УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, Нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ” болон “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, оронд нь “нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн үзүүлэлтийг нэмж тусгахаар болжээ.
Түүнчлэн дээрх өөрчлөлттэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагуудыг “6.1.2.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна”, “6.1.3 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас аль ихээс хэтрэхгүй байна” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ.
Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал худалдаа, тарифын зөрчил үргэлжилж байгаа энэ үед төсвийн дунд хугацааны төлөвлөлтөө цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах өргөн мэдүүлэх эрх зүйн бололцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.
Дээрх өөрчлөлтөөр төсвийн алдагдал, зарлагын өсөлт болон байгалийн баялгийн орлогын хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулан дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн төсвийн бодлогын тогтвортой, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах байгалийн баялгийн огцом хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг Тэргүүн шадар сайд онцоллоо.
Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх байнгын хороодын хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



