Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг одоо мэдэхгүй хүнгүй болсон доо. Яагаад гэвэл наймдугаар сард бензин тасарснаас хойш тэр бараг зурагтын дэлгэцнээс салаагүй.
Маш баяртайгаар байдал тогтворжиж байгаа тухай сүүлийн гурван сар шахуу ярьж байна. Гэвч машинтай иргэд өдөржин шөнөжин шатахуунд оочерлосоор. Шатахууны хомсдолоос гараагүй байна.
Иргэдийн хэрэглэдэг А-92 маркын бензин сард 80 мянган тонн байвал хүрэлцдэг гэсэн. Өдөрт 2700 тн гэсэн үг. Дунджаар өдөрт 45 вагон орж ирвэл болох юм уу даа. Гэвч ингэж орж ирж байгаа юм байхгүй. Одоо 10 хоногийн нөөцтэй гэж зурагтаар нэг дарга нь ярьж байна лээ.
Шатахуун тасалдаж байгаа гол зүйл нь нөөцийн сав байхгүй учраас тэр гэж хавар гэнэт шуураад унасан сайд маань. Тэгээд нэг их наяд гаруй төгрөг нөөцийн саванд гаргаж байгаа л гэсэн. Есдүгээр сард саваа бариад дуусна гэж мэдээлсэн. Орос гэнэт ихээр ав гэхэд хийх сав байдаггүй ч гээд байл уу. Энэ нөөцийн сав аль С.Баярыг Ерөнхий сайд байхад л яригдаж байсан эд. Нөөцийн савтай болно гээд.
Гэвч үнэтэй аваад нөөцөлчихдөг, дараа нь хямдарчихаар яах билээ гэж хэвлэл мэдээллээр их мэдэгчид гэнэт шүүмжлээд болиулсан байх. Одоо бодож байхад энэ яриа зориудаар л хэн нэгэн нь биднийг бензин нөөцөлчихөөд юм авахаа болино гэж болгоомжилсноос үүдэлтэй байх.
Манай Г.Дамдинням сайд нөөцийн сав анх удаа хийж байгаа гавьяагаа мөн ч их ярьсан. Мөнгө төгрөг ч гаргасан. Засгаас мөнгө тавьж байгаа л гэсэн. Гэвч татвар төлөгчдийн мөнгөнөөс тэр хувийн хэвшлийн ам.долларын тэрбумтнуудыг тэтгэсэн дээ. Харин одоо болсон чинь нөгөө нөөцийн саваа Япон улсаар хийлгэнэ гээд явж байх юм.
Сайд ерөнхийдөө их салхитай ярьдаг хүн. Дэлгэцээр нэг салхилаад л тийшээ ч үсчээд ийшээ ч харайгаад нэг л сайхан шатахуунаар тасрахгүй юм байна гэж ойлгоод өнгөрдөг. Бид чинь гурван сарын нөөцийн савтай болчихсон, одоо юм олдвол л нөөцлөөд байна гэсэн ойлголттой байгаад байдаг. Тэгсэн Япон улсаар хийлгэх болчихсон салхилж байх юм.
Г.Дамдинням сайд аа, одоо тогтож байгаад нөгөө хавар өгсөн мөнгөөр чинь нөөцийн сав барьсан юм уу. Бид хэдэн сарын нөөцийн савтай болов оо гэдгийг хэлээд өгөөч.
Өдрийн сонин



