөөдөр ч 2025 оны ашгаас ногдол ашиг тараах шийдвэр огт гараагүй байна.

-Олон улсын уул уурхайн том төслүүдэд хувьцаа эзэмшигчид ашиг бий болсон үедээ ногдол ашгаа ямар зарчмаар авдаг вэ. Оюу толгойн Монголын 34 хувийн ногдол ашиг авах механизм олон улсын жишигтэй харьцуулахад хэр оновчтой байна вэ?

-Олон улсын жишигт уул уурхайн мега төслүүд ногдол ашгаа цэвэр ашгаас гэхээсээ үйл ажиллагааны зардал, өр төлбөр, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа үлдсэн чөлөөт мөнгөн урсгалаасаа хамаарч шийддэг жишиг байна. Үйл ажиллагааны зардал, татвар хураамж, өр төлбөр, хөрөнгө оруулалт, тэгээд ногдол ашиг гэсэн дарааллаар эрэмбэлэх нь элбэг. Оюу толгой компанийн тайлангаас харахад өмнөх жилүүдэд чөлөөт мөнгөн урсгал нь дан сөрөг явж ирсэн бол 2025 онд анх удаа 1.9 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зэрэг удирдлагын бүтцээрээ компанийн санхүүгийн эдгээр асуудлуудаа ярьж шийднэ л дээ. Гэхдээ маш ил тод тайлагнадаг байх шаардлагатай. Ил тод тайлагнал хангагдахгүй бол хөрөнгө оруулагчид хянаж чадахгүй, улмаар итгэлцэлд сэв сууна, компанийн ирээдүй бүрхэг болно гэсэн үг.

Оюу толгой компанийн холбогдох гэрээнүүд, үйл ажиллагаа энэ л зарчмаар явж байгаа гэж найдаж байна. Асуудал харин хаана байна вэ гэхээр бид хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээндээ хувь нийлүүлэх арга хэлбэр, зээлээр санхүүжүүлэх зарчим, хүүгийн хувь хэмжээ зэрэг маш чухал асуудлууддаа нягт нямбай мэргэжлийн хандаагүй юм болов уу гэж боддог. Жишээ нь, хөрөнгө оруулагчийн зээлийн хүүг SOFR+6.5 хувь гэж тогтоосон байдаг. Саяхан үүнийг +4 хувь болгож хоёр хагас нэгжээр бууруулсан гэж Сангийн сайд мэдэгдсэн. Гэхдээ гэрээнд албан ёсоор өөрчлөлт оруулсан талаар баттай мэдээлэл олдоогүй. Хэлэлцээр үргэлжилж байгаа гэдэг.

Монгол Улс Оюу толгойн орд дээр хувь эзэмших нь буруу байсан, алтан хувьцаа, давуу эрхийн хувьцаа эзэмших, эсхүл АМНАТ-аар орлуулах гэх мэт баталгаатай арга хэрэгсэл ашиглах нь зөв байсан гэх мэт маргаанууд үргэлж яригддаг. Энэ асуудал дээр цаашид ямар бодлого баримтлах талаараа нийгмээрээ зөвшилцөж шийдэлд хүрэх шаардлага бий. Мэдээж орд бүр өөр өөр нөхцөлтэй боловч эрдэс баялгийн ашиглалтын бодлого тодорхой байх хэрэгтэй. Ийм бишээс бид одоо хүртэл ногдол ашиг хэзээ авах нь тодорхойгүй, хий тоонууд агаарт ярьсаар байна шүү дээ. Албан ёсны шийдвэр гараагүй, хэлэлцээрийн түвшинд яригдаж байгаа асуудлыг шийдвэр гарчихлаа гэж үзэхгүй.

-Монголын талын 34 хувийн эзэмшлийг санхүүжүүлсэн хувьцаа эзэмшигчийн зээл болон түүний хүү өнөөдөр Монголд ногдол ашиг очиход хэр их дарамт болж байна вэ. Энэ зээлийн хүү яагаад ийм өндөр тогтсон юм бэ?

-Төслийн санхүүжилтийг өндөр хүүтэй зээлээр шийдсэн нь мэдээж төслийн өгөөж, ашиг, ногдол ашиг зэрэгт сөргөөр нөлөөлсөн. Зээлийн хүү нь төсөл хэрэгжүүлэх улсын зээлжих зэрэглэл, улс төрийн болон эдийн засгийн эрсдэл зэргээс хамаардаг. Тухайн үед SOFR+6.5 хувиар хүү тогтоосныг саяхан хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж 2.5 хувиар буурууллаа гэж зарласан. Үнэн бол одоо хүү 7.9 хувь болсон байх ёстой. Гэхдээ гэрээндээ яг бодитой өөрчлөлт оруулж баталгаажуулсан мэдээлэл байхгүй байна. Зээлийн нөхцөлийг долоон жил тутам эргэж харна гэж заасан нь хэт урт хугацаа. Долоон жилийн хугацаанд мөнгөний хүү бүү хэл илүү хатуу нөхцөл байдал хүртэл асар их өөрчлөгдөх хугацаа. Рио Тинто компани Оюутолгой төсөл дээр мөнгө хүүлж байна гэсэн шүүмжлэл маш их яригддаг. Энэ нь ч ортой. Арав гаруй хувийн хүүтэй, ам.долларын зээлийн нөхцөлийг цаг үеийн санхүүгийн нөхцөл байдалд уялдуулж сайжруулахгүйгээр 15 жил явна гэдэг дэндүү хариуцлагагүй. Дээр нь бид төгрөгийн ханшаа алдаад туучихсан, доллар манайд өдөр өдрөөр үнэтэй болж байна. Дэлхий дээр мөнгө манайхаас хамаагүй хямд байна шүү дээ. Бодлогын хүү жишээ нь, 2026 онд дунджаар АНУ-д 3.5 хувь, Европын төв банкны хүү 2.5 хувь, Японых нэг хувь, Хятад гурван хувь байна. Бид төслийн зардлаа мөн хянаж чаддаг байх ёстой. Яг ямар өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа юм, бүртгэл тайлагнал нь үнэн зөв юм уу, тайлагнал ил тод байна уу гэх мэт маш олон асуудлууд бий. Эдгээрт хариулт хэрэгтэй, хувьцаа эзэмшигч, иргэд мэдэх эрхтэй. Компани тайлагнах үүрэгтэй.

-Хэрэв Монголын талын 34 хувийн өрийг ийм өндөр хүүгээр санхүүжүүлээгүй бол Монгол Улс ногдол ашгаа хэдий хэр эрт авч эхлэх боломжтой байсан бэ. Өнөөдрийг хүртэл Монголын тал хүүгийн зардлаар хэдий хэмжээний боломжит өгөөжөө алдсан гэж тооцож болох вэ?

-Төслийг өөрийн хөрөнгөөр эсхүл зээлээр санхүүжүүлдэг. Бид Оюутолгойн хувьцааны 34 хувийг эзэмшихийн оронд АМНАТ болон бусад татвараар үр ашгаа хүртэнэ гэж шийдвэрлэсэн бол магадгүй толгойн өвчин бага, нөхцөл байдал тодорхой байх байсан байх. АМНАТ-аа өндөр тогтоож болно. Ашгийн болон бусад татварын хувьд тайлагналын ил тод, шударга байдлаас өндөр хамааралтай. Засгийн газар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийсний үр дүнд зээлийн хүүгээс 22 их наяд, менежментийн төлбөрөөс 8 их наяд, нийт 30 их наядыг хэмнэх боломжтой боллоо гэж зарласан. Гэхдээ энэ нь ямар хугацааны дүн юм, ойлгомжгүй. Хэрвээ жилд 30 их наядыг хэмнэх боломж үнэхээр байсан юм бол бид өмнөх жилүүдэд жил бүр ийм хэмжээний өгөөж алдсан гэж үзэж болно. Асар их мөнгө, улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцүү дүн. Тэгэхээр жил бүр улсын төсвийн дайтай алдаад байсан хэрэг болох нь. Энэ Засгийн газрын мэдэгдлээс иш татсан тоо шүү.

-Сүүлийн үед Оюу толгойг “Уул уурхайн компани гэхээсээ илүү банк санхүүгийн байгууллага шиг, хүү болон зээлийн төлбөрөөр мөнгө олдог бүтэцтэй болсон” гэж шүүмжлэх болсон. Энэ нь эдийн засгийн хувьд хэр үндэслэлтэй вэ. Үнэхээр уул уурхайн ашгаас илүү санхүүжилтийн бүтэц нь Монголын өгөөжийг идэж байна уу?

-Засгийн газрын мэдэгдлээс харахад зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулснаар 22 их наяд төгрөг буюу 6.7 тэрбум долларын хэмнэлт гарна гэсэн. Хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч тал ийм хэмжээний буулт хийж байна гэхээр хүүг бууруулах орон зай, боломж байсан л байна. Нөгөө талаас нь харвал мөн ийм хэмжээний алдагдал бид хүлээж байжээ гэж дүгнэж болно. Тэгэхээр яах аргагүй санхүүгийн луйвар, шударга бус хүү байжээ гэж хардахаар. Хөрөнгө оруулагчид тэгш эрхтэй, харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Гэтэл нэг тал нь зах зээлийн ханшаас хэт өндөр хүүгээр шахаад нөгөө талаа хохироогоод байж болохгүй л дээ. Бизнесийн ёс зүйд таарахгүй. Энэ төсөл хангалттай ашигтай төсөл. Өмнө хэлсэн, 2025 оны ашиг 2.8 тэрбум ам.доллар байна. Борлуулалт 2 дахинаас илүү өссөн байна. Зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Маш таатай цаг үе байна. Цаашид ч орлого ашиг нэмэгдэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг ч нэлээд хэмжээгээр буулгах боломжтой. Энэ хэрээр манайд ирэх өгөөж нэмэгдэнэ. Засгийн газар ярих биш бодитойгоор хийх хэрэгтэй.

-Оюу толгойн менежментийн төлбөр, зээлийн хүү, үндсэн хөрөнгө оруулалтын зардал, татвар, ногдол ашиг гэсэн бүх урсгалыг нэг дор харвал Оюу толгойгоос олж буй орлогын хэд нь Монголд үлдэж, хэд нь гадагш урсаж байна вэ. Монголын тал яг энэ мөнгөн урсгалыг ил тод харах боломжтой юу?

-Компанийн нийт худалдан авалтын 87.3 хувийг дотоодын ханган нийлүүлэгчдээс, 12.7 хувийг гадаадаас нийлүүлдэг гэж тайландаа дурдсан байсан. 2025 оны тайлангаар 1.6 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулсан байх ба нийт мөнгөн хөрөнгийн 67 хувийг үндэсний компаниудад, 33 хувийг улсын болон орон нутгийн төсөвт төлсөн байна гэжээ. 2025 онд 4.9 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байсан. Оюу толгой компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан нээлттэй байна.

2025 оны тайлангаар нийт 4700 гаран ажиллагсадтайгаас гадаад ажиллагсад 2.2 хувь байгаа нь 100 гаран гадаад хүн ажилладаг гэсэн үг.

-Хэрэв өнөөдөр гэрээг дахин байгуулах боломжтой байсан бол 34 хувийн хувь, зээлийн хүү, ногдол ашиг хуваарилах нөхцөлөөс алийг нь хамгийн түрүүнд өөрчлөх ёстой вэ?

-Бид юун түрүүнд ногдол ашиг гэхээсээ урьтаж хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний нөхцөлүүдээ үр ашигтай оновчтой болгоход анхаарах хэрэгтэй. Гэрээний нөхцөл сайн бол дагаад хөрөнгө оруулалтын өгөөж, үр ашиг сайн байна шүү дээ. Тиймээс зардлаа аль болох бага түвшинд байлгах, гэрээний нөхцөлүүдээ ойр ойрхон нягталж сайжруулж байх, хувьцаа эзэмшигчийн хяналтаа сайн тавих хэрэгтэй. Засгийн газрын хувьд татвар, гааль, хилийн алба гэх мэт мэргэжлийн агентлагуудаараа дамжуулан төрийн хяналтаа сайжруулж, ил тод тайлагнах үүргийн биелэлтийг хангуулах зэрэг байнгын үндсэн ажлаа чанартай хийх хэрэгтэй байна.

Компанийн удирдлагад улс төрийн дарамт шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй. Дэлхий нийтэд хөрөнгө оруулагчдад Монголын талаар сөрөг мэдээлэл болж очно. Хөрөнгө оруулалтад халтай. Дэлхийн хэмжээний том төсөл олон улсын жишгээр бизнесийн зарчмаараа ажиллах ёстой. Ногдол ашгийн хувьд компанийн жилийн санхүүгийн тайлангийн дараа хуулийн дагуу тухай бүр шийдэгдээд явах ёстой. Түүнээс биш Ерөнхий сайд нэг компаний гүйцэтгэх захирлыг дуудаж камерын өмнө шийддэг асуудал огт биш. Түүнчлэн үе үеийн Засгийн газар, үе үеийн хүмүүст хамаатай орлого ашгийг нэг Засгийн газар урьдчилж аваад цацаад байх эрх байхгүй. Нэмж хэлэхэд, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д “Дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ хангана” гэсэн заалт бий, огт хэрэгжээгүй. Үүнийг хэрэгжүүлэхийг бас шаардах ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 24 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 1 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 27 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 38 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 44 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 50 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 55 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 59 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 30 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 34 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 35 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 40 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 43 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 46 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 57 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 51 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 35 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 47 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 11 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top