Японы Айчи муж, Нагояа хотод болж буй Азийн зуны спортын ХХ наадмын 11 дэх өдөр Монголын багийн анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк авчирлаа.
Эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Афганистаны Рахмани Хикматуллахыг, хэсгийн аваргын төлөө Тажикстаны шилдэг бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Эмомали Нуралиг, хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Гусман Киргизбайевыг тус тус ялж финалд шалгарсан. Алтын төлөөх барилдаанд Узбекистаны өсөх яваа шилдэг жүдоч Абдурахим Нутфоллоевыг даралтаар цэвэр ялснаар Азийн наадмын аварга болж, энэ наадамд түрүүлсэн найм дахь жүдоч боллоо.
Жүдочид 2014 оноос хойш Азийн наадмаас алтан медалийг авч чадаагүй байсан бол 12 жилийн дараа алтын буухиаг үргэлжлүүлж, тивийнхээ олимпод түрүүлсэн 28 дахь тамирчин боллоо.


Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг хүрэл медалиар энгэрээ мялааж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулав. Жингийнхээ жүдочдыг тэргүүлэн “А” хэсгийг толгойлж барилдан эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд Тажикстаны бөхийг ялсан ч хагас шигшээд Японы Мицүки Кондод ялагдсан. Гэвч хүрлийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Асмита Дейг вазаригаар ялснаар “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. 2018 оны Жакартагийн Азийн наадамд самбо бөхөөр түрүүлж байсан бол найман жилийн дараа жүдогоор медалиа хослуулав.




Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд VII, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа V байрт шалгарлаа.

Гэрэл зургийг Ч.Ганбат



