УИХ-ын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Өнөөдөр эцэслэн шийдэх байх. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуул, төсвийн тодотголыг яаралтай оруулж ир гэж шахаж шаардсан. Яагаад гэхээр 2026 оны долдугаар сарын гүйцэтгэлээр инфляци 13 хувьд хүрсэн. Үүнийг түүхэн дээд хэмжээндээ хүрч байна гэж бодох хэрэгтэй. Албан зарласнаар л 13 хувь гээд байгаа юм. Яг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард иргэдийн нуруун дээр ирж байгаа ачаалал нь 20 хувь гараад явчихсан гэсэн тооцооллыг эдийн засагчид хэлээд байгаа. Одоо намар цаг. Энэ үед мах хамгийн хямд болдог. Төмс, хүнсний ногоо ч хямдардаг. Гэтэл яг зах, худалдааны төвөөр яваад үзэхээр бодитой буусан зүйл алга. Бөөний төвүүдээр жаахан л буурсан үр дүн харагдаж байна. Энэ бүхнийг урьдчилан хараад л бид төсвийн тодотголоо яаралтай оруулж ир гэж шаардсан. Бид ингэхдээ өнгөрсөн оны дундуур оруулж ир гэсэн юм. Гэтэл намрын ээлжит бус чуулганаас долоо хоногийн өмнө л оруулж ирлээ. Ер нь МАН-ынханд хоёр төсвийг нийлүүлж оруулж ирээд холион бантан хутгадаг арга байдаг. Үүнийг нь мэддэг учраас л бид тусад нь, эрт оруулж ир гэсэн юм. Гэхдээ давуу тал их байна.
-Тухайлбал, ямар давуу тал байна вэ?
-Ээлжит бус чуулганаа эхлүүлээд, байнгын хороодоор төсвийн тодотголыг хэлэлцээд эхэллээ. Энэ бүхнийг мэргэжлийн хуульч, эдийн засагчид, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд маань нухацтай харж байна. Төсвийг задлаад үзэхэд 998 тэрбум төгрөгийн л асуудал яригдаж байгаа. Ингэхдээ хамгийн нэгдүгээрт, Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 57.2 болон гурав дахь заалт давхцалтай буюу, бие биендээ хориг тавьдаг, эсвэл боломж олгодог заалтууд байгаа юм. Үүнийг би хаврын чуулган дээр хэлж, Сангийн сайд асан Б.Жавхлан, одоогийн Сангийн сайд З.Мэндсайхан нарт хэлж, засаж оруулж ир гэсэн. Гэвч засна гэчихээд хэвээр нь явж байна.
Хоёрдугаарт, Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж боловсруулсан. Нэмээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиараа төсвийн тодотгол орж ирэх учиртай. Гэтэл үүнийгээ үгүйсгээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дэх заалтыг тэр чигт нь зөрчсөн. Хавсралтаар энэ хуулийг өөрчлөхөөр оруулж ирсэн. Ялангуяа дунд хугацааны Төсвийн тогтвотой байдлын тухай хуулийн 7.5-ийг хүчингүй болгож байгаа. Энэ чинь цаашдаа Монгол Улсын төсөв, эдийн засагтай холбоотой нөхцөл байдал хэн нэгэн даргын өнгө үзэмжээр явдаг байдлыг бий болгоно гэж харж байна. Хамгийн ноцтой зүйл нь Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд нэхээд байсан боловсролын салбар дээр тавигдсан, тэр дундаа “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөртэй холбоотой 50 тэрбум төгрөгийн асуудал төсвийн номон дээр байхгүй байсан. Үүнийг нэхэж байж авахад Сангийн яам, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар хоорондоо ярилцаж байгаад материалаа өгсөн. Түүн дээр нь хувийн хэвшлийн сургуулиуд буюу эрх барьж байгаа намын дарга Н.Учралын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг тавьсан. Энэ чинь үүнийг авахаар санаархсан гэдэг нь тодорхой болчихоод байгаа юм. Ийм зөрчлүүд их байна. Энэ бүхэн ил болж байгаа нь давуу тал гэж хараад байгаа. Ардчилсан намынхан төсвийн тодотголыг ирэх оны төсвөөс тусад нь оруулж ирж хэлэлцүүлье гэсэн нь үр дүнд хүрч байна.
-Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуультай холбоотой асуудлыг танай нам өнөөдөр бүлгийн хурлаараа ярилцахаар шийдсэн гэсэн үү?
-Өнөөдөр 09.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал болохоор товлогдсон. Энэ хурлаар төсвийн тодотгол болон тойрсон асуудлыг хэлэлцэнэ. Мэргэжлийн олон экспертийнхээ зөвлөгөөг сонсоно. Хоёрт, одоогийн бодитой нөхцөл байдлыг ярилцаж, хамтын шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
-Ерөнхий сайд, Боловсролын сайдын зүгээс ийм асуудал огт байхгүй гэж мэдэгдсэн. Харин Нийслэлийн боловсролын газрын албан тушаалтан болохоор сургуулиудыг нэрлэсэн шүү дээ?
-Төсвийн тодотгол хийх болсон шалтгааныг хүмүүс их өнгөцхөн хараад байна уу гэж би бодоод байгаа. Хавар би байнгын хороон дээр хэлж байсан. Ноднин жилийн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлан дээр 1.2 их наяд төгрөгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын үед 2025 оны төгсгөлд ямар ч мэдээ мэдээлэл гаргалгүйгээр аваад хэрэглэчихсэн. Нэг ёсондоо 2026 онд бүрдэх байсан төсвийг түрүүлээд хэнд ч хэлэхгүйгээр авчихсан. Ингэхээр чинь энэ оны төсөв тасрах нь тодорхой байсан. Үүнтэй холбоотой нэлээд асуудал яригдах байх. Төрийн өмчит байгууллагуудаас татварыг нь урьдчилаад авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон. Үүнийг өнөөдрийн бүлгийн хурал дээр нэлээд нухацтай ярина. Дээрээс нь эдийн засгийг ийм хүнд болгосон учир шалтгааныг нь бид олох ёстой. Инфляц өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Үүнийг засна гээд МАН-ынхан “Хүнсний хувьсгал” гээд 1.4 их наяд төгрөгийг зарцуулсан. Мөн “Шинэ хоршоо” гээчийг 840 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн. Эдгээрийнх нь үр дүн ерөөсөө байхгүй. Энэ их мөнгө хаашаа алга болсон юм. Энэ бүхнийг ярина. Тэгээд олон шийдвэр гаргах байх.
-Энэ удаагийн тодотголоор төсвийн урсгал зардлаа бууруулахаар оруулж ирэх байсан ч эсрэгээрээ нэмчихлээ гэдэг шүүмжийг гишүүд хэлж байна. үүн дээр та юу хэлэх вэ?
-Ерөөсөө л энэ. Бид нөхцөл байдал хэцүүдлээ. УИХ-ын Тамгын газар, Засгийн газар өөрсдийнхөө зардлыг тана. Урсгал зардлуудаа бууруул гэж л төсвийн тодотголыг оруулж ир гэж шаардсан. Ингэх болов уу ч гэж бодож байсан. Бид чинь мөнгөтэй болчихоод төсвөө тодотгох гээд байгаа юм биш. Байдал хүндэрчихсэн учраас л тодотгох гээд байгаа юм. Гэтэл хаанаас ч юм нэг их наяд төгрөг гаргаад ирсэн. Ногдол ашгаа авч байгаагүй, одоо авна гээд байгаа. Гэтэл ногдол ашгийг авч байсан эсэхийг нь харахаар өнгөрсөн жил л гэхэд 80 тэрбумыг авч байсан юм билээ. Үүнийг нэлээд сайн үзэх шаардлагатай. Энэ асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ч анхаарал хандуулах хэрэгтэй. “Гэрт ойрхон сургууль” гээд 50 тэрбум төгрөг тавьчихсан хэрнээ задаргаа байхгүй л ороод ирж байгаа юм. Үүнийг нь нэхээд авахаар Ерөнхий сайд нь 3.5 тэрбум төгрөгийг өөрийнхөө хамаарал бүхий сургууль дээр тавьчихсан байх жишээтэй. Гэтэл улсын сургуулиуд нь өнөөдөр ямар байгаа билээ. Ж.Галбадрах гишүүн Японы сургуулиудаас хуучин ширээ, сандал гуйгаад, түүнийгээ улсын сургуулиудад өгсөн биз дээ. Ийм байтал хувийн хэвшлийн сургуулиуд төсвийн дэмжлэг аваад, ширээ сандал авна гээд байгаа нь маш утгагүй, байж болшгүй зүйл. Хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн мөнгийг хувьдаа авах гэсэн асуудал. Тийм болохоор эдгээр асуудал нэлээд хүндэрч яригдах байх л гэж УИХ-ын гишүүний хувиар харж байгаа.
Өдрийн сонин



