/TASS/ Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Байгалын хүч” хоолойг /өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэж байсан/ нутаг дэвсгэрээрээ дайруулахыг Казахстан улс дэмжинэ. Ингэснээр Казахстаны зүүн хойд бүс нутгийг хийгээр хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж тус улсын Эрчим хүчний дэд сайд Кайырхан Туткышбаев TNF-2026 олон улсын аж үйлдвэр, эрчим хүчний чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Бид энэ асуудлыг мөн хэлэлцэж байгаа. Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, одоо “Байгалын хүч” гэж нэрлэх болсон хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах уу, Казахстанаар дайруулах уу гэдэг асуудал. Казахстаны нутгаар дайруулахаар бол бид энэ саналыг мэдээж дэмжинэ. Учир нь хийн хоолой манайхаар дамжихаар бол зүүн хойд бүс нутгийг хийнд холбох асуудал шийдэгдэнэ. Хоёрдугаарт, буцаан экспортлох асуудал. Үнийн бодлогын хувьд манай улсынх ил тод. Бид “Газпром”-той ярилцсан, бүрэн ойлголцсон” гэж Туткышбаев хэлсэн байна.
Үүний зэрэгцээ, хий дамжуулах хоолойн маршрутын талаарх хэлэлцээнд Казахстаны тал оролцохгүй байгаа гэдгийг тэрбээр дурдаад, "Хэлэлцээ Орос, Хятадын талуудын хооронд хийгдэж байна" гэж нэмж хэлжээ.
“Байгалын хүч” төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас Хятад руу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 онд Хятад улсад хийсэн айлчлалын дүнд Орос, Хятадын талууд "Сибирийн хүч-2" болон Монголын нутгаар дамжин өнгөрөх "Союз-Восток" хийн хоолойг тавих тухай хууль зүйн хувьд заавал биелүүлэх шаардлагатай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.



