Узбекистаны Самарканд хотод 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад болж өндөрлөлөө. Тэмцээнд 205 орны 390 гаруй эрэгтэй, эмэгтэй баг 11 өргийн турш оюун ухаанаа уралдуулж, медалийн эзэд тодорчээ.
Тэмцээний нээлттэй ангилалд ФИДЕ мастер Б.Ану дасгалжуулагчтай баг “В” ангилалдаа мөнгөн медаль хүртжээ. Багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, Х.Итгэлт, Ү.Агьбилэг нар багтсан бөгөөд тэд сүүлийн өрөгтөө Грекийн багтай тэнцсэн юм. Ингэснээр долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдсоноор 15 оноотой 26 дугаар байрт бичигдсэн бөгөөд B ангилалдаа мөнгөн медаль хүртжээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлагад их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнзул, Б.Баярмаа, кандитат мастер Х.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй баг 17 оноотойгоор долдугаар байр эзэллээ. Тэд сүүлийн өрөгтөө Грекийн багийг 2.5:1.5-аар буулган авсан юм. Энэ өрөгт нэгдүгээр ширээнд олон улсын мастер Б.Мөнгөнзул хожигдсон бол хоёрдугаар ширээнд их мастер Т.Мөнхзул тэнцэж, гурав болон дөрөвдүгээр ширээнд кандитат мастер Х.Баясгалан, олон улсын мастер Б.Баярмаа нар хожсон байна. Ингэснээр найм хожиж, нэг тэнцэн, хоёр хожигдсон амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа. Эмэгтэйчүүдийн баг дэлхийн олимпиадын шилдэг 10 багийн нэг болсон нь Монголын шатрын спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм.
Эрэгтэй, эмэгтэй багуудын нэгдсэн дүнгээр манай баг 16 дугаар байрт жагсав. Хувийн амжилтаар эмэгтэйчүүдийн гуравдугаар ширээнд тоглосон эмэгтэй кандидат мастер Х.Баясгалан 11 өргөөс зургаан хожил авч, дөрөв тэнцэн, нэг хожигдож, найман оноотой ширээндээ дөрөвдүгээр байр эзэллээ. Түүний хувьд 19 насандаа ФИДЕ мастерын болзол хангаж, олон улсын мастер цолны нэг норм биелүүлж байна.









