Дэлхийн банк Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геологийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр энэ хүрээнд уул уурхайн салбарын “Country Compact” боловсруулахыг санал болгожээ. Энэ баримт бичиг нь гэрээ, санамж бичиг биш, хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй, харин хамтын ажиллагааны зорилго, тэргүүлэх чиглэл, хугацаа, хүрэх үр дүнг тодорхойлох тунхгийн шинжтэй аж.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням Монголын талын тэргүүлэх чиглэлийг танилцуулж, геологи, геофизикийн судалгааг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үндэсний болон газар ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах, салбарын мэдээллийг нээлттэй, нэгдсэн платформ бий болгох шаардлагатайг онцлов.
Дэлхийн банкны тал Монголын санал, тэргүүлэх чиглэлд тулгуурлан “Country Compact”-ийн төсөл боловсруулж танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.



