x

С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно

Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.

Энэ удаагийн Үндсэн чиглэл нь өмнөх жилүүдийнх шиг "гал унтраах" зорилготой уламжлалт баримт бичиг бус, харин Төв банкны хараат бус байдлыг хангаж, хуримтлагдсан 6.9 их наяд төгрөгийн алдагдлыг ил тод шийдвэрлэх, цаашлаад төсөв-мөнгөний бодлогын уялдааг хуульчлах зэрэг олон жил гацсан системийн өөрчлөлтүүдийг хөндсөнөөрөө онцлог.

Үндсэн чиглэлийн гол агуулга, иргэдийн амьдралд үзүүлэх бодит нөлөөллийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой "Өдрийн сонин" ярилцсаныг хүргэж байна.

-Монголбанкнаас 2027 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлж, батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байна. Та өмнөх үгэндээ энэ удаагийн бодлогын баримт бичгийг уламжлалт бус хэв маягаар боловсруулсан гэж онцолсон. Юугаараа онцлог вэ?

-Хамгийн гол онцлог нь, энэ бол зүгээр нэг жилийн ажлын жагсаалт бус, эдийн засгийн суурь өвчнийг эмчлэх "Системийн шинэчлэл"-ийн эхлэл юм. Энэхүү баримт бичиг нь Монголбанкны шинэ удирдлагын баталсан “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан Төв банк байх” 2026–2030 оны дунд хугацааны стратегитай яв цав нийцэж байгаа.

Бид өнгөрсөн хугацааны алдаагаа давтахгүй байх үүднээс, дараах дөрвөн суурь өөрчлөлтийг энэ баримт бичигт хатуу суулгаж өгсөн. Нэгд, төв банк хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлаа нээлттэй тайлагнаж, бодитой шийдэл санал болгож байна. Хоёрт, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуульчлах шинэ тогтолцоо дэвшүүлж байна. Гуравт, төв банк анх удаа бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хариуцах нэгж, суурь болон зорилтот түвшин, тайлагнах давтамжтай нь тодорхойлсон. Дөрөвт, технологийн шинэ үе буюу хяналт шалгалтыг цаасан тайлангаар биш, их өгөгдөл (Big Data), хиймэл оюунд суурилсан ухаалаг системээр бодит цагийн горимд хийж, нээлттэй банкны технологийг үе шаттай нэвтрүүлнэ.

Тиймээс л 2027 оны Үндсэн чиглэлийг бид уламжлалт "Гал унтраах" арга барилаас татгалзсан, дунд хугацааны системийн реформын баримт бичиг болсон гэж онцлоод байгаа юм.

-“Өнгөрсөн 15 жилд инфляц зорилтот түвшиндээ ердөө 5-хан жил хүрсэн” гэсэн шүүмжлэлтэй дүгнэлт хийжээ. Яагаад ийм байдалд хүрэв ээ? Эндээс та бүхэн ямар сургамж авав?

-Инфляц буюу үнийн өсөлт сүүлийн жилүүдэд бидний зорилтот 6 хувиас тогтмол давж, савлагаа нь бүр ужгирсан шинжтэй болсон. Тоон баримтаар хэлбэл, инфляц зорилтоос хазайх дундаж зөрүү 2016–2020 онд 4 нэгж хувь байсан бол, 2021–2026 онд 4.7 нэгж хувь болж улам нэмэгдсэн. Үүнийг бид зөвхөн гадаад орчин, эсвэл мах, шатахууны нийлүүлэлт рүү чихээд өнгөрч болохгүй. Үнийн өсөлт ингээд хяналтаас гарч, ужгирсан шалтгааныг задалж үзвэл үндсэн гурван том хүчин зүйл давхцаж байна. Нэгдүгээрт, нийлүүлэлтийн тогтмол тасалдал. Мах, шатахуун зэрэг гол нэрийн барааны нийлүүлэлтийн доголдол, цаг агаарын хүндрэл, гадаад шокууд жил бүр шахам давтагдаж байна.

Хоёрдугаарт, улс төр дагасан төсвийн хэт тэлэлт. Сүүлийн 25 жилийн статистикийг харахад, улсын төсвийн зардал УИХ-ын сонгуулийн өмнөх жилүүдэд дунджаар 27.7 хувь, сонгуулийн жилд 28.7 хувиар огцом хөөсөрч өсдөг мөчлөгтэй байна.Тухайлбал, сүүлийн 25 жилийн 7 жилд нь төсвийн зардал 30 хувиас давж тэлж байжээ. Ийм улс төржсөн, мөчлөг дагасан төсвийн тэлэлт нь эдийн засаг дахь эрэлтийг хүчээр хөөрөгдөж, инфляцыг барих Монголбанкны орон зайг маш ихээр хумьж ирсэн.

Гуравдугаарт, Төв банкны хараат байдал ба сахилга батгүй тогтолцоо. Энэ бол бидний өөрсдөдөө хийж буй хамгийн том шүүмжлэл. Өнгөрсөн хугацаанд Төв банк хараат бус байж чадалгүй төсвийн шинжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж, "хий мөнгө хэвлэх" үйл ажиллагаанд татагдан орсон. Мөн мөнгөний нийлүүлэлтийн сувгуудаа оновчтой удирдаж, зах зээл дэх илүүдэл нөөцийг зохистой шингээх тогтолцоог бүрдүүлж чадаагүй нь инфляц хөөрөгдөх суурь шалтгаан болсон гэж бид дүгнэж байгаа.

Инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр зохицуулаад явна гэдэг нь маш хязгаарлагдмал, явцуу арга гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Иймээс л бид энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа Төв банкны тухай хуулийг шинэчилж хараат бус байдлыг хангах, засаглал болон технологийн шинэчлэл хийх, цаашлаад Төсөв-Мөнгөний бодлогын уялдааг хуульчлах зэрэг "Системийн иж бүрэн реформ"-ын шинжтэйгээр өргөн барьж байгаа юм.

-Одоогийн нөхцөл байдал руу оръё. Инфляц одоо 12.5 хувь байна. Зарим улс төрчид үүнийг Төв банк ажлаа хийж чадахгүй байгаагийнх гээд, та бүхнээс хариуцлага нэхэх хандлагатай байна. Цаашид инфляцыг ямар түвшинд барих бодлого оруулж ирж байгаа вэ?

-Бодит тоо баримтыг задлаад харвал тэдгээр улстөрчдийн шүүмжлэл ямар ч эдийн засгийн үндэслэлгүй гэдэг нь маш тодорхой харагдана. Наймдугаар сард жилийн инфляц 12.5 хувьтай байгаагийн бараг 60 гаруй хувь нь ердөө л мах, шатахуун болон төрөөс зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй байна. Махны үнэ жилийн 49.8 хувиар өсөж инфляцын 4.4 нэгж хувийг, шатахуун үнэ 28.2 хувиар өсөж инфляцын 1.7нэгж хувийг дангаараа бүрдүүлж байна.

Хэрэв энэ хоёрхон барааны нийлүүлэлтийн шокийг хасаж тооцдог Монголбанк шууд хариуцдаг буюу мөнгөний бодлогоор нөлөөлөх боломжтой "Суурь инфляц" өнөөдөр 6.9 хувьтай л байгаа. Төв банк бодлогын хүүгээрээ махны нийлүүлэлт нэмж, Оросоос орж ирэх бензиний квотыг шийдэж чадахгүй шүү дээ. Гэхдээ эдгээр барааны үнийн өсөлт бусад бараанд дамжиж үнэ хөөрөгдөх (дам нөлөө) эрсдэл өндөр байсан тул, Монголбанк үүнээс хамгаалж наймдугаар сард аргагүйн эрхэнд бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувийг огцом чангаруулах арга хэмжээ авсан.

Хоёрдугаарт, бид бодит үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Өнөөдрийн энэ инфляц, макро эдийн засгийн тогтворгүй байдал бол өчигдөрхөн гарч ирсэн асуудал огт биш. Энэ бол өнгөрсөн 15 жилийн турш эдийн засгийн суурь тогтолцооны шинэчлэл (Реформ)-ээ хийлгүй, гал унтраах төдийхнөөр цаг аргацааж, төсөв, мөнгөний бодлого нь ямар ч сахилга батгүй явж ирсний ужгирсан үр дагавар, түүний төлөөс юм. Тэгэхээр 15 жил хуримтлагдсан, бугласан энэ өвчний хариуцлагыг дөнгөж хэдхэн сарын өмнө томилогдсон шинэ Засгийн газар, эсвэл Монголбанкны шинэ удирдлагын багт шууд тохох нь ямар ч логикгүй. Бид өнгөрсөн рүүгээ буруугаа чихэж, аргацаахын оронд, харин ч энэ бугласан асуудлыг ёзоороор нь шийдэх "Системийн цогц шинэчлэл"-ийг энэ удаагийн Үндсэн чиглэлээрээ анх удаа зоригтойгоор эхлүүлж байна.

Цаашид бид инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьсан. Монголбанкны төсөөллөөр намар махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалттай холбоотойгоор хүнсний бүлгийн инфляц саарах төлөвтэй байна. Гэхдээ цалингийн өсөлтөөс үүдэх эрэлтийн дарамт болон шатахууны эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляц зорилтот нам түвшиндээ тогтвортой буцаж орох хүртэл Монголбанк мөнгөний хатуу бодлогоо тууштай баримтлах болно.

-Мах, шатахууны үнийн огцом өсөлт бараг жил бүр давтагддаг болжээ. Үүнийг мөнгөний бодлогоор шийдэх боломжтой юу?

-Шууд шийдэх боломжгүй. Харин ч хүчээр шийдэх гэж оролдвол маш хортой үр дагавартай байдаг.Бид өмнө нь яалаа? Мах, шатахууны үнэ өсөхөөр "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэдэг нэрээр Төв банк өөрт байхгүй мөнгийг хэвлэж, компаниудад хөнгөлөлттэй зээл тарааж үнийг хүчээр барьж ирсэн. Үр дүнд нь Монголбанкны алдагдал асар ихээр нэмэгдэж, хэвлэсэн мөнгө нь эргээд далд инфляц болж иргэдийн халаасыг хоосолсон, валютын нөөцөө гөвж ханшаа алдсан шүү дээ. Бид энэ алдааг дахиж хэзээ ч давтахгүй. Мах, шатахууны үнэ өсөөд байгаагийн гол шалтгаан нь мөнгө дутсандаа биш, харин нийлүүлэлт, агуулах, ложистикийн дэд бүтэц муу байгаатай холбоотой. Тиймээс санхүүжилтын суурь шийдэл нь Төв банк мөнгө хэвлэх биш, харин "Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт" буюу цэвэр зах зээлийн аргаар шийдэх явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид стандартын шаардлага хангасан агуулахад бараа, махаа нөөцөлсөн л бол, тэрхүү бараагаа барьцаалж, арилжааны банкуудаас хэвийн зээл авч эргэлтийн хөрөнгөө шийдэх (Факторинг буюу худалдааны санхүүжилт) эрх зүйн орчныг Засгийн газар, СЗХ-той хамтран бүрдүүлэхэд бид гол анхаарлаа хандуулна. Энэ арга нь ил тод байдаг учраас хий мөнгө хэвлэхгүйгээр улирлын үнийн савлагааг бодитоор бууруулж чаддаг. Гэхдээ мэдээж, энэ бүх нийлүүлэлтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, нөөц бүрдүүлэх гол ачаа нь Засгийн газрын бодлогоор л бүрэн шийдэгдэх асуудал гэдгийг онцлох хэрэгтэй.

-Та төсвийн асуудлыг олон удаа онцоллоо. 2027 оны төсвийн төслийг 43.6 их наяд төгрөгийн зарлагатай өргөн барьсан. Энэ нь мөнгөний бодлогод ямар дарамт үүсгэх вэ?

-Бид түрүүн ярьсанчлан, сонгууль дагасан төсвийн огцом тэлэлт бол сүүлийн 15 жилийн турш Монголын эдийн засгийн бүтцийг эвдэлж, үнийн өсөлтөөр иргэдээ торгож ирсэн хамгийн том "ужгирсан өвчин". Энэ удаагийн 43.6 их наядын төсөв дээр Монголбанкны хамгийн их санаа зовж байгаа нэг эрсдэл бий. Тэр нь цалин, тэтгэвэр зэрэг "байнгын шинжтэй" урсгал зардлыг төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын ногдол ашиг гэх мэт "нэг удаагийн" эрсдэлтэй орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн явдал. Хэрэв энэ 6.7 их наядын ногдол ашиг бүрэн төвлөрөхгүй бол яах вэ? Төсвийн алдагдал огцом тэлж, зардлаа танах эсвэл дахиад л өр тавих шаардлага үүснэ.

Бидний тооцооллоор, хэрэв төсөв яг энэ чигээрээ батлагдвал цалин, тэтгэврийн өсөлтөөр дамжин эдийн засаг дахь эрэлт хэт хөөрөгдөж, инфляц ирэх оны эцэст бидний хүлээлтээс 3 орчим хувиар өндөр гарах эрсдэлтэй. Тэр хэрээр мөнгөний бодлого улам хатуурч, хувийн хэвшлийн бизнесүүдийн зээл зогсож, санхүүжилт хүндэрнэ. Төр тэлэхийн хэрээр хувийн хэвшил агшдаг хуультай.

Гэхдээ нөгөө талаас нь бид нэг зүйлд бас олзуурхаж байгаа. Шинэ Засгийн газар, ялангуяа Ерөнхий сайдын зүгээс "Дуусдаггүй яриаг дуусгавар болгож, 30 жил хуримтлагдсан суурь реформуудыг эхлүүлнэ" гэдэг маш зөв концепцыг зарлаж, хэрэгжүүлж эхэллээ. Үүнийхээ хүрээнд, төрийн өмчит компаниудыг ил тод болгох, хөрөнгө оруулалтыг шинэчлэх алхмуудыг хийж байна. Мөн манай Үндсэн чиглэлд орсон "Төв банкны хуримтлагдсан алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхөх", "Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх" зэрэг олон жил гацсан, хэн ч барьж авч зүрхэлдэггүй байсан институцийн том реформуудыг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, төв банкаар “мөнгө хэвлүүлэхгүй” гэсэн нэг зорилготой ажиллаж байгаа нь маш том давуу тал юм.

Яг энэ реформын концепцыг улам төгс болгож, цаашид төсвийн тэлэлтээс эдийн засгаа хамгаалахын тулд Монголбанк тодорхой эрхзүйн шинэчлэл хийх санал гаргасан. Үүгээр Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын зорилт болон төсвийн зарлагын дээд хязгаар зэрэг үзүүлэлтийг заавал тусгаж, УИХ-ын хаврын чуулганаар урьдчилан батлуулдаг болно. Энэ бол Төв банк төсвийн зардалд дураараа оролцоно гэсэн үг огт биш. Харин Засгийн газрын эхлүүлээд байгаа реформуудыг эдийн засгийн макро тэнцвэртэй уялдуулж, Төсөв-Мөнгөний бодлогын уялдааг хуулиар баталгаажуулж байгаа хэрэг юм.

-Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрснийг баримт бичигт нээлттэй бичсэн байна. Энэ алдагдал хэрхэн үүссэн бэ?

-Тийм ээ, 2025 оны эцэс гэхэд энэ алдагдал 6.9 их наядад хүрч, Монголбанк 4.8 их наядын өөрийн хөрөнгийн дутагдалтай буюу нэрлэсэн ДНБ-ийн 4.2 хувьтай тэнцэх хэмжээний сөрөг баланстай болсон. Бид үүнийг нууж, цаасан дээр аргацааж болох байсан ч, эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд бодит үнэнтэй нүүр тулахаас өөр гарцгүй.

Энэ алдагдал хэн нэгэн хулгайлснаас биш, харин буруу тогтолцооны золиосонд буюу дараах 3 шалтгаанаас үүдэж хуримтлагдсан.Нэгдүгээрт, зах зээл дэх "Илүүдэл мөнгө"-ийг соруулж авсны төлөөс. Төсөв огцом тэлэх, экспорт нэмэгдэх, эсвэл бэлэн мөнгө тараах үед эдийн засагт асар их илүүдэл мөнгө бий болдог. Тэр их мөнгө зах зээл рүү шууд гарвал бараа бүтээгдхүүний үнэ хяналтгүй өснө. Тиймээс инфляцыг барьж, иргэдээ хамгаалахын тулд Монголбанк аргагүйн эрхэнд тэр их мөнгийг Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) гаргаж, банкуудад өндөр хүү төлөх замаар буцааж татдаг. Хуримтлагдсан алдагдлын 74 хувь нь дангаараа хүүгийн зардал бөгөөд, түүний 56 хувь нь зөвхөн энэ үнэт цаасны хүүнд төлсөн мөнгө юм.Хоёрдугаарт, долларын ханшийг хүчээр барьж ирсний төлөөс. Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханшийг унагахгүйн тулд Монголбанк зах зээлийн эсрэг сөрж, гадаад валютын захад байнга интервенц хийж ирсэн. Үүнийхээ төлөөсөнд сүүлийн 14 жилийн турш жилд дунджаар 188 тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд төлжээ. Мөн банкуудтай хийсэн урт хугацаат своп хэлцлээс 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн. Өөрөөр хэлбэл, ханшийн уналтын эрсдэлийг зах зээл биш, Төв банк ганцаараа үүрч, тэнцэл дээрээ алдагдал болгон бичиж ирсэн гэсэн үг.Гуравдугаарт, Төв банк "Засгийн газар"-ын ажил хийсний төлөөс. Ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг нь угтаа төсвөөс хийгдэх ёстой Засгийн газрын ажил. Гэтэл Төв банк өөрт байхгүй мөнгийг хэвлэж, үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй эдгээр хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь алдагдлын гурав дахь том сав болсон.

Үр дагавар нь маш ноцтой. Өөрийн хөрөнгө нь ингээд хасах руу орчихсон (сөрөг баланстай) Төв банк цаашид инфляцын эсрэг, эдийн засгаа хамгаалах бодлогын шийдвэрүүдээ бие даан, зоригтой гаргаж чадахгүй, санхүүгийн хязгаарлалтад баригдах эрсдэлд ордог. Хамгийн гол нь Төв банканд итгэх олон нийт, гадаад зах зээлийн итгэлд маш сөргөөр нөлөөлнө. Тийм учраас л энэ идээ бээрийг яг одоо шахаж, алдагдлыг шийдвэрлэх хуулийн төслийг бид санал болгоод байна.

-Тэгвэл шийдэл нь юу вэ? Засгийн газар төв банкны алдагдлыг нөхнө гэдэг эцэстээ татвар төлөгчдийн мөнгөөр нөхнө гэсэн үг биш үү?

-Энэ бол маш буруу хардлага. Бид татвар төлөгчдийн мөнгийг улсын төсвөөс бэлнээр гаргуулахгүй. Бидний санал болгож буй шийдэл нь Засгийн газар зөвхөн "тусгай үнэт цаас" гаргаж, түүнийгээ Монголбанканд эзэмшүүлэх (Swap хийх) олон улсын жишиг арга юм.

Бид энэ хуулийн төсөлд Засгийн газраар жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний “тусгай үнэт цаас” гаргуулж, 2027-2031 онд нийт 7 орчим их наяд төгрөгийн үнэт цаасаар дутагдлаа бүрэн нөхөхөөр тооцсон. Ингэж үнэт цаас гаргах нь нэг талаас өнгөрсөн хугацаанд Төв банкны хийж ирсэн "Засгийн газрын ажил"-ын өрийг улсын төсөвт ил тод бүртгэж байна гэсэн үг. Нөгөө талаас нь, энэхүү үнэт цаасыг Засгийн газрын өрийн хязгаарт тооцохгүй байхаар хуульчилж байгаа учраас төсөвт ямар ч дарамт учруулахгүй.

Үүний гол ач холбогдол нь, Монголбанк зах зээлээс илүүдэл мөнгө татахын тулд урьдынх шигээ өөрийнхөө "Өндөр хүүтэй үнэт цаас (ТБҮЦ)"-ыг гаргаж өрөнд орохын оронд, Засгийн газраас авсан энэхүү үнэт цаасаа ашиглаж бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болно. Үр дүнд нь Монголбанкны хүүгийн зардал жилдээ 0.3-0.4 их наяд төгрөгөөр шууд буурч, алдагдал дахин хуримтлагдахгүй болох юм.Бас нэг маш чухал зүйл нь засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжиж, төгрөгийн өгөөжийн муруй бүрэлдэн, хөрөнгийн зах зээл хөгжих суурь тавигдана.

Гэхдээ, хамгийн чухал зүйл бол бид зөвхөн өнгөрсөн алдагдлыг нөхөөд зогсохгүй, дахин ийм алдагдал үүсгэх сувгийг бүрмөсөн хаах ёстой. Жишээ нь, Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 147 мянган зээлдэгчид 11.2 их наядын ипотек олгосны 73 хувийг нь (8.2 их наяд төгрөг) Монголбанк өөрт байхгүй мөнгөө хэвлэж санхүүжүүлсэн. Гэтэл өнөөдөр дахиад 54 мянган иргэн 7.9 их наядын ипотек хүсээд хүлээж байна. Одоогийн энэ тогтолцоогоор Төв банк дахиад л мөнгө хэвлэвэл инфляц маш ихээр өснө.Тиймээс л Монголбанк цаашид төсвийн шинжтэй аливаа хөтөлбөр санхүүжүүлэхийг хуулиар бүрэн хориглож, Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлж байна. Бид Засгийн газартай хамтран "Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хууль"-ийн төслийг боловсруулсан. Ингэснээр ипотекийн хөнгөлөлтийн зөрүүг улсын төсөвт ил тод тусгаж, урт хугацааны зах зээлийн эх үүсвэрт тулгуурласан эрүүл тогтолцоо руу шилжих юм.

-Валютын нөөц түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Гэтэл Үндсэн чиглэлд Монголбанк валютын зах зээлд оролцохоо бууруулна гэжээ. Энэ нь цаашид ханшийн савлагаа нэмэгдэнэ, Төв банк ханшаа зөнд нь хаяна гэсэн үг үү?

-Гадаад валютын албан нөөц энэ оны наймдугаар сарын байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрч, манай зээлжих зэрэглэлүүд ахисан нь сайн мэдээ. Гэхдээ бид тайвширч болохгүй. Энэхүү нөөцийн өсөлт нь цэвэр экспортын орлого гэхээсээ илүүтэй банкуудын гаднаас татсан эх үүсвэр, Монголбанкны алт худалдан авалтаас ихээхэн хамаарч байгаа. Ирэх онд уул уурхайн томоохон компаниудын гадаад өрийн төлбөрүүд үргэлжлэх тул төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах төсөөлөлтэй байна. Тиймээс нөөцийг 7 тэрбум ам.доллароос буулгахгүй байх нь бидний хатуу зорилт юм.

Харин Төв банк валютын зах зээлд оролцохоо бууруулна гэдэг нь ханшаа зөнд нь хаяна гэсэн үг огт биш. Энэ бол валютын зах зээлийг гажуудлаас гаргах бас нэгэн "Системийн шинэчлэл" юм.Үүнийг бид гурван алхмаар хийнэ.Нэгдүгээрт, Төв банк "Тоглогч" биш "Зохицуулагч" болно. 2019 оноос хойш Монголбанк Төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын экспортын валютыг шууд 100 хувь худалдаж авдаг болсон. Энэ нь тухайн үедээ ханшийн савлагааг намжаасан ч, нөгөө талдаа Монголбанк тэр их долларыг авахын тулд зах зээл рүү их хэмжээний төгрөг нийлүүлэх шаардлагатай болдог. Төгрөгөө буцааж төв банкны үнэт цаасаар эргүүлж татдаг ч илүүдэл төгрөг нь эргээд далд инфляц болж эдийн засгийг хорлодог. Тиймээс бид ТӨК-ийн валютыг Монголбанканд хүчээр худалддаг зохицуулалтаас үе шаттай татгалзаж, тэр долларыг дотоодын валютын захад нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар шууд арилжаалдаг механизм руу шилжүүлнэ. Ингэснээр Монголбанк зах зээл дээрх гол тоглогч байхаа больж хэт савлагаа үүсгэхээс сэргийлэх зохицуулагчийн үүрэгтэй болж, ханш бодит зах зээлийнхээ жамаар тогтдог эрүүл тогтолцоо бүрдэнэ.Хоёрдугаарт, своп хэлцлийг зөв зарчимд шилжүүлнэ. Өнөөг хүртэл аж ахуйн нэгж, банкуудын ханшийн эрсдэлийг Монголбанк своп хэлцэл нэрээр өөрийнхөө тэнцэл дээр үүрч, алдагдал хүлээж ирсэн. Үүнийг зогсоож, банкууд болон аж ахуйн нэгжүүд өөрсдөө форвард, своп хэлцэл хийж, эрсдэлээ зах зээлийнхээ дүрмээр хаадаг эрх зүйн орчныг СЗХ-той хамтран бүрдүүлнэ.Гуравдугаарт, Уул уурхайн орлогыг шууд валютаар хадгална. УИХ-ын тогтоолын төсөлд нэг маш чухал шинэчлэл орсон. Тэр нь уул уурхайн компаниудаас төлдөг АМНАТ болон Үндэсний баялгийн санд орох орлогыг дотоодын захад төгрөг рүү хөрвүүлж савлагаа үүсгэхгүйгээр, шууд Монголбанк дахь Засгийн газрын дансанд "Гадаад валют" хэлбэрээр төвлөрүүлэх явдал юм. Энэ нь мөнгөний нийлүүлэлт зохиомлоор өсөж, инфляц өдөөгдөхөөс давхар сэргийлнэ.Мөн алт худалдан авалтын хувьд бид хариуцлагатай уул уурхай буюу ESG стандартыг шаардахын зэрэгцээ, алт авахын тулд хэвлэж гаргасан төгрөгтэйгөө дүйцэх хэмжээний долларыг зах зээлд буцаан нийлүүлэх замаар инфляцын нөлөөг саармагжуулах зохистой механизмыг хэрэгжүүлнэ.

-Банкны салбарт ямар бүтцийн өөрчлөлт хийх вэ? Гадаадын банк орж ирэх асуудал олон жил яригдлаа.

-Банкны салбар бол манай эдийн засгийн цусны эргэлт нь. Тиймээс энэ салбарт жинхэнэ өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг бууруулах дөрвөн чиглэлийн томоохон шинэчлэлийг эхлүүлж байна.Нэгдүгээрт, Гадаадын банк ба Өмчлөлийн шинэчлэл.Бид банкуудыг олон нийтийн хувьцаат компани болгосон ч, "Нэг хүний эзэмшил 20 хувиас хэтрэхгүй" гэдэг хатуу хуулиа хэрэгжүүлэх гэтэл манай дотоодын хөрөнгийн зах зээл дээр тэр их хувьцааг худалдаж авах багтаамж, бэлэн мөнгө байхгүй байна. Тиймээс энэ хязгаарлалтыг зах зээлийн бодит байдалд нийцүүлж илүү уян хатан болгоно. Хамгийн гол нь, сая батлагдсан Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар гадаадын банк Монголд орж ирэхэд энэхүү 20 хувийн хязгаарлалт саад болохгүй болсон. Бид гадаадын банк оруулах журмаа баталж, хаалгаа нээнэ. Ингэснээр банкны салбарт гаднын технологи, хямд эх үүсвэр, жинхэнэ өрсөлдөөн орж ирнэ.Хоёрдугаарт, Зээлийн хүүг бууруулах "Актив удирдлага".Өнөөдөр банкны 2.3 их наядын муу зээл шүүх дээр дунджаар 6.2 жил гацаж байна. Энэ гацаанаас үүдсэн асар их зардлыг банкууд "Зээлийн хүү"-гээ өндөр байлгах замаар шударгаар зээлээ төлдөг бусад иргэдээр төлүүлж байна. Үүнийг таслан зогсоож, муу зээлийг банкнаас салгаж цэвэрлэх актив удирдлагын тогтолцоог бий болгоно. Банкны энэ эрсдэл алга болсноор иргэдийн зээлийн хүү бодитоор буурах макро суурь тавигдана.Гуравдугаарт, Эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт.Одоо манай банкууд олон улсын Базелын 24 стандартаас ердөө 6-г нь л хэрэгжүүлж байна. Үүнийг 2027 он гэхэд 22 стандартад хүргэнэ. Мөн Төв банкны хяналт шалгалтыг "Зөрчил гарсны дараа торгодог" хоцрогдсон аргаас, "Эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлдэг" ухаалаг тогтолцоо руу шилжүүлнэ.Дөрөвдүгээрт, Саарал жагсаалтаас хамгаалах.Бид 2029-2030 онд олон улсын Санхүүгийн салбарын үнэлгээ (FSAP)-д орох зорилт дэвшүүлсэн. Тиймээс Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулж, эцсийн өмчлөгчийг ил тод болгон, Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д дахин орох эрсдэлээс хатуу сэргийлж ажиллах болно.

-Их өгөгдөл, mBridge, стэйблкойн гэх мэт шинэ ойлголтууд үндсэн чиглэлд анх удаа ийм өргөн тусгагджээ. Энгийн иргэнд энэ юугаараа хэрэгтэй вэ?

-Хамгийн энгийнээр хэлвэл, иргэдийн мөнгө илүү найдвартай хамгаалагдаж, өдөр тутмын үйлчилгээ илүү хялбар, хямд болно гэсэн үг. Үүнийг бодит жишээгээр тайлбарлая.Нэгдүгээрт, таны хадгаламж илүү найдвартай хамгаалагдана.Өнөөдөр Төв банк арилжааны банкуудын тайлан мэдээллийг 60 хүртэл хоногийн хоцрогдолтой нэгтгэн боловсруулж байна. Хоёр сарын өмнөх зургаар өнөөдрийн шийдвэрийг гаргана гэдэг нь "арын толиор харж урагшаа жолоо барих"-тай л адил эрсдэлтэй. Тэгвэл 2027 оноос бид банкуудын мэдээллийг шууд бодит цагийн горимоор (API) авч, хиймэл оюунд суурилсан хяналтын систем (SupTech) нэвтрүүлнэ. Банканд эрсдэл үүсэхээс өмнө Төв банк урьдчилан харж, иргэдийн мөнгийг эрт хамгаална гэсэн үг.

Хоёрдугаарт, урт IBAN дугаар цээжлэх зовлонгүй болно.Банкны дансыг олон улсын стандартад нийцүүлж IBAN руу шилжүүлсэн нь зөв алхам байсан. Гэхдээ иргэдэд тэр олон оронтой тоог цээжлэх, бичих нь ямар төвөгтэй байгаа шүүмжлэлийг бид бүрэн хүлээж авч байгаа. Иймд урт дугаар хуулж бичих шаардлагагүйгээр ухаалаг утасны дэвшилтэд функцуудыг ашиглан, эсвэл QR код уншуулаад л мөнгөө шилжүүлдэг, цаана нь систем өөрөө IBAN-аа таньж хөрвүүлдэг хялбар үйлчилгээг бүх банканд нэвтрүүлнэ.

Гуравдугаарт, гадаад шилжүүлэг хямд, бас хурдан болно.Гадаадад сурч, ажиллаж байгаа үр хүүхэд, гэр бүл рүүгээ мөнгө шилжүүлэхэд өндөр шимтгэл төлж, олон хоног хүлээдэг. Үүнийг шийдэхийн тулд Монголбанк хил дамнасан төлбөр тооцооны "mBridge" төслийн удирдах хорооны гишүүнээр саяхан элссэн. Ирэх онд туршилтын гүйлгээнүүд хийгдэж эхэлснээр гадаад гүйлгээний зардал, хугацаа мэдэгдэхүйц буурна. Харин стэйблкойн (stablecoin) зэрэг цахим мөнгөний хувьд бид яарахгүй. Иргэд хохирох эрсдэл өндөр тул Санхүүгийн зохицуулах хороотой хамтран маш няхуур судалж байж эрх зүйн орчныг нь гаргана.

Дөрөвдүгээрт, цахим залилангаас сэргийлэх.Энэ оны эхний хагаст бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн залилан байна. Иргэн залилуулаад мөнгөө шилжүүлэхэд, тэр мөнгө нь хэд хэдэн данс дамжиж угаагдаад бэлэн мөнгө болоод алга болчихдог. Үүнийг таслан зогсоохын тулд Төв банк, цагдаа, банкууд хамтран нэгдсэн системд орно. Ингэснээр залилангийн сэжигтэй гүйлгээг замд нь буюу бэлэн мөнгө болж гарахаас нь өмнө шууд царцааж, хохирогчийн мөнгийг буцааж олгох тогтолцоог хуульчлан бүрдүүлэх юм.

-Төгсгөлд нь, үндсэн чиглэлд үр дүнгийн үзүүлэлт, гүйцэтгэлийн шалгуурыг анх удаа тусгасан байна. Хэрэгжилтийг хэн хянах вэ?

-Хэмжигдэхүйц зорилт тавина гэдэг бол Монголбанк өөрөө олон нийтийн өмнө хариуцлага хүлээх том зориг юм. Бид үүгээрээ УИХ болон олон нийтэд "Монголбанк ажлаа хийж чадаж байна уу" гэдгийг хэмжих шугамыг нь өгч байгаа хэрэг. Бид алдаа, оноогоо нуулгүй, ил тод тайлагнаад явна.

Олон нийтэд хандаж дахин хэлэхэд, энэ удаагийн Үндсэн чиглэл бол ганц жилийн аргацаасан төлөвлөгөө биш, манай эдийн засгийг аврах системийн шинэчлэлийн эхлэл. Хэрэв бид энэ реформыг одоо л хийж, хуулиар хамгаалахгүй бол ямар гашуун үр дагаварт хүрдгийг олон улсын бэлэн туршлага харуулж байна.Жишээ нь, Турк улс байна. Тэд Төв банкныхаа бие даасан байдлыг алдагдуулж, улс төрийн шахалтаар бодлогын хүүгээ хүчээр бууруулж, зах зээл рүүгээ мөнгө цутгасны төлөөсөнд 2022 онд инфляц нь 85 хувьд хүрч эдийн засаг нь сүйрсэн. Гэтэл тэд үүнийхээ өмнө буюу 2001 оны хямралынхаа дараа Төв банкныхаа бие даасан байдлыг яг манайх шиг хуулиар бэхжүүлж, төсвийн сахилга батыг мөрдсөний хүчинд хэдэн арван жил бугласан өндөр инфляцаа амжилттай бууруулж чадаж байсан түүхтэй. Бид аль замаар нь явах вэ гэдэг сонголтын өмнө л ирээд байна.

Монголбанкны хамгийн үнэ цэнтэй капитал бол алт, эсвэл хэвлэсэн цаасан мөнгө биш, харин "Олон нийтийн итгэл" юм. Итгэл даасан төв банк байх нь бидний туйлын зорилго. Үүний тулд бид УИХ, Засгийн газар, олон нийттэй бүрэн нээлттэй хамтран ажиллаж, иргэдийнхээ бодит орлогыг үнэгүйдэхээс хамгаалах энэхүү реформуудаа тууштай хэрэгжүүлэх болно.

Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 35 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 45 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 2 цаг 1 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2 цаг 31 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 3 цаг 2 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 3 цаг 17 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 4 цаг 53 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 5 цаг 4 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 5 цаг 9 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 5 цаг 14 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 5 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 5 цаг 22 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 6 цаг 28 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 6 цаг 46 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 7 цаг 28 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 7 цаг 34 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 7 цаг 45 мин Худлаа... 8 цаг 10 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 8 цаг 19 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 8 цаг 24 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top