Өчигдөр хэвлэл мэдээллээр “Бүлгийн хуралдааны өмнө АН-ын Улс төрийн зөвлөл хуралджээ. Улс төрийн зөвлөл гаргасан шийдвэрээ намынхаа бүлэгт тогтоолоор хүргүүлсэн байна.
Тус хаалттай хурлаар “Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд санал нэгджээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь заалтад үндэслэн “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийг өргөн барихаар болсныг эх сурвалж баталгаажууллаа” гэсэн мэдээлэл түгсэн.
Үүнтэй зэрэгцээд МАН чухам л “орондоо орох завгүй, олзлолдон тэмцэлдэж” эхэллээ. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд “даргын захисан хүнийг ажилд авдаг, улам цаашаа хүн ажилд авахыг шаарддаг. Өр барагдуулах ажилд саад учруулаад байна. Сайдын компани дөрвөн сая ам.долларын өртэй. Өөр нэг сайдын компани 54 тэрбумын өртэй ажиллагаанд байна. Энэ бүгдийг авах гэхээр манай сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. “Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг гэнэ. Тэр сайд нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан л даа.
ШШГЕГ-ын дарга “сумаа тавьлаа”. Харин “нум нь хэн бэ” гэсэн асуулт үлдэж байна. Дарга Зүүн талын хүн, нум нь мэдээж тэндээс сонгогдсон “эрх” гишүүн л биз. Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Түгжилмаа гэж хэн бэ” гээд гээд хэвлэлийн хурал зарлав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун бол монгол төрийн “түгжилмаа” гэдэг хүмүүс юм байна. Бодвол Ч.Лодойдамба зохиолчийн “Тунгалаг тамир” ном болон кинон дээр гардаг ашиг сонирхлынхоо төлөө цуг явсан нөхрөө хутгалдаг зохиомол дүрийг хэлээд байгаа бололтой.
Эдгээр нэр дурдагдаж байгаа хүмүүс бол нөгөө алдарт “30”-ын бүлгийн хүмүүс гэдэг нь харагдаж байна. Ардчилсан намын “итгэл үзүүлэх эсэх” гэсэн санал энэ бужигнааныг үүтгэсэн байх бүрэн магадлалтай. АН-ын 42 гишүүн ийм шийдвэр л гаргах эрхтэйгээс цааш ямар ч нөлөө байхгүй. Тэд итгэл үзүүлж ч чадахгүй, үзүүлэхгүй байх ч чадамжгүй. Санал өгөх гишүүдийн тоо нь дутна. Итгэх итгэхгүйг харин нөгөө 30-ын бүлэг шийднэ. Дээрээс нь “Эх орон эвсэл” 30-ын бүлэгтэй нэгдвэл АН-ын санал бардаагаар “босож” чадах юм. Ийм учраас л МАН бужигнаад 30-ын бүлгээ намнаж зүрхийг нь үхүүлж байгаа хэрэг. АН-ын хувьд бол харин ухаалаг шийдвэр гаргажээ. Засаг унагах эсэх нь АН-ын биш, МАН-ын хэрэг болгон хувиргаж чадлаа.
АН-ын УИХ-дахь бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнхийн улс төр бол байгаа оносон зоримог шийдвэр байсан шүү.2000 онд шалдаа унаад байсан АН-ын улс төрийг бие даагчаас намд элссэн Л.Гүндалай л нэг ингэж сэргээж байсан. Яг тэр үе шиг харагдаж байлаа.
Ө.НАЦАГ /Өдрийн сонин/



