Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн Сайд нарын бага хурал /2026.10.01/ Улаанбаатар хотноо боллоо.
Энэ үеэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж “Цэвэр эрчим хүч, тээвэр, ложистик чухал ашигт малтмалын боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын эрчим хүчний салбарын шилжилтийн бодлого болон дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө танилцуулаад, манай улс арвин баялаг нөөцөө ашиглан хямд эрчим хүч үйлдвэрлэн хэрэглээгээ хангахаас гадна бүс нутгийн экспортлогч болох зорилт дэвшүүлж буйд хөрөнгө оруулагчид хамтран ажиллахыг урив.
Тус форум нь Монгол Улс бүс нутгийн хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллагад эрчим хүчний мега төслүүдээ танилцуулах, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн бодит дэд бүтэц, зах зээлийн механизмыг бий болгох ажилд богино хугацаанд үр дүнтэй шилжин ажиллах боломж, аргуудыг хэлэлцүүлжээ.



