Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэлийг өчигдөр хүлээн авч уулзан, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр англи хэлний сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих асуудлыг онцлон хэлэлцэв. Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэй НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн орон нутгийн англи хэлний багш нарын чадавхыг бэхжүүлэх төсөлд найман аймгийн төрийн өмчийн 219 сургуулийн 739 багш хамрагдсан нь улсын хэмжээн дэх англи хэлний багш нарын 20 гаруй хувийг эзэлжээ.
Багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Кембрижийн боловсролын түншлэлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн чадавхыг нэмэгдүүлэх, багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, багш, судлаачдын мэргэжлийн хөгжлийг дэмжих боломжийн талаар санал солилцов.
Дээд боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол залуусыг Их Британид магистрын түвшинд суралцахад дэмжлэг үзүүлж ирсэн Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт талархал илэрхийллээ. Мөн МУИС, NCUK байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийг бодит сургалтын боломж болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монголын бусад их сургуулийг Их Британийн их сургуулиудтай түншлэл тогтооход дэмжлэг үзүүлж, 2+2, 1+3 хэлбэрийн хөтөлбөрийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ингэснээр оюутнууд сургалтынхаа эхний хэсгийг Монгол Улсад, үлдсэн хугацааг Их Британид суралцаж, олон улсын боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх талаар Боловсролын яамнаас мэдээлэв.



