Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын оюун санааны хөрш болох БНЭУ руу энэ долоо хоногоос эхлээд тогтмол шууд нислэг үйлддэг болж эхэллээ. Ингэснээр хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарах вэ. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Та бүхэнд дуулгах сайхан мэдээ нь таны асуусан хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн явдал юм. Есдүгээр сарын 28-наас энэхүү шууд нислэгийг эхлүүлсэн. 2025 оны аравдугаар сард Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын хэвлэлийн мэдээнд энэхүү шийдвэрийг танилцуулж байсан. Үүний дагуу албан ёсны тогтмол шууд нислэг үйлдэж эхлэх бэлтгэл ажлыг “Хүннү Эйр” компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал маш их хөдөлмөр, хүчин чармайлт гаргаж бодит ажил болголоо. Хамгийн наад захын давуу тал гэвэл Монголоос Энэтхэг рүү нисэхэд өмнө нь дамжин нисэж, 13-15 цаг зарцуулдаг байсан бол одоо таван цаг орчимд хүрэх боломжтой болж байна. Энэхүү нислэг нь зөвхөн Монголын иргэдийн төдийгүй Энэтхэгийн иргэдийн ч хүсэн хүлээж байсан зүйл. Шууд нислэг эхэлснээр эрүүл мэнд, эмчилгээний аялал жуулчлал өргөн хүрээнд нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэтхэгт эрүүл мэнд, эмчилгээний үйлчилгээ маш өндөр түвшинд хөгжсөн. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан үйлчилгээг харьцангуй боломжийн үнээр үзүүлдэг гэдгээрээ онцлог. Мөн Монгол ахан дүүс маань буддын шашин, оюун санааны чиглэлээр Энэтхэгт их аялдаг. Нөгөө талаас Энэтхэгийн иргэд Монголын сайхан байгаль, үзэсгэлэнт газруудыг үзэхээр их зорьдог.
-Нислэгийн давтамж ямар байх вэ. Нөгөөтэйгүүр тогтмол нислэгтэй болсноор ямар давуу тал бий болох вэ?
-Юуны өмнө Энэтхэгээс Монгол руу, Монголоос Энэтхэг рүү чиглэх жуулчдын урсгал эрс нэмэгдэнэ гэж бодож байна
Шууд нислэг үйлдэж эхэлснээр бизнес хоорондын харилцаа ч өргөжнө. Ачаа тээвэр илүү хямд, түргэн шуурхай тээвэрлэгдэх боломж бүрдэж, цаашид арилжаа, худалдааны салбарын хамтын ажиллагаа, хоёр орны худалдааны эргэлт эрчимтэй нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тогтмол шууд нислэг үйлдэж эхэлсэн нь хүмүүс хоорондын, бизнес хоорондын, улс хоорондын хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх бас нэг үндэс суурь болсон гэж үздэг.
Энэ нь хоёр орны харилцаанд гарч буй түүхэн үйл явдал гэдгийг хэлмээр байна. Одоогоор долоо хоног бүрийн даваа гаригт нислэг үйлдэж байгаа. Хэрэв зорчигчдын урсгал нэмэгдвэл долоо хоногт хоёр өдөр нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Цаашдаа эрэлт хэрэгцээнээс хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн энэхүү шууд нислэгийг бодит ажил болгоход хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлсэн бүх оролцогч талд талархал илэрхийлье. Тэр дундаа Монгол Улсын Зам, тээврийн яам, Энэтхэгийн Иргэний нисэхийн байгууллага болон энэхүү ажилд оролцсон бүх талд талархаж байна.
-Энэтхэгийн иргэдэд Монгол Улсын хил дээр виз олгох асуудал одоогоор ямар шатанд явж байна вэ?
-Хоёр улсын иргэд аль аль талдаа цахим виз мэдүүлж авах боломжтой. Таны дурдсан Монгол Улсын хил дээр Энэтхэгийн иргэдэд виз олгох асуудал 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Энэтхэг Улсад хийсэн айлчлалын үеэр анх яригдаж эхэлсэн. Би саяхан Гадаадын иргэн, харьяатын газрын даргатай уулзах үеэр энэ асуудлыг мөн хөндсөн. Монгол Улсын хил дээр виз авах асуудлыг хэрхэн шийдэх, ямар бичиг баримт шаардагдах, тэдгээр бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар Энэтхэгийн иргэдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх шаардлагатай байна. Ингэснээр Энэтхэгийн иргэд Монгол Улсад ирэхдээ виз мэдүүлэх үйл явцыг илүү хялбар болгох боломжтой. Монгол Улсын хил дээр Энэтхэгийн иргэдэд виз олгох асуудлыг тодорхой болгох хүртэл одоогоор цахим визээр мэдүүлж, Монгол Улсад зорчиж байна.
-Монгол Улсад ажиллаж байгаа хүний хувьд өнөөдөр түлш, шатахууны асуудал нэлээд хурцадмал, хүндхэн байгааг та харж байгаа байх. Үүнээс гарах гол гарцын нэг нь газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах. Энэ төслийн сүүлийн үеийн явц, ахиц дэвшил ямар байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён У.Хүрэлсүх болон Энэтхэгийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Нарендра Модигийн алсын харааны дагуу Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулж байна. Энэхүү төсөл маань маш эрчтэй явагдаж байгаа. Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай хамт газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцахаар Дорноговь аймагт очиж ажилласан. Төслийн явц маш сайн байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Бид энэ төслийг 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар гэрээний дагуу ажиллаж байгаа. Энэхүү чухал төслийн талаар би гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Юуны түрүүнд, энэ бол мега төсөл, маш том төсөл. Мөн Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр.
Хоёрдугаарт, Монгол Улс далайд гарцгүй орон. Тийм учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, байгууламжуудыг тээвэрлэн авчрахад маш их хугацаа ордог. Гуравдугаарт, Монголын цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад барилгын улирал ойролцоогоор зургаан сар үргэлжилдэг. Харин Монголд зуны улиралд өдөр урт байдаг учраас энэ хугацааг бүрэн ашиглахаар Энэтхэгийн гүйцэтгэгч компани хоёр ээлжээр ажиллаж байна. Мөн энэ өвөл ч ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Энэ төслийн хүрээнд үйлдвэрийг барьж байгуулахад Энэтхэгийн 3700 инженер, ажилчин одоогийн байдлаар ажиллаж байгааг дуулгахад баяртай байна. Энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр нь зөвхөн Монгол Улсын төдийгүй Энэтхэгийн Засгийн газрын хувьд ч нэн тэргүүний, маш чухал төсөл гэдгийг дахин хэлье. Энэ төсөлд маш чухал түлхэц, дэмжлэг болсон нэг зүйл нь Монголын тал улсын төсвөөс гадуур гадаад зээл авах, түүний үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой тусгай хууль баталсан явдал байлаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд Монгол, Энэтхэгийн талаас тодорхой шийдвэрүүд гарч, санхүүжилт, зээлийн асуудлууд ч шийдэгдэж байгаа гэж ойлгож байна. Төслийг хэрэгжүүлэх явцад цаашид ямар нэгэн эрсдэл, хүндрэл үүсэхээр харагдаж байна уу. Та бүхний санаа зовж байгаа асуудал байна уу?
-Ер нь ямар ч том төсөл хүндрэл, асуудалтай тулгардаг. Өмнө нь бид энэ газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой санхүүгийн асуудал болон бусад хүндрэлтэй тулгарч байсан. Гэхдээ тэр бүх асуудлаа даван туулж, томоохон асуудлуудаа шийдсэн. Цаашид ямар нэгэн асуудал тулгарвал мөн л шийднэ. Энэ төслийг ямар ч байсан хугацаанд нь, тэр ч байтугай хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар бид чармайн ажиллаж байгаа. Монголын талаас газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой гурван том шийдвэр гарсан. Нэгдүгээрт, газрын тос боловсруулах үйлдвэрээ технологийн парк болгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар тухайн үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авсан. Гуравдугаарт, төрийн буюу Засгийн газрын түвшинд төслийн явцыг хянах дээд түвшний хяналтын ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Монгол, Энэтхэгийн талаас Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга нар хамтран даргалж, бусад холбогдох яам, байгууллагын төлөөлөл орсон. Энэхүү дээд түвшний ажлын хэсэг нь төслийн явцад хяналт тавьж, үйлдвэрийг хүлээлгэн өгч, тогтвортой ажиллуулж эхлэх хүртэл анхаарч ажиллах юм. Монгол Улсын Засгийн газрын зүгээс үйлдвэрт шаардлагатай түүхий тосыг тасралтгүй нийлүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа.
-Таны хэлж байгаагаар уг төсөл хугацаанаасаа өмнө ашиглалтад орчихвол манай улсын хувьд томоохон асуудлаа шийдэх нэг гарц нэмэгдэнэ гэсэн үг л дээ...?
-Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахаас гадна таны түрүүн хэлсэн бензин, шатахууны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс өөрийн гэсэн түлштэй болж, эрчим хүчний хувьд илүү бие даасан улс болох боломж бүрдэнэ гэж бодож байна. Мөн энэхүү үйлдвэр дээр Монголын 2000 гаруй шинэ ажлын байр бий болно. Инженер, техникийн ажилтнууд болон бусад мэргэжилтнүүд ажиллах боломжтой болно. Үүнээс гадна энэ үйлдвэр нь Дорноговь аймаг болон түүнийг тойрсон орон нутгийн хөгжлийн бас нэг суурь болно. Миний хувьд ч томилогдож ажиллаж байгаа хугацаандаа анхаарч байгаа нэн тэргүүний ажлын нэг бол энэ төсөл. Би Монголд ирээд хоёр жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд төслийн талбай дээр 14 удаа очиж, төслийн явцтай танилцаж ажилласан байна. Энэтхэгийн талаас ч хөрөнгө оруулалт, санхүүжилт болон төслийг урагшлуулахад шаардлагатай бүхий л зүйлээр дэмжиж байгаа. Мэдээж үйлдвэрийг ашиглалтад оруулахын зэрэгцээ дараагийн чухал ажил бол үйлдвэрийг Монгол инженерүүд цааш нь авч явах явдал. Тиймээс бид Монгол инженерүүдийг аль хэдийнэ Энэтхэгт сургаж, бэлтгэж эхэлсэн. Дээрээс нь Энэтхэгийн талын хувьд Монгол инженерүүдэд ажлаа хүлээлгэн өгөх бас нэг том ажил бий. Одоо Монголд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн зөвлөх компани болох Engineers India Limited нь дэлхий даяар олон газрын тос боловсруулах үйлдвэр барьсан, арвин туршлагатай том компани. Мөн Энэтхэгийн талаас үйлдвэрийг шууд барьж байгаа гүйцэтгэгч мега инженерийн компани ч дэлхийн олон оронд газрын тос боловсруулах үйлдвэрийг гардан барьж байгуулсан, энэ чиглэлээр нэлээд туршлагатай компани байгаа. Тиймээс үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ борлуулж, Монгол Улсын дотоодын хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаад эхлэх үед Монгол инженерүүд энэ үйлдвэрийг цаашид авч явахад бэлэн байх ёстой. Үүний төлөө бид одооноос инженерүүдээ сургаж, бэлтгэж байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа хүчин чадлыг нь нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй цаашлаад түлш экспортлох боломжийн талаар яригдаж байгаа. Үйлдвэрийн өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх дараагийн хөрөнгө оруулалтын ажилд Энэтхэгийн тал хамтран ажиллах сонирхол байгаа юу?
-Таны хэлсэн маш зөв. Ер нь ямар ч улс орон ирээдүйгээ харж, өнөөдрийн ажлаа төлөвлөх нь чухал. Монгол Улс дотоодынхоо хэрэглээг бүрэн хангаж, түлшээр өөрийгөө хангадаг болох, цаашлаад илүү гарсан түлшээ экспортлох боломж бий. Энэтхэг бол Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш. Мөн Буддын шашин, өнө эртний түүхээр холбогдсон оюун санааны ахан дүүс юм. Тийм учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн өргөтгөлийн асуудалд Энэтхэгийн талаас хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхэд хэзээд бэлэн.
-Элчин сайдын хувьд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр Монгол Улстай сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаас нэрлэвэл?
-Шууд нислэг үйлдэж эхэлснээр манай хоёр орны олон салбарын харилцаа өргөжин тэлнэ. Тэр дундаа эрүүл мэнд, эмчилгээний аялал жуулчлалын чиглэлээр Монголоос Энэтхэг рүү чиглэх урсгал эрс нэмэгдэнэ гэж бодож байна. Монголын иргэд Энэтхэгт эмчлүүлэхээр их явдаг. Тэр дундаа элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох, хүүхдийн зүрх судасны эмчилгээ хийлгэхээр зорчих тохиолдол олон байдаг. Мөн бусад төрлийн эмчилгээ хийлгэхээр Энэтхэгийг зорьдог. Энэтхэгт боломжийн үнээр, өндөр чадвартай эмч нараар эмчилгээ хийлгэх боломжтой. Дээрээс нь Энэтхэг, Монголын эмч нар харилцан айлчилж, туршлага солилцох, бие биенээсээ суралцах боломж ч нэмэгдэж байна. Мөн шууд нислэгтэй болсноор карго, ачаа тээвэр шууд ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр чанартай, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг Энэтхэгээс Монголд авчрах нөхцөл ч бүрдэж байна.
-Тэгвэл боловсролын салбарт та юу хэлэх вэ?
-Боловсролын салбарт гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, та бүхэн мэдэж байгаа байх. Энэтхэгийн олон хийдэд Монголын 400 гаруй ламхай шавилан суралцаж байна. Эдгээр ламхай болон тэдний ар гэрийнхэн, аав ээж, ах дүү нар нь харилцан ирж очиход шууд нислэгтэй болсноор илүү хялбар болж байна. Хоёрдугаарт, Кушок Бакула Ринбүүчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр гэж байдаг. Энэ нь Энэтхэгийн Соёлын харилцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг. Уг хөтөлбөрөөр жил бүр Монголын 20 залууст 100 хувийн тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалан суралцах боломж олгодог. Залуучууд олон чиглэлээр суралцах боломжтой. Гагцхүү анагаах ухааны чиглэл энэ хөтөлбөрт одоогоор ороогүй байгаа. Гуравдугаарт, Энэтхэгийн Засгийн газраас Монголын төрийн албан хаагчдад зориулан мэргэжил дээшлүүлэх 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ бол Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу ITEC юм. Энэ хөтөлбөрөөр жилд Монгол Улсын төрийн албан хаагчдад 200 квотыг Энэтхэгийн Засгийн газраас хуваарилдаг. Мөн олон чиглэлээр мэргэжил дээшлүүлэх боломжтой. Тухайлбал, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр суралцаж болно. ITEC хөтөлбөрөөр Монголын төрийн албан хаагчид сүүлийн 30 жилийн хугацаанд Энэтхэгт мэргэжил дээшлүүлж, суралцаад ирсэн. Нийтдээ 4000 гаруй Монголын төрийн албан хаагч энэ хугацаанд тус хөтөлбөрт хамрагдсан байна. Энэтхэгт суралцаж, мэргэжил дээшлүүлж байсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн, салбарын сайд нар ч бий. Ер нь Энэтхэгийг зорьж суралцах, аялал жуулчлалаар явах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
-Энэтхэг технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн салбараараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг. Сүүлийн үед дэлхий нийтээр газрын ховор элементэд илүү анхаарах болсон. Монгол Улс ч газрын ховор элементийн хэд хэдэн томоохон ордтой ч олборлолт хараахан эхлээгүй байна. Энэтхэгийн талаас газрын тос боловсруулах үйлдвэртэй адил газрын ховор элементтэй холбоотой томоохон төсөл Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх сонирхол бий юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён У.Хүрэлсүх болон Энэтхэгийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Нарендра Моди нар өнгөрсөн оны аравдугаар сард уулзах үеэр газрын ховор элемент болон ураны чиглэлээр Энэтхэгийн тал сонирхож байгаагаа илэрхийлсэн. Энэ чиглэлээр бид оролцогч талуудтай уулзалт хийж, ярилцаж, хэлэлцээ хийж байгаа.
-Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн тухайд Энэтхэгийн талын сонирхол ямар байгаа бол...
-Нүүрс, зэс бол Монгол Улсын экспортод гаргаж байгаа гол хоёр түүхий эд. Дэлхийн зах зээл дээр эдгээрийн үнэ ханш харьцангуй таатай байгаа. Энэтхэгийн хувьд нүүрс, зэсийн хэрэглээ өндөр, хэрэгцээ их. Яагаад гэвэл Энэтхэг гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт жагсдаг бөгөөд гангийн үйлдвэрлэлдээ коксжих нүүрс ашигладаг. Энэ чиглэлээр Энэтхэгийн Элчин сайдын яам, “Эрдэнэс Тавантолгой” болон Энэтхэгийн гангийн салбарын холбогдох байгууллагуудтай хамтран Монголын коксжих нүүрсийг Энэтхэг рүү экспортлох талаар нэлээд идэвхтэй хэлэлцээ хийж байгаа. Есдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг тонн коксжих нүүрсний дээжийг Энэтхэг рүү тээвэрлэсэн. Энэтхэгийн тал уг дээжийг лабораторийн шинжилгээнд оруулна. Хэрэв чанарын шаардлага хангаж, Энэтхэгийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзвэл Монгол Улсаас Энэтхэг рүү их хэмжээгээр коксжих нүүрс экспортлох асуудал яригдаж байгаа.
-Хэрэв нүүрсний экспорт нэмэгдвэл тээвэр, логистикийн асуудал гарна. Манай урд хөршөөр дамжуулах уу, эсвэл хойд чиглэлээр тээвэрлэх үү гэдэг асуудал бий. Тээвэрлэлтийн чиглэлийг хэрхэн шийдэхээр ярьж байна вэ?
-Энэ асуудлаар бид нэлээд хэдэн компанитай уулзаж, ярилцсан. Ерөнхийдөө Монголын хойд болон урд хоёр хөршийн аль алинаар нь тээвэрлэх боломжийг судалж, төлөвлөж байна.
-Ярилцлагын төгсгөлд хоёр орны харилцаатай холбоотой өөр нэг чухал ажлыг онцолж хэлэхгүй юу?
-Би гурван зүйл нэмээд хэлмээр байна. Энэтхэг, Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль Зайсан орчимд баригдаж байгаа. Энэ нь Энэтхэгийн Засгийн газрын 5.25 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл юм. Энэтхэг, Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэхүү сургуулийг аль болох ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Сургууль ашиглалтад орсноор нэг ээлжид 1200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Мөн сургалтын төвийн барилга бий. Энэ нь ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн дэргэд баригдаж байгаа Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн чадавхын сургалтын төв юм. Тус барилгын ажил мөн 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ төсөл Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Мөн ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сургалтын төв ашиглалтад орсноор жилд 1000 орчим монгол залуу мэдээллийн технологийн нарийвчилсан мэргэжлээр суралцаж, төгсөх боломжтой болно. Тухайлбал, хиймэл оюун, үүлэн тооцоолол, программ зохиох зэрэг нарийвчилсан чиглэлээр мэргэжил эзэмших боломж бүрдэнэ.
-Энэ жил хоёр орны буддын шашин, оюун санааны харилцаанд онцгой үйл явдал болсон. Энэ талаар та онцолж ярихгүй юу?
-Энэтхэг, Монголын ард түмэн буддын шашнаар дамжин олон зуун жилийн туршид холбогдож ирсэн, оюун санааны гүн гүнзгий харилцаатай. Энэ жил Бурхан багшийн хоёр их шавь болох Шарипутра, Маудгаляяна нарын эрдэнийн шарилыг тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 9-нийг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залсан. Энэ үеэр нийт 100 мянга гаруй сүсэгтэн олон ирж, мөргөж, залбирсан. Энд нэг чухал зүйлийг онцолж хэлмээр байна. Бурхан багшийн хоёр их шавийн эрдэнэсийн шарил Энэтхэгээс гадагш гарсан тохиолдол маш ховор. Монгол Улс тэдгээрийг хүлээн авсан хоёр дахь улс болсон. Анх Тайланд Улсад залж байсан. Тиймээс энэ нь Монголын хувьд ч, хоёр орны оюун санааны харилцааны хувьд ч маш чухал үйл явдал болсон. Мөн 2025 онд бид Гандантэгчинлэн хийдтэй хамтран эхлүүлсэн нэг төсөл бий. Энэ нь Ганданд хадгалагдаж байгаа эртний гар судруудыг цахим хэлбэрт оруулах төсөл юм. Энэхүү төсөл амжилттай үргэлжилж байна.
-Худалдаа, эдийн засгийн харилцааны хүрээнд Энэтхэгийн компаниуд Монголын ноолуурыг сонирхож байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулбал?
-Тийм ээ. Худалдаа, арилжааны харилцааны хүрээнд Энэтхэгийн компаниуд Монголын ноолуурыг импортлон авах сонирхлоо илэрхийлээд байгаа. Энэ чиглэлээр мөн ажиллаж байна.
-Эцэст нь Монголын тухай таны сэтгэгдлийг сонсъё.
-Монгол Улс маш үзэсгэлэнтэй, өргөн уудам тал нутагтай, баялаг өв соёл, уламжлалтай улс. Монголд томилогдон ажиллаж байгаадаа би туйлын баяртай байдаг. Мөн өөрийн сайхан орныг Монгол Улсад төлөөлж байгаадаа баяртай байна. Монголчууд маш найрсаг, халуун дотно хүлээж авдаг ард түмэн. Монголд ирсэн хүн энд байх тусам Монголд улам илүү хайртай болдог гэж би боддог. Тийм болохоор Монголд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна.
Өдрийн сонин



