x

МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал

УИХ-ын 2024 оны сонгуулиар Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл болон ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан юм. Ингэснээр 68 суудалтай МАН парламентад олонх болж, дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан ч тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтарч ажиллах улс төрийн сонголт хийсэн.

Ингэж 2024 оны долдугаар сард Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллаж, МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. 16 яам, Ерөнхий сайдаас гадна 22 сайд буюу нийт 23 гишүүнтэй энэ танхим өмнөх Засгийн газруудаас бүтэц, бүрэлдэхүүний хувьд томорсон. Үндсэндээ 60 хувийг МАН, үлдсэн хэсгийг АН, ХҮН нам бүрдүүлэх зарчим яригдаж, МАН-аас 12, АН-аас найм, ХҮН намын хоёр төлөөлөл сайдаар ажилласан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол онцлог нь өмнөх дөрвөн жилийн бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ АН, ХҮН намыг эрх барих үйл явцад татан оролцуулсан явдал байв. 2024-2028 онд хэрэгжүүлэхээр 14 мега төсөл зарлаж, Үндэсний баялгийн сан, боомтын сэргэлт, эрчим хүч, хотын түгжрэл, аж үйлдвэржилт зэрэг томоохон асуудлыг Засгийн газрын гол зорилт болгосон.

Гэхдээ энэ хамтарсан Засгийн газар бүтэн дөрвөн жил ажилласангүй. 2025 оны хавар Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой үнэтэй бөгж, бэлэгний асуудал олон нийтийн анхаарлыг татаж, “Орлогоо нотол” гэх мэт иргэний хөдөлгөөн, жагсаал өрнөсөн. Үүний дараа МАН доторх улс төрийн зөрчил хурцдаж, хамтарсан Засгийн газрын цаашдын хувь заяа яригдсан. МАН-ын Бага хурлаас АН-ыг Засгийн газарт үргэлжлүүлэн оролцуулахгүйгээр шинэ Засгийн газар байгуулах улс төрийн шийдвэр гарсан нь Л.Оюун-Эрдэнийн танхимын суурийг үндсэндээ өөрчилсөн. Улмаар УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжээгүйгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэн эрх дууссан байдаг.

НАМЫН ДАРГА БИШ, ДАН ДЭЭЛТЭЙ ЕРӨНХИЙ САЙД

Ингээд 2025 оны зургадугаар сард МАН-аас Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, УИХ томилсон. Тэрээр 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй. Мөн МАН-ын дарга биш байв. Энэ л Г.Занданшатарын Засгийн газрын сулрах цэг нь байсан гэхэд хилсдэхгүй. Түүний байгуулсан Засгийн газар өмнөх хамтарсан танхимаас эрс ялгаатай байлаа. 19 яам, 20 сайдтай бөгөөд МАН-ын 16, ХҮН намын хоёр, ИЗНН-ын нэг төлөөлөл багтсан. АН энэ удаа Засгийн газарт оролцоогүй. Г.Занданшатарын Засгийн газрын гол онцлог нь төрийн бүтэц, зардлыг цомхотгох, төсвийн сахилга бат, хэмнэлтийг түлхүү ярих болсон явдал байв. Түүний танхим өмнөх Засгийн газрын 23 гишүүнтэй бүтэцтэй харьцуулахад 20 гишүүнтэй болж цомхорсон. Мөн тэрээр төрийн зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж байв. Гэхдээ Г.Занданшатарын Засгийн газар ч удаан ажилласангүй. 2026 оны гуравдугаар сарын 27-нд Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, УИХ түүний хүсэлтийг хүлээн авсан.

Энэ үед МАН-ын дотоод улс төрийн хувьд өөр нэг чухал өөрчлөлт аль хэдийнэ хийгдсэн байв. Тэр нь Н.Учрал МАН-ын дарга болсон явдал юм. Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд болсон МАН-ын 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдсон. Улсын дээд шүүх 2026 оны нэгдүгээр сарын 9-нд түүнийг МАН-ын даргаар албан ёсоор бүртгэсэн. Дараа нь тэр УИХ-ын даргаар ажилласан бөгөөд ингэснээр МАН-ын дарга, УИХ-ын даргын албыг давхар хашсан цөөн улстөрчдийн нэг болсон юм. Г.Занданшатарын Засгийн газрын огцрох нэг том шалтгаан нь МАН-ын дүрэмтэй холбоотой байв. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Үүнээс шалтгаалж, Н.Учралыг намын даргаа авсан бол одоо Ерөнхий сайдын ажлаа хий гэдэг улс төрийн шахалтыг үзүүлж эхэлсэн. Энэ мэт шалтгаанаас үүдэн Г.Занданшатарын Засгийн газар унасан байдаг.

ЭРХ БАРИГЧДЫН ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАГЧ Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР

Ингээд Г.Занданшатарын Засгийн газар дуусгавар болсны дараа МАН-ын Бага хурлаас намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. УИХ 2026 оны гуравдугаар сарын 30-нд түүнийг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилсон. Өөрөөр хэлбэл, Н.Учралын Ерөнхий сайд болсон замнал нь өмнөх хоёр Ерөнхий сайдынхаас өөр байлаа. Тэр Засгийн газрын тэргүүн болохоосоо өмнө эхлээд эрх баригч намын дарга, дараа нь УИХ-ын дарга болсон юм. Н.Учралын Засгийн газар мөн өмнөх хоёр танхимаас улс төрийн хувьд өөр бүтэцтэй. Эхний бүрэлдэхүүнээрээ МАН-ын гол төлөөллүүдээс гадна ХҮН намын Т.Доржханд, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр нар Шадар сайдын түвшинд орж, МАН-ын дотоод хоёр талын төлөөлөл ч танхимд багтсан. Тус танхим 16 яамтай, Ерөнхий сайдаас гадна шадар сайд нар болон 16 яамны сайд бүхий бүтэцтэй байгуулагдсан.

Н.Учралын танхимын бас нэг онцлог нь Г.Занданшатарын Засгийн газарт ажиллаж байсан найман сайдыг үргэлжлүүлэн ажиллуулж, бусдыг нь шинээр томилсон явдал байв. Ингэхдээ зарим сайдыг өөр салбарт шилжүүлсэн. Тухайлбал, Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болж, Э.Батшугар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаас Эрүүл мэндийн сайдын албанд шилжив. Нөгөөтэйгүүр 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойших хоёр жил гаруйн хугацаанд МАН-ын 68 гишүүний дотор сайдын албан тушаал хашсан хүмүүсийн хүрээ нэлээд өргөжжээ. 2024 оны сонгуулиар МАН-аас сонгогдсон 68 гишүүнийг гурван Засгийн газрын бүрэлдэхүүнтэй тулган үзэхэд, 2024 оноос хойш Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учралын танхимд нийт 27 өөр МАН-ын гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувиар Засгийн газрын гишүүн, сайдаар ажилласан байна. Өөрөөр хэлбэл, 68 гишүүний ойролцоогоор 40 хувь нь энэ хугацаанд сайдын түвшинд ажиллажээ.

ГУРВАН ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦЛОХ САЙД НАР

Эрх баригч МАН дотроо 30 болон 38 гэсэн хоёр талд хуваагдсан нь Засгийн газрын тогтвортой байдалд шууд нөлөөлөх хүчин зүйл болоод байгаа. Ингэж эрх баригч нам дотроо талцсан нөхцөлд сөрөг хүчин болох АН-ын 42 гишүүн аль нэг талтай нэгдэхэд парламент дахь хүчний харьцаа Засгийн газарт тун эмзэг болж байгаа юм. Тиймээс хэн Ерөнхий сайд болсон ч МАН-ын дотоод эв нэгдлийг хадгалах, хоёр талын төлөөллийг Засгийн газартаа багтаах нь улс төрийн хувьд зайлшгүй шаардлага болж байна. Энэ нөхцөл байдлын дунд 2024 оноос хойш бүрдсэн гурван Засгийн газарт ажилласан сайд нарын улс төрийн замналыг харахад сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Гурван Засгийн газрын бүрэлдэхүүнд байр сууриа хадгалж ирсэн сайд нарын дотор Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Б.Батцэцэг нар онцгой харагдана. Тэд улс төрийн өөр өөр байр суурь, намын харьяалалтай боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх бүрд танхимаа хадгалж үлдсэнээрээ анхаарал татаж байна. Мөн хоёр ч Засгийн газраас хөөгдсөн сайдаар С.Амарсайхан тодорч байна. Тэрээр 2024 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар үргэлжлүүлэн ажиллаж, дараа нь Г.Занданшатарын Засгийн газарт мөн Шадар сайдын албыг хашсан. Гэвч 2025 оны аравдугаар сард Г.Занданшатарын Засгийн газраас гарсан. Тухайн үед С.Амарсайхан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж, П.Сайнзоригийн санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан бөгөөд 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед мөн санал өгсөн байна.

Үүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сахилга, байгуулсан “хариуцлагын гэрээ”-тэй зөрчилдсөн гэж үзэж, С.Амарсайханыг Шадар сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Гэхдээ энэ нь түүний Засгийн газрын гишүүнээр ажиллах улс төрийн замналын төгсгөл байгаагүй. 2026 онд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дахин томилогдсон. Харин энэ удаагийн танхимд түүний ажилласан хугацаа мөн богино байлаа. 2026 оны есдүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь ажлаас нь чөлөөлөв. Ерөнхий сайд төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг, улсын дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбарын хэвийн ажиллагаа алдагдсан, яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл холбогдох удирдлагуудтай хамтран ажиллах боломжгүй болсон гэж тайлбарласан. Бас нэг сонирхолтой сайд бол Л.Мөнхбаатар юм. Түүнийг Засгийн газрын өөрчлөлтийн дунд албан тушаалаа алдсан сайд гэж хэлж болно. Цаад улс төр нь юу байв гэж. Энд тухайн үеийн МАН доторх хүчний харьцаа, Г.Занданшатарын Засгийн газрыг тогтоон барих шаардлага, нүүрсний хэрэг тойрсон улс төрийн зөрчил гэсэн гурван асуудлыг хамтад нь харах хэрэгтэй. Тиймээс ХЗДХ-ийн сайдын суудал хэний мэдэлд байх вэ гэдэг нь өөрөө улс төрийн ач холбогдолтой болсон үе байсныг санаж байгаа байх.

68 ГИШҮҮНЭЭС ХЭД НЬ 2028 ОН ГЭХЭД САЙД БОЛОХ ВЭ

Өнөөдрийн байдлаар МАН-ын 68 гишүүний 27 нь ямар нэг байдлаар Засгийн газрын сайдын албыг хашсан байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын нийт гишүүдийн ойролцоогоор 40 хувь нь аль хэдийнэ гүйцэтгэх засаглалын түвшинд очжээ. Тэгвэл 2028 оны сонгуулийн өмнөхөн энэ тоо хэд болох вэ гэдэг нь сонирхолтой. Үүнийг яг тэдэн хүн болно гэж хэлэх боломжгүй. Учир нь 2028 он хүртэл Засгийн газрын бүрэлдэхүүн хэд хэдэн удаа өөрчлөгдөх эсэх, Ерөнхий сайдын улс төрийн байр суурь, МАН доторх харилцаа, парламент дахь хүчний харьцаа зэргээс сайдын томилгоо шууд хамаарна. Энэ утгаараа 41 гэдэг тоо бол 2028 он хүртэлх МАН-ын “сайдын нөөц” гэж хэлж болох улс төрийн орон зай юм. 2028 он хүртэл Засгийн газар хэдэн удаа өөрчлөгдөхөөс шалтгаалаад энэ 41-ийн дотроос хэд хэдэн шинэ нэр сайдын жагсаалтад нэмэгдэх боломжтой. Харин хэчнээн хүн эцэст нь сайд болохыг өнөөдөр тоогоор тогтоох боломжгүй. Гэхдээ 2028 оны сонгуулийн өмнө эргээд харахад өнөөдрийн 27 гэдэг тоо 30, 35, бүр түүнээс дээш болсон байх эсэх нь МАН-ын дотоод улс төр, Засгийн газрын тогтвортой байдал, Ерөнхий сайд нарын улс төрийн сонголтоос хамаарах асуудал билээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 13 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 35 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 45 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 50 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 1 цаг 1 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  1 цаг 11 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 1 цаг 46 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2 цаг 5 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2 цаг 13 мин С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 15 цаг 12 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 15 цаг 31 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 15 цаг 36 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 15 цаг 41 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 15 цаг 47 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 16 цаг 20 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 17 цаг 16 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 17 цаг 26 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 17 цаг 40 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 17 цаг 48 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 17 цаг 56 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө...
Top