x

В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблайн чуулганд үг хэлэхдээ Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхий дахинд дайны үзэл санаа тархах “тэг цэгийн өвчтөн” хэмээн нэрлэж, дайн цаашид шинэ улс орон, бүс нутгуудад тархах эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Түүний хэлснээр дайн хаашаа ч тархсан зөвхөн сэтгэлийн хямрал, тогтворгүй байдал, шинэ эрсдэл, шинэ хямрал дагуулдаг бөгөөд иймээс Оросын удирдлагад дайныг цааш үргэлжлүүлэх боломж олгохгүй байх шаардлагатай гэжээ.

Зеленскийн илтгэлийн нэг гол хэсэг нь Оросын эрчим хүчний салбар болон дайны санхүүжилттэй холбоотой байв. Түүний мэдэгдсэнээр Оросын газрын тосны салбар урьд өмнө байгаагүй дарамтад орж байгаа бөгөөд Украины зорилго нь газрын тос, бензин, дизель түлш, үйлдвэр, боомтыг өөрсдийг нь устгах бус, Оросын дайныг санхүүжүүлэх болон түүнийг удаан үргэлжлүүлэх чадварыг бууруулахад чиглэж байгаа аж.Үүний зэрэгцээ Зеленский Орос Украины эрчим хүчний систем, халаалтын дэд бүтцэд цохилтоо үргэлжлүүлбэл Киев хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулжээ. Тэрээр ирэх өвөл Оросын “генерал Мороз” буюу хүйтэн цаг агаарын давуу тал Украины эсрэг бус, харин Оросын талд эргэж магадгүй гэсэн санааг илэрхийлсэн байна.Украины ерөнхийлөгч мөн Оросын армийн хохирлын талаар тоо дурдсан бөгөөд нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл Украины нутаг дэвсгэр дэх байлдаанд Оросын Зэвсэгт хүчний 248.964 хүн хохирсон гэж мэдэгдсэн байна.

Мөн Оросын армийн бүрэлдэхүүнд 47 улсын иргэн байлдаж байгаа гэж тэр хэлжээ. Мөн Зеленскийн илтгэл дэх хамгийн анхаарал татах санаануудын нэг нь хиймэл сэтгэхүйтэй холбоотой байв. Түүний анхааруулснаар ирэх жил гэхэд байлдааны талбарт зарим шийдвэрийг зөвхөн хүн бус, хиймэл сэтгэхүй гаргах бодит боломж бий болж магадгүй. Тиймээс ийм цэгт хүрэхээс өмнө энх тайвны тохиролцоонд хүрэх шаардлагатай гэж Украины ерөнхийлөгч үзэж байна.Энэ мэдэгдэл нь Орос-Украины дайны технологийн шинж чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна. Дрон, алсын тусгалт пуужин, хиймэл сэтгэхүйд суурилсан тагнуул, бай онох болон командлалын системүүд дайны талбарт улам бүр чухал болж байгаа энэ үед хүн өөрөө шийдвэр гаргах үйл явцад ямар хэмжээнд оролцох вэ гэсэн асуудал цэргийн технологийн төдийгүй олон улсын аюулгүй байдлын томоохон асуудал болж байна.

Сонирхолтой нь НҮБ-ын индэр дээр Украины асуудлаар улс орнуудын байр суурийн ялгаа мөн тодорхой харагдаж байна. Тухайлбал, 51 улс хамтран гаргасан мэдэгдэлдээ Украин энх тайвныг эрмэлзэж байгаа бөгөөд Орос улс түрэмгийллээ зогсоож, гал зогсоох тохиролцоонд хүрч, энх тайвны төлөөх хэлэлцээнд бүтээлчээр оролцох ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн Украины үр тарианы экспортыг хязгаарлах оролдлого, Украины энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг хууль бусаар шилжүүлэн зөөсөн, албадан нүүлгэсэн гэх асуудлыг дурджээ. Харин АНУ уг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураагүй боловч НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Майк Уолз Украины дайныг өргөжүүлэх аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хаалттай уулзалт хийсэн бөгөөд тэдний яриа ойролцоогоор 50 минут үргэлжилжээ. Уг уулзалтын дараа Рубио АНУ Владимир Путиныг арванхоёрдугаар сард Майами хотноо болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан гэж мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд санал зөрөлдөөнтэй талуудтай уулзах шаардлагатай бөгөөд энэ нь Путинд зөвхөн АНУ-ын ерөнхийлөгчтэй бус бусад дэлхийн удирдагчидтай уулзах боломж олгоно гэжээ.

Украины ерөнхийлөгч өмнө нь G20-ийн уулзалтад Путин оролцвол түүнтэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан боловч Кремль Оросын ерөнхийлөгч уг уулзалтад оролцох эсэхийг одоогоор батлаагүй байна. Лавров Рубиотой хийсэн уулзалтаар оны эцэс хүртэлх G20-ийн арга хэмжээнд бэлтгэх асуудлыг хэлэлцсэн гэж мэдэгдсэн боловч Путины оролцооны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.Рубио-Лавровын уулзалтаас гарсан өөр нэг анхаарал татах мэдээлэл нь эрчим хүчний салбарын хязгаарлагдмал гал зогсоох боломжийн тухай байв. Рубиогийн хэлснээр Москва болон Киев хоёулаа үр тарианы нийлүүлэлт болон эрчим хүчний салбарыг хамарсан тодорхой хэмжээний гал зогсоох зохицуулалтыг сонирхож байгаа боловч үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй.

Тэрээр ийм тохиролцоо нь дайныг бүрэн зогсоохгүй ч хурцадмал байдлыг бууруулахад тусалж болохыг тэмдэглэсэн байна.Харин Лавров НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд хэлэхдээ Москва хэлэлцээнд бэлэн боловч хэлэлцээний хугацаанд байлдааны ажиллагаанд завсарлага хийхгүй гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, дипломат сувгууд нээлттэй байгаа ч байлдааны талбарт дарамт үзүүлэх бодлого зэрэгцэн үргэлжилж байгаа нь талуудын байр суурийн зөрүү хэвээр байгааг харуулж байна.

Тэгвэл Кремлийн өнөөгийн нөхцөл байдлыг Оросын дотоодын тогтвортой байдалтай холбон авч үзсэн барууны зарим судалгааны төв, шинжээчдийн үнэлгээ ч анхаарал татаж байна. Барууны тэргүүлэх геополитикийн шинжээчид, судалгааны хүрээлэнгүүд тухайлбал, Atlantic Council, Royal United Services Institute-RUSI, CSIS Оросын улс төрийн тогтолцоо ойрын хугацаанд гэнэт задрах магадлал бага боловч дайны эдийн засаг, цэргийн зардал, хүн ам зүйн өөрчлөлт болон дотоодын бүтцийн дарамт нь урт хугацаанд системийн тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйл болж болохыг дурдсан байна. Гэхдээ Оросын задралын тухай таамаглалд судлаачдын байр суурь нэгдмэл биш байна.

Зарим эх сурвалж Оросын системийн алдаа, инфляци, Украины цохилтууд зэрэг хүчин зүйл богино хугацаанд улс төрийн тогтолцоонд хүчтэй дарамт үзүүлж болзошгүй гэж үзэж байгаа бол Atlantic Council, Foreign Affairs гэх мэт судалгааны байгууллага Оросын эдийн засаг дайны нөхцөлд дасан зохицож, улс төрийн элитүүдийн нэгдэл хадгалагдаж байгаа тул богино хугацаанд тогтвортой байдлаа үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Харин урт хугацааны асуудалд Оросын дайны эдийн засаг онцгой байр суурь эзэлж байна. Эдгээр мэдээлэлд дурдсанаар Орос холбооны төсвийнхөө ихээхэн хэсгийг цэргийн зардалд зарцуулж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн бүтцэд урт хугацааны дарамт үүсгэж болзошгүй. Үүний зэрэгцээ уламжлалт зэвсэг, техникийн нөөцийн дарамт нэмэгдэхийн хэрээр кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа болон цөмийн сүрдүүлэг зэрэг гибрид арга хэрэгсэлд илүү их найдах эрсдэлийг RUSI зэрэг байгууллагуудын дүгнэлтэд дурдсан байна.

Ийнхүү НҮБ-ын энэ удаагийн чуулганы үеэр Орос-Украины дайн нэгэн зэрэг хэд хэдэн түвшинд өрнөж буй нь харагдав. Нэг талаас Украины эрчим хүчний дэд бүтэц, Оросын газрын тосны салбар зэрэг стратегийн объектуудын эсрэг дарамт үргэлжилж байна. Нөгөө талаас Вашингтон, Москва, Киевийн хооронд дипломат сувгууд бүрэн хаагдаагүй байгаа бөгөөд G20-ийн уулзалт болон эрчим хүчний хязгаарлагдмал гал зогсоох боломжийн талаар яриа өрнөж байна. Гэвч хамгийн том өөрчлөлт нь дайны технологийн шинж чанарт гарч байна. Дрон болон хиймэл сэтгэхүйд суурилсан системүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр ирээдүйн дайнд хүний шийдвэр гаргалт ямар байр суурь эзлэх вэ гэсэн асуулт улам хурцаар тавигдах болжээ. Зеленскийн “Хиймэл сэтгэхүй байлдааны талбарт шийдвэр гаргаж эхлэхээс өмнө энх тайван хэрэгтэй” гэсэн анхааруулга энэ өөрчлөлтийн нэг илэрхийлэл юм.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 7 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 25 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 37 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 54 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 54 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 1 цаг 48 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 4 цаг 12 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18
Top