/TASS/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний хэсгийн шатны III тойргийн тоглолтод Португалын шигшээ багийн хөлбөмбөгчид Данийн багийг 4:2 харьцаагаар хожлоо.
Копенгаген хотод болсон уг тоглолтод Португалын Жоау Канселу (13 дахь минут), Гонсалу Рамуш (25), Витинья (67), Жоау Феликс (87) нар, Данийн Миккель Дамсгор (23), Расмус Хёйлунн (53) нар гоол оруулжээ.
Тоглолтын өмнөхөн шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхиж явсан Криштиану Роналду тоглолтод оролцоогүй бөгөөд тэрбээр үүнийхээ шалтгааныг тайлбарлана гэдгээ мэдэгдсэн байна. O Jogo сонинд бичсэнээр, Роналду цаашдаа шигшээд тоглохгүй бололтой.
Өчигдөр болсон өөр нэгэн тоглолтод Норвегийн шигшээ баг Уэльсийн багт 1:2 харьцаагаар хожигджээ. Норвегийн хамгаалагч Торбьёрн Хеггем 46 дахь минутанд улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн байна.
Одоогийн байдлаар, Португалын шигшээ баг 9 оноотойгоор 4 дүгээр хэсгийг тэргүүлж байна. Удаад нь тус бүр 3 оноотой Дани, Норвег, Уэльсийн багууд бичигджээ. 4-ний өдөр явагдах дараагийн тойргийн тоглолтод португалчууд Норвегийн багийг талбайдаа хүлээн авах бол даничууд Уэльсийн талбайд тоглоно.
Хэсэг тус бүрийн шилдэг хоёр баг Үндэстнүүдийн лигийн шөвгийн наймд шалгарах бол хэсэгтээ сүүлчийн байр эзэлсэн багууд II дивизион руу шилжинэ. Харин хэсэгтээ 3 дугаар байр эзэлсэн багууд дараагийн улиралд элит дивизионд тоглох эрхийн төлөө өрсөлдөнө.



