x

"Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ

Нэг. Намын “ард түмэн”

Хуучин БНМАУ гэж байхад нам ба түүний “ард түмэн” гэдэг хэллэг байсан нь зөвхөн эрх баригч МАХН-д хамаатай ойлголт байсан. Сонсогдохдоо бүх нийтийн эрх ашиг, олонхийн сонирхол мэт харагдавч, эрх баригч бүлэг өөрийн үйлдлээ, олон түмний хүсэл зориг мэт харагдуулах л арга л даа.

1990 оны хувьсгалаар Монгол улс олон намтай болоодохлоо. Байгаа ганц үлгэр жишиг нь МАХН. Өөрөөр яах ч  билээ, атмаануудын бүлэг, сайн дурын морьт отряд байгуулалтай ч биш. Ингээд өөр нэртэй, өөр зорилготой, “МАХН”-ууд төрлөө. Ондоогоор яалтай ч билээ. Дотоод зохион байгуулалт, дүрэм ойролцоо. Бүгдээрээ МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо маягийн удирдах бүлэгтэй, нийцэлгүй этгээдийг намын ариун эгнээнээс хөөдөг шийтгэлтэй. 

Ардчиллын буянаар намаасаа хөөгдсөн этгээдийн хувь заяа хүртэл ардчилалтай. Хуучин системд намаас хөөгдсөн хүн “ард түмэн”-ий эгнээнээс хөөгдсөн лүгээ адил гашуун байсан бол ардчиллын намаас хөөгдсөн этгээд нөгөө намд орох, нам дотроо жигүүр байгуулаад самарч хаях зэрэг түмэн боломжтой ажгуу. Намаас хөөгдөхөд хүртэл  тэнгэр ивээх болсон нь аанай л ардчиллын буян гэлтэй.

Ардчиллын намууд  өрсөлдөгч МАХН-ыхаа “ард түмэн” хэмээх үзэл суртлын “цөмийн зэвсэг”-ийг хуулан авлаа. Буруу  ч юм биш. Дайснаасаа илүү зэвсэгтэй болж чадахгүй юм гэхэд ижил зэвсэгтэй баймаажин өрсөлдөж чадна гэдгийг Чингисийн удмынхан мэдэхгүй бол өөр хэн мэдэх!

Ингээд нам тус бүрийн “ард түмэн” хаа сайгүй тодорч, эх орон, бүх ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж гарлаа.

Хоёр.Зөвхөн нураана.

Шинэ үеийн нэгэн дуунд “Бид бүгдийг бүтээнэ, бид бүгдийг нураана” гэж гардагсан. Гэтэл шинэ цагийн ард түмэн “Бид”-нээс огт өөр. Зөвхөн нураана. МАХН-ын үеийн  “ард түмэн” намынхаа шийдвэрийг иргэний өмнөөс дэмжих, эсвэл намаас зааж өгсөн субьектийг бараг л манай гаригийн шударга хүн төрөлхтнийг төлөөлж хилигнэн эсэргүүцэж байсан нь өөрчлөгдөв. Шинэ үеийн ард түмэн  зөвхөн эсэргүүцдэг функцтэйгээр бүтээгдлээ. Мэдээж намынхаа заавраар.  Хэрвээ МАН эрх баривал Ардчилсан намын ард түмэн  байнга эсэргүүцэн амар заяа үл үзүүлэх, эсрэгээрээ бол МАН-ын ард түмэн тэднийг самарч хаяж жишээний.

Манай “Ард түмэн”-чүүд зөвхөн эсэргүүцэх л ажил хийдэг болохоор монголчууд ямар ч сайхан зүйлс, бүтээн байгуулалт, нийгмийн дэвшлийг дэмждэггүй үндэстэн мэтээр харагдах боллоо. Энэ орны иргэд эерэг сэтгэгдэл, ирээдүйд итгэх итгэл, баяр хөөр гэдэг юмнаас эгнэгт хагацаа юу даа гэлтэй. Өдөр шөнөгүй бужигнах “ард түмэн”-ий цаана нийгмийн гэрэл гэгээ халхлагдан далдарлаа.

Социалист Монголын хашир суусан иргэд “ард түмэн”-ий дэмжлэг ба эсэргүүцэл нь намын удирдамжтай, тэр утгаараа төрийн шийдвэр гэдгийг мэддэг. Ийм учраас, ард түмний үйлдэл бүрийг дэмжих нь БНМАУ-ын иргэний үүрэг гэж ойлгодог байв.

Хачирхалттай нь ийм үзэгдлийн инерци ардчилсан Монголд амь бөхтэй үргэлжилжээ. Янз бүрийн “ард түмэн” харваас хууль бус, балмад үйлдэл гаргаад байгааг мэдэвч, эсэргүүцэж үл зүрхлэнэ. Хэрвээ “Ард түмэн” гуайн шийдвэрийг эсэргүүцвэл “ардын дайсан” болгож хашраадаг тэр айдас амь бөхтэй зууралдсаар. Иргэдээ дагаад төр нь хүртэл “ард түмэн” гэгчээсээ айдаг болчихов.

Төр, иргэд хоёуланг айлгаж чадсан “ард түмэн” хуулиас дээгүүр аашлах боллоо.  Тэр төрийн өмнөөс хууль хэрэгжүүлэх эрх үүргийн өөртөө авч, хүнийг нэгжих, саатуулах эрх эдлэх болов. Төр нь гөлөгнөж, иргэд нь айгаад юу ч  хийж чадахгүй болсон тул тэдгээр “ард түмэн”-үүд бусдын өмч хөрөнгөнд дураараа халдан эвдэлж сүйтгэн, иргэдийн амь насанд чөлөөтэй заналхийлнэ.

Гурав. Хувийн “ард түмэн”

Тун удалгүй нам, бизнесийн бүлэглэл, тэр бүү хэл намын доторхи фракциуд хүртэл тус бүрдээ өөрийн гэсэн “ард түмэн”-тэй болоод авлаа. Тэр байтугаа, аминдаа “ард түмэн”-тэй хувь хүмүүс ч гарч ирлээ. Ардчиллын буян мөн гэх ч хаашаа, биш гэх ч хаашаа.  Манай улсын иргэний тооноос давахаар тийм олон “ард түмэн” төрөх нь тэр.  Тэр хэрээр иргэн, хувь хүний  дүр төрх бүдгэрэн далдарч эхлэв. Хүний эсрэг ард түмэн !

Тэд иргэдийн “ард түмэн” биш, харин засгийн эрх баригч намын доторхи хүчирхэг фракцийн төлөөлөл, засаглалд нэвчсэн олигархиудын “ард түмэн” учраас  бүүр ч зоригтой, бас балмад.  Тэмцэл  хөдөлгөөн, үймээн самуун “дугаар хорооны шударга иргэд”,  “бэлчээр нутгийн төлөө”, “малчдын нэрийн өмнөөс” гэх боловч, хөндлөнгөөс ажиглахад их төлөв газрын зөвшөөрөл,  хайгуулын лицензи булаалдсан төрийн түшээд, уул уурхайн ашгийн төлөө алалцах олигархиудын зодоон гэмээр харагдана.  

Харин, жинхэнэ иргэд амжиргаагаа залгууулж, малчид малаа хариулж, төлөө бойжуулж дөрвөн цагийн эргэлтэд завгүй явна. Юун жагсах магсах вэ, таминь!  

Малчид хадуурынхаа моторт хийх бэнзээнээр тасраад хадландаа гарч чадахгүй байхад нийслэлээс цуваа, цуваагаар машинтнууд очоод “ард түмэн”-ий жагсаал үйлдэж болоод байгааг бид харж байна. Замын колонкууд бэнзээнээр тасраад, жирийн зорчигчид зуур хонож байхад “ард түмэн”-ий авто цуваа түлшээр өчүүхэн гачигдахгүй жирийхийг бүгд үзэв. Маш зохион байгуулалтай, том бүтэц байгаа биз?

Даанч, дэлхийн байдал урваж хөрвөснийг харах мэдрэмжгүйгээсээ болоод сүүлдээ Хятадын хөрөнгө оруулагчид руу халдаадахсан чинь буруутай маягтай болоод, гайхацгааж байх шиг байна аа. Өмнө нь “хятадын эсрэг” л бол юу ч хийсэн зөвдөөд байсан чинь юу болчихвоо гэж эргэлзэж харагдана. Гэтэл дэлхийн улс төр урвуугаар эргээд, хүчний харьцаа шинэчлэгдснийг олзондоо шимтээд анзаараагүй байж таарав.

Иргэдээ, гадаадад байгаа хөрөнгө оруулагчаа хамгаалсан хүчирхэг Гүрний сануулгаас дальдарсан манай төр засаг аз нь харьсан зарим “ард түмэн”-ээ саатуулахаас өөр гарцгүй болов.  Зөв зүгээр  болоод ирсэн юм гэнэт болохоо байсанд “ард түмэн”-ий гайхаш тасарч харагдана. Ямар сайндаа л  “Төр бидэнтэй хамтарчихаад яаж байгаа энэ вэ” гэж үг алдав?  Мэдээж, Хууль зүйн яамнаас, Цагдаагийн Ерөнхий газраас ч тэдэнд үүрэг өгөөгүй л байх л даа. Гэхдээ,

-Бидний удирдагч наад байшинд чинь байгаа шүү, биднийг хамгаалахгүй бол “цааш нь ярих уу, яах вэ” гэсэн шантааж юм, энэ хандлага бол? Гэхдээ шантаажинд нь ороод тэднийгээ хамгаалах боломж эзэнд нь байгаа болов уу? Байдаг юм гэхэд тэгэх сонирхол ч бас төрөх үү, үгүй юу?

Учир нь өнөөдөр  ийм “ард түмэн” үеэ өнгөрөөж  байна. Тэд эзэндээ урьдынх шигээ өгөөжтэй байхаа больжээ.

дөрөв. Эзэндээ халтай “ард түмэн”

Амжилтандаа толгой нь эргэсэн зарим “ард түмэн” улаан шугамаа давах, удирдамждаа багтаагүй алхмуудыг дур мэдэн хийх болсон нь эзэндээ  аюул дагуулж байх шиг. Сүүлдээ “ард түмэн” гэдэг пайзнаасаа халиад  ард түмний “баялгийн эзэн” гэсэн дазыбао зүүчихсэн ч дэгдэж харагдах.

Учир иймээс, хяналтаас гарсан “ард түмэн”-ээ далд хийж авах сонирхол эздэд төрж байгааг үгүйсгэмгүй.

Нэг талаасаа   ямарч “ард түмэн”-ээс илүү нөлөөтэй “хувь хүн”, “нэг иргэн” буюу нийгэмд нөлөөлөгч “эмплүүнсэр” гээч гарч ирлээ. Нийгэмд “ард түмэн”-ий нөлөө багассаар.

Нөгөө талаасаа, иргэд нь өөрсдийнх нэрээр өөрийнх нь эсрэг үйлдэл хийдэг “ард түмэн”-ээс залхснаа илэрхийлэх боллоо. Улс үндэстэн гэдэг бол ард түмэн гэдэг хийсвэр ойлголт биш, харин тодорхой бөгөөд хүчирхэг хувь хүн, өөрийгөө ухамсарласан иргэдийн нийлбэр гэдгийг улам бүр ойлгож эхэллээ.

Харин, “ард түмэн”-ий эзэд нь тэднээсээ хэрхэн салж амрах “барбаросса” төлөвлөгөөтэй байгаа нь сонин! Юу юугүй л алж, шудаад явахгүй нь лав ч, ямар нэг “арга” бол олсон л байгаа.  Нөгөө талаас ч төр засаг улс орны эдийн засагт амин чухал хэрэгцээтэй хөрөнгө оруулагчдыг үргээсэн, хөрш орны харилцаанд түвэг учруулсан, иймэрхүү “ард түмэн”-ээс салахын мөн болсон цаг тул, тэдний зарим үйлдлийг хурууныхаа завсраар харсан болоод л өнгөрөөх магадтай.

Яана даа хөөрхийс!

Анх ХХ зууны эхээр МАХН-ын бүтээсэн, улмаар 1990-ээд оноос дүү намууд нь суралцан хөгжүүлсэн, сүүлдээ олигархи бүлэглэлүүдийн зэвсэг болсон “ард түмэн” нарын тоглолт энд хүрээд өндөрлөж байх шиг байна. Эхэндээ түүнийг хувь хүний эрх ашгийг сөргүүлэн бүтээсэн. Харин өнөөдөр тэд олонхийн, жирийн иргэдийн буюу жинхэнэ ардтүмний эрх ашгийн сөрөг хүчин болон хувирчээ. 

Нам, бүлэглэлд өмчлөгдсөн ард түмэн дууссан тэр цэгээс хүн зонд, иргэдэд хамаарах ардтүмэн сая төрөх нигууртай бөлгөө.

Б.Цэнддоо /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 32 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 54 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 1 цаг 4 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 1 цаг 9 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 1 цаг 20 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  1 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2 цаг 5 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2 цаг 24 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2 цаг 32 мин С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 15 цаг 31 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 15 цаг 50 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 15 цаг 54 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 16 цаг 0 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 16 цаг 6 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 16 цаг 39 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 17 цаг 35 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 17 цаг 45 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 17 цаг 59 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 18 цаг 7 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 18 цаг 15 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ
Top