x

Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт

Хувийн сургуулийн талаар төлбөр, төсвийн санхүүжилт, багшийн хөдөлгөөн, боловсролын тэгш байдал, сургалтын чанартай холбоотой асуулт, шүүмжлэл олон нийтэд тогтмол гардаг. Эдгээр асуултыг “зөв, буруу” гэж хоёр туйлд хуваахаас илүүтэй бодит тоо, эрх зүйн зохицуулалт, сургуулийн хүлээх хариуцлагатай нь хамтатган тайлбарлах нь зүйтэй.

НЭГ: МОНГОЛД ХУВИЙН СУРГУУЛЬ ХЭРЭГГҮЙ

Хувийн сургууль хэрэгтэй үгүй гэдгийг үзэл бодлоор биш бодит ачааллаар нь харъя. 2025–2026 оны хичээлийн жилийн мэдээллээр хувийн сургуулиудад 80.000 гаруй хүүхэд суралцаж, 8.000 гаруй багш, ажилтан ажиллаж байна.

Хувийн сургуулийн барилга, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, сургалтын орчны үндсэн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийнхэн хариуцдаг. Хэрэв хувийн сургуулиуд байхгүй байсан бол дээрх тооны хүүхдүүдийг сургах анги танхим, сургууль, багшийн орон тоог төр татвар төлөгчдийн мөнгөнөөс даах шаардлагатай болно. Дээр нь өнөөдөр хувийн сургуульд сурч буй хүүхдүүдийг төрийн сургуулиудад шингээхтэй холбоотой анги дүүргэлт, хичээллэх ээлжийн хэтрэлт, багш нарын ажилгүйдэл, эцэг эхчүүдийн стресс, замын түгжрэл гэх мэт олон асуудал тулгарна.

Хувийн сургууль бол төрийн сургуулийн өрсөлдөгч биш, Монголын боловсролын нэг хэсэг юм.

ХОЁР: ХУВИЙН СУРГУУЛИУД ТӨСВӨӨС ТАТААС АВДАГ

Үгүй. Бүх хувийн сургууль хувьсах зардлын санхүүжилт авдаггүй. 2026 оны Засгийн газрын 149 дүгээр тогтоолоор нийслэлд нэг хичээлийн жилийн сургалтын төлбөр нь 10 сая төгрөгөөс дээш хувийн сургуульд төрөөс хувьсах зардлын санхүүжилт олгодоггүй. Харин 10 сая төгрөг хүртэлх төлбөртэй сургуулиудад төлбөрийн түвшнээс хамаарч нийслэл хотод 634 мянга, орон нутагт байршлаас шалтгаалан 1,2 сая төгрөг хүртэл санхүүжилт олгодог.

Харин төрийн сургуулийн 1 сурагч ойролцоогоор 2.9 сая төгрөгийн санхүүжилтыг төрөөс авдаг.

Өөрөөр хэлбэл хувьсах зардал нь хуулийн шаардлагыг хангаж, сурагчийн ирц, сурлагын албан ёсны статистик, гэрээний гүйцэтгэлээр баталгаажсан сургалтын үйл ажиллагааг дэмжин олгодог санхүүжилт юм.

Хувийн сургууль хувьсах зардал яагаад хэрэгтэй вэ? Төлбөр харьцангуй бага сургууль багшийн цалин, сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөрийн хэвийн хэрэгжилтийн зардлаа зөвхөн эцэг эхийн төлбөрөөр бүрэн нөхөхөд хүндрэлтэй. Тиймээс энэ санхүүжилт нь сургалтын үндсэн зардлын тодорхой хэсгийг дааж, төлбөрийг огцом нэмэх дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой.

Уг санхүүжилт нь багш, ажилтны үндсэн болон ээлжийн амралтын цалин, хөлс, хичээлийн жилийн бэлтгэл ажил, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүн, нэмэлт хөтөлбөрт зарцуулагддаг.

3. УЛСААС ОЛГОЖ БУЙ ХУВЬСАХ ЗАРДАЛ СУРГУУЛИЙН ЭЗНИЙ АШИГ БОЛДОГ

Ингэж ойлгох нь өрөөсгөл. Засгийн газрын 149 дүгээр тогтоолын журмаар хувьсах зардал нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багш, ажилтан, суралцагчийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, боловсролын стандартыг хангахад чиглэсэн урсгал зардлын санхүүжилт юм.

Хувийн сургуулийн бүх зардлыг нь төр хариуцдаггүй. Барилга барих эсвэл түрээслэх, ашиглалт, засвар, хөрөнгө оруулалтын олон зардлыг үүсгэн байгуулагч өөрөө хариуцна.

Энэ дэмжлэгийн эцсийн үр нөлөөг эцэг эхийн талаас нь ч харах хэрэгтэй. Сургалтын үндсэн зардлын тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлснээр сургууль тэр зардлыг бүхэлд нь сургалтын төлбөр дээр нэмж, алдагдлаа нөхөх шаардлагыг багасна. Өөрөөр хэлбэл санхүүжилт нь зөвхөн сургуульд бус, төлбөрийн өсөлтийн дарамтыг бууруулах замаар эцэг эхэд ч тодорхой хэмжээнд хүрдэг.

4. ХУВИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ӨНДӨР

Үгүй. Хувийн сургуулиудын төлбөр нэг түвшинд биш.

Монголын Хувийн Сургуулиудын Холбооны 2025–2026 оны мэдээллийн сан дахь 181 сургуулийг төлбөрөөр нь ангилбал:

§ 1 сая төгрөг хүртэл — 3 сургууль

§ 1–5 сая — 33 сургууль

§ 5–10 сая — 96 сургууль

§ 10–20 сая — 34 сургууль

§ 20 сая төгрөгөөс дээш — 15 сургууль байна.

Өөрөөр хэлбэл 181 сургуулийн 132 нь буюу ойролцоогоор 73 хувь нь 10 сая төгрөг хүртэлх төлбөртэй байна.

Тиймээс хамгийн өндөр төлбөртэй цөөн сургуулийг нийт хувийн сургуулиудын дүр зураг мэтээр ойлгох нь өрөөсгөл байгаа биз?

5. ХУВИЙН СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ҮДИЙН ХООЛЫГ ТӨРӨӨС ДААДАГ

Хүүхдийн өлсөх, цадах хэрэгцээ сурч байгаа сургуулийн өмчийн хэлбэрээс хамаардаггүй. Гэтэл хүүхдэд зориулсан үдийн хоолны санхүүжилтэд сургуулийн өмчийн хэлбэрээр ялгаатай хандаж байгаа нь хүүхдийн эрх, тэгш хүртээмжийн асуудлыг хөндөж байна.

6. ХУВИЙН СУРГУУЛИУД БОЛОВСРОЛООР АШИГ ХИЙЖ БАЙНА

Багшийн цалин, НДШ, байрны ашиглалт, засвар, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөр, технологи гэх мэт бүх зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг хувийн сургууль орлого олохгүй бол оршин тогтнох боломжгүй.

Хувийн сургууль өөрийн хөрөнгөөр сургууль барьж, тоноглож, багш ажиллуулж, хүүхэд сургаж байгаа нь төрийн төрийн ачааллаас хуваалцаж буй хэрэг. Хувийн сургуулиудад суралцаж буй хүүхдүүдийг төрийн өмчийн сургуульд бүрэн шилжүүлэн сургах шаардлага гарвал нэмэлт анги танхим, багшийн орон тоо, ашиглалтын зардлын хэрэгцээ үүснэ. Төсөв ард түмний татвараас бүрддэг.

1 сонирхолтой тооцоо гаргая. СХД-т төрийн барьсан 14.5 тэрбумын төсвөөр тооцвол: 640 хүүхдийн 125 сургууль шинээр барихад зөвхөн сургуулийн барилгын хөрөнгө оруулалт 1,8 их наядын зардал гарна. Жилдээ 230 тэрбумын үйл ажиллагааны зардал гарна.

Тиймээс хувийн сургууль зөвхөн орлого олдог байгууллага биш. Өөрийн хөрөнгөөр эрсдэлээ дааж, боловсролын хүртээмжийг бий болгож, улсын төсөвт ирэх капитал болон урсгал зардлын тодорхой ачааллыг хуваалцаж байгаа хөрөнгө оруулалт, хичээл зүтгэл мөн.

Харин үүнийхээ хажуугаар төлбөр, гэрээ, чанар, хүүхдийн аюулгүй байдал, үр дүнгийн өмнө өндөр хариуцлага хүлээх нь зүйн хэрэг.

7. ХУВИЙН СУРГУУЛЬ БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ

Тэгш бус байдлын шалтгааныг зөвхөн хувийн сургуультай холбох нь хэт залхуу тайлбар болно. Хүүхдийн боловсролын боломжид гэр бүлийн орлогоос гадна амьдарч буй газар, ойр орчмын сургуулийн хүртээмж, анги дүүргэлт, багшийн хүрэлцээ, нэмэлт сургалт, дижитал орчин зэрэг олон зүйл нөлөөлдөг.

Хувийн сургууль бол эцэг эхэд хүүхэддээ боловсрол олгох олон сонголтуудын нэг нь. Нэг гэр бүл хэлний гүнзгийрүүлсэн сургалт сонгож болно, нөгөө нь олон улсын хөтөлбөр, өөр нэг нь жижиг анги, тусгай арга зүй эсвэл гэртээ ойр сургуулийг сонгож болно.

Ийм сонголт байгааг тэгш бус байдлын шалтгаан гэж үзэхийн оронд төрийн сургуулийн чанар, хүртээмжийг хэрхэн дээшлүүлж, гэр бүлийн орлогоос үл хамааран хүүхэд бүрт сайн боловсролын бодит боломж бий болгох вэ гэдэг дээр төвлөрөх учиртай.

Хувийн сургуулиуд тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт, уян хатан төлөлт, эмзэг болон тусгай хэрэгцээтэй хүүхдийн хүртээмж, ил тод элсэлтийн бодлого зэрэг боломжуудыг нэмэгдүүлэх нь боловсролын хүртээмжийг өргөжүүлж буй бодит хувь нэмэр болно.

8. ХУВИЙН СУРГУУЛИУД САЙН БАГШ НАРЫГ ТӨРИЙН СУРГУУЛИАС СУЙЛДАГ

Багшийг “суйлдаг” гэхээсээ илүү багш өөрийн ажиллах газраа сонгодог гэж хэлбэл бодит амьдралд ойр.

Нэг багш өндөр цалин сонгож болно. Нөгөө нь анги дүүргэлт багатай орчин, мэргэжлийн хөгжлийн боломж, удирдлагын арга барил, сургалтын хэрэглэгдэхүүн, ажлын цаг эсвэл гэртээ ойр байдлыг илүүд үзэж болно. Төрийн сургуулиас хувийн сургууль руу шилждэг багш байдагтай адил хувийн сургуулиас төрийн сургууль руу шилждэг багш ч бий.

Хэрэв сайн багш илүү сайн нөхцөл санал болгосон ажлын байрыг сонгож байгаа бол асуудлын гол нь тухайн багшийг буруутгах эсвэл сургуулиудыг хооронд нь сөргөлдүүлэхэд биш харин багшийн хөдөлмөрийг нийт салбарын хэмжээнд илүү үнэлдэг, ажлын ачааллыг бууруулдаг, мэргэжлийн өсөлтийн боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах явдал юм.

Сургуулиуд сайн багшийн төлөө өрсөлдөх нь эцэстээ багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх эерэг талтай.

9. ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ ЗААВАЛ ӨНДӨР ЧАНАРТАЙ БАЙХ ЁСТОЙ

Эцэг эх өндөр төлбөр төлж байгаа бол өндөр шаардлага тавих нь зөв. Төлбөрийн хэмжээ өсөх тусам сургалтын чанар, хүүхдийн аюулгүй байдал, багшийн тогтвортой байдал, сургалтын орчин, үйлчилгээ, мэдээллийн ил тод байдлыг шаардах нь зүй ёсны хүлээлт.

Гэхдээ төлбөрийн дүн өөрөө чанарын баталгаа биш. Сургуулийн чанарыг хүүхдийн бодит ахиц, сургалтын үр дүн, багшийн тогтвортой байдал, хүүхэд хамгаалал, сургалтын орчин, эцэг эхийн сэтгэл ханамж, төгсөгчдийн үр дүн зэрэг олон үзүүлэлтээр харах хэрэгтэй.

Тиймээс энэ асуултын хариулт нь “өндөр төлбөртэй бол заавал сайн” ч биш, “төлбөр чанарт огт хамаагүй” ч биш. Харин төлсөн төлбөртөө тохирсон чанар, үйлчилгээ, үр дүнг эцэг эх шаардах эрхтэй, сургууль түүнийгээ ил тод тайлагнах үүрэгтэй.

10. ТӨРИЙН СУРГУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ МӨНГӨ ХУВИЙН СУРГУУЛЬ РУУ ОЧДОГ

Хувийн сургуулийн барилга, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ болон төрөөс санхүүжүүлэхгүй бусад зардлыг үүсгэн байгуулагч, сургууль өөрөө хариуцдаг. Харин төр тогтоосон шалгуурын дагуу суурь хувьсах зардлын тодорхой хэсгийг л санхүүжүүлдэг.

Төрөөс хариуцах энэ хэсгийг хаслаа гээд хүүхдийг сургах бодит зардал алга болохгүй. Сургууль тэр зардлыг өөр эх үүсвэрээс нөхөх шаардлагатай бөгөөд эцсийн дүндээ сургалтын төлбөрөөр дамжин эцэг эхийн нуруун дээр ирэх дарамт нэмэгдэнэ.

Эцэг эх төлбөрийн ачааллаа даахгүй хүүхдээ төрийн сургуульд шилжүүлбэл төрийн зардал, ачаалал нэмэгдэнэ. Төр тухайн хүүхдийн анги танхим, багш, сургалт, ашиглалтын зардлыг бүрэн хариуцах шаардлагатай болно.

Тиймээс асуудлыг “төрийн сургуулийн мөнгийг хувийн сургуульд өгч байна” гэж харах уу эсвэл “төрийн сургуульд өгч буй санхүүжилтээс хамаагүй бага дүнгээр боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн ачааллыг хувийн хөрөнгө оруулалтаар бууруулж байна” гэж харах уу гэдэг нь асуудлын гол юм.

ДҮГНЭЛТ

Хувийн болон төрийн сургуулийг хоёр тал болгон сөргөлдүүлэх нь асуудлыг шийдэхгүй. Монголын хүүхдүүд бүгд чанартай боловсрол эзэмших эрхтэй, эцэг эхчүүд хуульд нийцсэн сонголт хийх эрхтэй.

Хувийн сургуулийн хувьд хувийн хөрөнгөөр сургалтын хүртээмж, ажлын байр, боловсролын сонголт бий болгож байгаа хувь нэмрээ бодит тоо, үр дүнгээр харуулахын зэрэгцээ төлбөр, гэрээ, чанар, төсвийн санхүүжилтийн зарцуулалтаа ил тод, хариуцлагатайгаар тайлагнах учиртай.

Харин төрийн бодлого “төрийн үү, хувийнх уу?” гэхээс илүү хүүхэд бүрд чанартай боловсролыг хэрхэн хүртээмжтэй хүргэх вэ гэдэгт төвлөрөх учиртай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 8 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 49 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 1 цаг 5 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 1 цаг 12 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 1 цаг 22 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 1 цаг 44 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 1 цаг 50 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 1 цаг 58 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 2 цаг 19 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 2 цаг 34 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 2 цаг 55 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 3 цаг 15 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 3 цаг 22 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 3 цаг 28 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 3 цаг 34 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 3 цаг 41 мин Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно 3 цаг 46 мин Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ 3 цаг 54 мин Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 17 цаг 21 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав
Top