x

Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн

МУ-ын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай 2027 оны төсвийн талаар ярилцлаа.

-УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Таны хувьд орж ирсэн 2027 оны төсвийг ямар байр сууринаас харж байна вэ?

-Юуны өмнө Монгол Улсын төсвийн зарлагатай холбоотой хэд хэдэн зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, өргөн барьсан энэ төсөв хууль зөрчиж байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж бий. Тэр дотор 2027 онд Монгол Улсын төсвийн нийт зарлагыг ДНБ-ий 30 хувь болгоно гэж тодорхой заачихсан. Гэтэл Засгийн газар төсвийн зарлагыг 37.8 хувь болгоно гэж оруулаад ирж байна. Бид өмнө нь УИХ дээрээ баахан ярьж, тодорхой тоо үзүүлэлтүүдийг баталдаг. Таван жилийн багцаа тоонуудыг баталсан байхад, зарлагаа 30 хувь байна гэж тогтоосон байхад түүнийгээ бүр 7.8 хувиар нэмэгдүүлээд оруулаад ирж байгаа нь хуульд нийцэхгүй. Хоёрдугаарт, Засгийн газрын өртэй холбоотой асуудал байна. Энэ онд өрийн хэмжээг 50 хувь байсныг ирэх жил 45 хувь болгоно гэж баталчихсан. Гэтэл одоо тэр болохгүй юм байна гээд буцаагаад 50 хувь дээрээ орж ирж байна. Тэгэхээр зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв байна гэж АН-ын бүлэг дээр ярилцсан. Тийм учраас үүнийг засуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй байсан нь үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Хуралд орохгүй байна гэдэг чинь үүнийгээ зас гэж байгаа юм. Алдаа нь жилээс жилд улам олон болж нэмэгдээд байгаа учраас манай бүлэг орохгүй байсан. Үүнийгээ засаж байж, цаашдаа асуудлаа зөв болгож байж ярья гэж байгаа юм.

-Та төсвийн зарлагын өсөлтийн талаар график үзүүлж байсан. Монгол Улсын төсвийн зарлага ямар хандлагатай байна вэ?

-Монгол Улсын төсвийн зарлага 2019 оноос хойш ямар хурдтай өсөж ирснийг тэр графикаар би харуулсан. Өмнөх онуудад харьцангуй гайгүй байсан. Энд хэн засаг барьж байсан тухай яриагүй, оноор нь ярьсан. Гэхдээ үүнд жаахан анализ хийж үзэхэд би ер нь юунд их харамсаад байдаг вэ гэхээр сонгуулийн өмнөх жил Монгол Улсын төсвийн зарлага маш ихэсдэг. Яадаг вэ гэхээр хэрэгтэй, хэрэггүй байшин савыг төсвийн мөнгөөр барина гээд төсөвт оруулдаг. Тэгээд олон нийтээс, сонгогчдоос санал авахын тулд тодорхой хэмжээний хэрэгтэй, хэрэггүй зардлууд их гаргадаг. Тийм учраас сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага дандаа өсөж ирсэн. Би “дандаа” гэдгийн цаана гурван удаагийн сонгуулийн жилүүдийг хэлж байна. 2016 оны төсвийг аваад үзье. 2016 оны сонгуулийн өмнө төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 39 хувь болсон. Энэ хамгийн өндөр үзүүлэлт байгаа. 2020 онд бас сонгуулийн жилд хамгийн өндөр болсон. 2024 онд мөн хамгийн өндөр болсон. Тэгэхээр сонгуульд зориулаад бид татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдийн төлсөн мөнгийг үрэн таран хийх гээд байна гэж харж байгаа.

-Тэгэхээр энэ удаагийн төсөв 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан учраас ингэж өндөр зарлагатай орж ирсэн гэж үү?

-Ийм хандлагаар ард иргэдийг хуураад байж болохгүй. Эсвэл эд нар АН-ыг хуурч байна уу. Нөгөөтэйгүүр манай нам үүнийгээ зөв болгооч гэж шаардлага тавихаар улс төржлөө гэдэг. Гэтэл үүний цаад талд энэ улс орны амьдрал, ялангуяа аж ахуйн нэгжүүд, ард иргэдийн ахуй амьдралд улам хүндрэл учирна.

-Төсвийн зарлага өсөхөөр иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ төсвийн зарлага өсөхөөр цаашаа яадаг юм гэхээр одоо 13 хувьтай байгаа юмны үнийн өсөлт нэмэгдэнэ. Би яг тэд гэж хэлээд яах вэ. Зарим байгууллагын хэлж байгаагаар бараг гурван хувиар нэмэгдэнэ шүү. Хэрэв энэ төсвийг энэ чигээр нь явуулах юм бол, төсвийн зарлагаа ийм өндөр байлгах юм бол юмны үнэ маш их өснө гэж байгаа юм. Тийм учраас хэрэггүй зардлуудаа хасаач ээ, танаач ээ гэж хэлж байгаа юм.

-Танай Засгийн газрын үед төсвийн зарлагаа яаж бууруулж байсан юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид 2013-2014 онд ажилласан. Тэр үед бид ДНБ-д эзлэх төсвийн зарлагыг бодитой буулгасан. Гэвч дахиад сонгууль дөхөөд өсөөд явчихсан байгаа. Тэгэхээр ингэж нэг удаагийн сонгуулиар Монгол Улс амьдармааргүй байна. Ийм байдлаар, хоноцын сэтгэхүйгээр энэ улс орондоо хандаж болохгүй. Аж ахуйн нэгжүүд, ард иргэдийнхээ ахуй амьдралд яг бодитой хэрэг болох зүйлийг хиймээр байна.

-Танай Засгийн газар яг ямар чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байсан бэ?

-Монгол Улсын нийт зарлага тухайн үед таван их наяд л байсан. Одоо эд нар 34 их наяд гэж ярихаар тавыг үржүүлэх нь долоо, 35 орчим болж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор долоо дахин ихэссэн байна. Тэгээд бидний хэлээд байгаа зүйл нь төсвийн зарлага ихэсгэж болно л доо. Үгүй ээ, тэгэхээр тэр үеийн хүмүүсийн амьдрал долоо дахин өссөн юм уу, сайжирсан юм уу гэдэг асуулт гарна.

-Та ч бас Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Тэр үед улсын төсөв анх удаа ашигтай гарч байсан гэж ярьдаг...?

-Тэгэхээр би ганцхан жишээ хэлье. 2005 онд би Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын төсөв, би ойролцоогоор хэлж байна, 800 орчим тэрбум төгрөг байсан. 800 тэрбум гэдэг чинь нэг их наяд хүрэхгүй байгаа биз дээ. Би Сангийн сайд байхдаа Монгол Улсын төсвийг алдагдалгүй, 73 тэрбум төгрөгийн ашигтай гаргаж хүлээлгэж өгч байсан түүхтэй. Би Сангийн сайдын ажлыг нэг жил зургаан сар л хийсэн байх. Тэгэхээр энэ процессын дунд орж, сан хөмрөг маань яах ёстой вэ, яавал хүмүүсийн амьдрал ахуйд хэрэгтэй вэ, яавал аж ахуйн нэгжүүдийн ачаалал бага байх вэ гэдгийг гардан хийж байсан хүний хувьд үнэхээр харамсдаг. Би УИХ-ын чуулган бүр дээр төсөв ярихад дандаа энэ байр сууриа илэрхийлдэг. Даанч нөгөө “илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрдэг, алт хийсэн ч сэгсэрдэг” гэдэг шиг л яваад байгаа. Харин энэ удаа манай намын бүлэг ямар ч байсан зөв шийдвэр гаргаад, үүнийг зогсоох гэж оролдож байгаа.

-Тэгвэл төсвийг ямар байдлаар өөрчлөх ёстой гэж та, танай намын бүлэг үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, энэ төсвийнхөө зарлагыг буулгаач ээ. Бүх зарлагыг нэг бүрчлэн үзээч ээ. Ер нь энэ улсын зарлага гээд байгаа юмны дотор хэрэггүй зүйл зөндөө байгаа байх.Өнөөдөр дарга нарын унадаг унаа, дарга нарын суудаг контор, хэрэгтэй, хэрэггүй байшингууд, ширээ сандал, компьютер гээд ерөөсөө хасъя гэвэл зөндөө юм байна. Дээр нь зарлага битгий нэмэгдүүлээч. Манай Засгийн газар байх үед бид яасан юм гэхээр, намайг “өө, зөндөө олон барилга ингэж царцааж хаясан байна” гэж ярьдаг. Үүн шиг царцаагаач, дуудлага худалдаанд оруулаад зараач, хэрэггүй бол. Ингээд төсвийнхөө зарлагыг нэмэгдүүлэхгүй байх, байгаа төсвийнхөө зарлагыг багасгах ийм арга замаар ажиллаж байж бид энэ улс орноо өөд нь татна. Аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Татвар нэмж болохгүй. Тэгээд ард иргэдийн ахуй амьжиргаанд, айл өрхүүдэд ордог мөнгө нэмэгдэнэ. Төсвийн тухайд би ийм л юм хэлнэ. Би байнга энэ сэдвээр, яг энэ чиглэлээр ийм өөрчлөлт хийгээд өгөөч гэж гуйж нэг хэлдэг, загнаж нэг хэлдэг, зэмлэж нэг хэлдэг. Янз бүрээр л хэлдэг.

-Засгийн газрыг огцруулах асуудлыг АН санаачилж байгаа нь танай намыг буруутан болгож харагдуулж байна гэсэн шүүмжлэлд та юу хэлэх вэ?

-Би өөрөө бас Ерөнхий сайд байсан хүн. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хэн ч санаачилж болдог. Түүхийг нь аваад үзэх юм бол голцуу цөөнхийн санаачилдаг асуудал байдаг. Тэгэхээр тэр нь болохгүй байгаа учраас л ийм санал гаргадаг. Түүнээс биш хийх ажлаа олж ядаад Засгийн газрыг огцруулна гэдэг асуудал байж болохгүй. АН Засгийн газрыг огцруулна гэдэг санал тавьсан гэнэ гээд үүнийг нэг их мундаг юм болгож яриад байх шаардлага байхгүй. Энэ бол байдаг л зүйл. Яагаад гэвэл ард түмний ахуй амьдрал болохгүй байна, юмны үнэ өсчихлөө. Гэтэл эд нар чинь ард түмний ахуй амьдралын асуудлаар биш, амин хувийн эрх ашгийн хэрүүл хийгээд сууж байгаа биз дээ. Тэгэхээр энэ дээр АН-ыг буруутгаад байх огт хэрэггүй.

Миний үед намайг огцруулъя гэдэг саналыг Ардын намын бүлэг тавьж байхад бид нэг их гоншигноод байгаагүй. Тавих юмыг нь тавьдгаараа тавьж байна л гэж үздэг. Харин огцруулах, огцруулахгүй эсэх нь олонхоос шалтгаалдаг байхгүй юу. Өнөөдөр олонх бол Ардын нам. Энэ олонх хажуудаа авсан хүмүүстэйгээ нийлээд дал гаруй гишүүнтэй биз дээ. Тэр далан хүн одоо юундаа тэгж сандарч, тэвдээд байдаг юм. Цаана нь 50-иад хүн байна. Тэгээд далан хэдүүлээ ярьж байгаад “Ард түмний ахуй амьдрал сайхан байгаа, ард түмэн жаргаж байгаа” гэвэл аваад л үлдэнэ биз. Үүнийг хэлэлцээд, саналаа хураагаад олонх нь үлдээх эсэхийг шийдэх нь Ардын намын асуудал. Ардын нам “Үгүй ээ, бид нар одоо ингээд Засгаа авч үлдээд ажиллуулна” гэвэл ажиллуулна биз. Ажиллуулна гэдэг нь ажлаа хийе гэсэн үг. Түүнээс биш одоо хэдэн Засгийн газар огцруулж, хэдийг нь авч үлдэж байгаа юм мэдэхгүй. Ер нь бол ажлаа хийх ёстой.

-Та “улсаараа ухарч явна” гэж хэлж байсан. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?

-Бид одоо улсаараа ухарч яваа нь үнэн шүү дээ. Юу гэхээр улсаа удирдан чиглүүлж байгаа МАН гэдэг нь ажлаа хийхгүй, дээр нь өөр хоорондын арилжаа, наймаа, хэрүүл уруул ярьж байгаагаас болоод өнөөдөр үнийн өсөлт 13 хувь болчихлоо. Хавар гэнэтхэн цочсон юм шиг гарч ирснээ 2500 тонн мах хаашаа алга болчихов гээд солиороод байсан биз дээ. Энэ эрх баригчдын хариуцлагагүй асуудлыг манай бүлэг яриад, Засгийн газрыг огцруулах нь зүйтэй юм гэж үзсэн.

-Засгийн газрыг огцруулах бичиг байгаа эсэх асуудлыг ярьж байгаа. Танай намын дарга байгаа гэдэг. Байгаа бичгээ тэгээд өргөн бариач гэхээр таг чиг. Энэ бичгийн талаар танд мэдээлэл бий юу?

-Мэдэхгүй. Би гарын үсгээ зурчихсан хүн. Өргөн барьчихсан гэж ойлгоод явж байгаа. Өргөн бариагүй бол удахгүй барих байлгүй дээ. Энэ бол нэг их асуудал биш шүү дээ.

-Мөн Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх шаардлага тавьж байгаа. Энэ талаар та юу гэж харж байна вэ?

-Ер нь бид “баруун тийшээ хараад зогсчихож гэнэ ээ, уг нь зүүн тийшээ харж зогсох ёстой юм” гэдэг шиг л байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Хамгийн чухал нь өнөөдөр ахуй амьдрал болж байгаа юу, болохгүй байгаа юу. Аж ахуйн нэгжүүд маань татварын дарамтад сөхөрч унаж байгаа юу. Ханш унаж байгаа юу. Юмны үнийн өсөлт гаарсан уу. Үүнийг л ярих ёстой биз дээ. Тэнд АН-ын өргөн барьчихсан байгаа нь зөв үү, буруу юу гэдэг тухай яриад ерөөсөө хэрэггүй.

-Хэрэв Засгийн газар хэвээр үлдвэл таны ярьж байгаа ахуй амьдрал сайжрах, эдийн засгийн асуудлууд шийдэгдэж чадах уу?

-Үгүй ээ, хэн мэддэг юм. Ардын намаас асуугаач. Ер нь Л.Оюун-Эрдэнийг яах гэж огцруулсан юм. Хэн огцруулсан юм бэ. Олонх нь огцруулсан биз дээ. Дараа нь хэн боллоо, Г.Занданшатар. Бас хэн тавьж, хэн огцруулсан юм. Би лав тавиагүй. Дараа нь хэн боллоо, Н Учрал. Одоо Н.Учралыг огцруулах эсэх тухай ярьж байна. Тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэг ойлголттой болох шаардлагатай. Үе үеийн Засгийн газрыг олонх өөрсдөө л огцруулдаг, өөрсдөө л дараагийн хүнээ томилдог байхгүй юу. Энэ бол АН-д ямар ч хамаагүй асуудал. Санаачилга нь Үндсэн хуулиараа олгогдсон эрхийнхээ дагуу болохгүй, бүтэхгүй байгаа юмыг нь “огцруулъя” гэдэг санал санаачилга гаргах нь АН-ын үүрэг. Тэр үүргээ л биелүүлж байна. Тэгээд аваад үлдэх эсэхээ олонх нь шийднэ биз.

-Ойлголоо. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэг зүйл асууя. Нэр хүндийн судалгаагаар таны үзүүлэлт өндөр гарсан байна лээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Өмнө нь сэтгүүлчдэд надаас яг ингэж асуухаар нь би “одоо тэр тухай яриад яах вэ. Цагаан хэл ам болно” гэж хариулж байсан юм. Яах вэ, тоглож л хэлсэн ухаантай. Ер нь бол хар пиар эхэлчихдэг байхгүй юу. Одоо бол эхэлчихсэн л явж байна лээ. Тэгэхээр хүнийг гүтгэж, харлуулж байгаа зүйлд ард түмэн минь битгий итгээрэй. Хүний хийсэн ажил, явсан мөрийг нь л харах хэрэгтэй гэж хэлье.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал хөндөгдөх үед хууль, шүүхийн байгууллага таныг гацааж магадгүй гэсэн болгоомжлол бий юу?

-Гацахгүй шүү дээ. Одоо зүгээр эрүүл хүн бодоход Монголд хууль, шүүх гэж байдаг бол шүүх нь намайг гурван удаа цагаатгачихлаа. Одоо ер нь бараг ханасан юм биш үү. Би хувьдаа тэгж бодож байгаа. Хүмүүс бас “Чи УИХ-ын гишүүн байж шүүх дээр яваад байх юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг чинь түдгэлзүүлээгүй байхад шүүх дээр яах гэж явдаг юм” гэж хэлж байна лээ. Би харин ард түмэндээ яах гэж шүүх дээр очсоноо хэлмээр байна. Би хэрэг хийгээгүй хүн шүү гэдгээ нотлох гэж дөрвөн жил явлаа. Цаашдаа ямар нэгэн байдлаар Н.Алтанхуягийг шүүх, хэрэгтэй холбож авч үлдэх гэсэн янз бүрийн оролдлого гарвал энэ бол намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн л ажиллагаа. Түүнээс биш намайг буруугүй гэдгийг гурван удаагийн шүүх бүгд тогтоочихсон. Нөгөөтэйгүүр Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын санаачлаад, УИХ-аар батлуулсан нэг хууль байгаа.Тэр хуульд шүүхээс нэг хэргийг доош нь буцаадгийг хориглосон байдаг.

Ер нь шүүхээр хүнийг ингэж олон удаа буцаагаад явуулаад байдаг нь юу гэсэн үг вэ. Нэгдүгээрт, захиалгатай байж болно. Хоёрдугаарт, хүнийг тамлан зовоож байгаа хэрэг. Гуравдугаарт, над шиг хүний хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэж барьцаанд авах гэсэн оролдлого. Ийм ойлгомжтой асуудал юм. Тэгэхээр дээрх гишүүдийн батлуулсан тэр хууль бол маш зөв хууль гэж би хэлнэ. Энэ бол зөвхөн Н.Алтанхуягийн асуудал биш. Хүн анхан шатны шүүх дээр цагаадаад, давж заалдах шатандаа ч цагаатгагдсан байхад Дээд шүүх буцаадаг нь ямар учиртай юм. Буцаад ирснийх нь дараа анхан шатны шүүх дахиад цагаатгачихсан. Тэгэхээр нь дунд шатны шүүх нь дахиад буцааж байна. Өмнө нь өөрсдөө юу гэж хэлж, цагаатгасан билээ. Энэ асуудлаар хэн нэгэн хүн рүү биечлэн дайраад яах вэ. Ер нь бол захиалгатай л гэж ойлгогдож байгаа. Монголын ард түмэн бүгдээрээ ойлгож байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 16 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 49 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 2 цаг 3 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 2 цаг 20 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 3 цаг 1 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 3 цаг 17 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 3 цаг 24 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 3 цаг 34 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 3 цаг 56 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 4 цаг 2 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 6 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 4 цаг 10 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 4 цаг 31 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 4 цаг 46 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 5 цаг 7 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 5 цаг 28 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 5 цаг 34 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 5 цаг 40 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 5 цаг 47 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 5 цаг 53 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн
Top