“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр нээлээ.
“Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Италийн Сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг Рафаэл Сантид хамаарах “Хөрөг” уран зураг болон Барокко урлагийн гол төлөөлөгч Жан Лоренцо Бернинийн “Нептун ба Тритон” гантиг уран баримлын жижиг хэмжээний хүрэл хувилбарыг үзэгч олонд толилуулж байна.
Үзэсгэлэнгийн онцлог нь хүн чанар, сэтгэл хөдлөл, хүч хэмээх ойлголтыг хоёр өөр уран сайхны илэрхийллээр нээн харуулж буйд оршино. Нэг бүтээл нь дотоод төвлөрөл, амар амгалан, тэнцвэрт байдлаар хүчний мөн чанарыг илэрхийлж байгаа бол нөгөө нь эрчимтэй хөдөлгөөн, хүчирхэг биеийн хэлэмж, урагш тэмүүлсэн дайчин шинжээрээ хүчийг өөр өнцгөөс харуулж байна.
Хоёр бүтээл нь хүч хэмээх нэгэн ойлголтыг тэс өөр дүрслэлийн арга барилаар илэрхийлэхийн зэрэгцээ үзэсгэлэнгийн нэгдмэл санааг бүрдүүлж байгаа аж. Мөн үзэсгэлэнгийн дэглэлт, өнгө, гэрэл, орон зайн шийдлээр дамжуулан эдгээр хоёр бүтээлийг харилцан нөхөхийн зэрэгцээ эсрэгцүүлэн харах, мэдрэх боломжийг үзэгчдэд олгохыг зорьсон байна. Үзэсгэлэнгийн орон зайд Барокко урлагийн эрчимтэй хөдөлгөөн, хурц илэрхийллээс Рафаэлийн бүтээлийн нам гүм, дотоод төвлөрлийг илтгэсэн уур амьсгал руу аажмаар шилжих байдлаар дэглэлтээ шийджээ.
Их далайн алсаас эх авсан урлагийн салхи Монголын уудам тал нутагт хүрч, хоёр өөр ертөнцийн хооронд үл үзэгдэх гүүрийг бүтээн, цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг даван туулж байна. Тэрхүү гүүрээр дамжин урлагийн бүтээлүүдийн цаана орших мөрөөдөл, авьяас билэг, оюун ухаан, мэргэн ухааны хүчийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун, "Их далайн эргээс эхтэй урлагийн гайхамшигт бүтээлүүд уудам Монголын тал нутагт анх удаа хүрэлцэн ирж байгааг бэлгэдэн энэхүү үзэсгэлэнг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрлэсэн юм. Тиймдээ ч Италийн урлагийн гайхамшигт хоёр бүтээл өнөөдөр нүүдэлчдийн тал нутагт зочлон ирээд байна” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Манай музей нь Монголын түүх, төрт ёс, уламжлал, соёлын өвийг судлан шинжилж, дотоод, гадаадын олон нийтэд таниулан сурталчлахын зэрэгцээ дэлхийн урлагийн сор бүтээлүүдтэй Монголын үзэгчдийг нүүр тулан уулзуулж, их урлагийг мэдрэх, бахдан бишрэх боломжийг олгохыг зорин ажиллаж байна. Манай музей байгуулагдаад дөрвөн жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд дэлхийн хэд хэдэн улсад үзэсгэлэн зохион байгуулж, Монголын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулсан. Тухайлбал, энэ жил Итали Улсад Монголын нэрт соён гэгээрүүлэгч, уран барималч Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээлийг дэлгэн үзүүлсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ удаа Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран Италийн урлагийн хоёр суут мастерын бүтээлийг Монгол Улсад анх удаа нэгэн орон зайд дэлгэн толилуулж байна" гэв.
Эдгээр бүтээлийг Ази тивд анх удаа, тэр дундаа Монгол Улсад толилуулж байгаа нь онцгой үйл явдал юм. Энэхүү хамтарсан төсөл нь “Чингис хаан” үндэсний музей болон Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн бөгөөд Монгол, Италийн соёлын харилцааны нэгэн тод илэрхийлэл болж байна.
Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти хэлэхдээ, “Манай галерейд мянга гаруй урлагийн бүтээл хадгалагддаг. Тэдгээрийн дотор металл урлалын соёлын өвийг илтгэсэн олон бүтээл бий. Эдгээр нь Сэргэн мандалт болон Барокко зэрэг урлагийн өөр өөр үеийг төлөөлдөг. Мөн манай цуглуулгад Ромын хамба лам нарын харьяанд байсан түүхэн үнэ цэнтэй бүтээлүүд ч багтдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд олон бүтээлээс хоёр бүтээлийг онцгойлон сонгож авчирсан нь Сэргэн мандалт болон Барокко урлагийн гол үзэл санаа, уур амьсгал, эрч хүчийг Монголын үзэгчдэд мэдрүүлэх зорилготой юм. Тухайн үеийн уран бүтээлчид хөрөг зураг, уран баримал зэрэг урлагийн төрөлд зөвхөн хүний гадаад төрхийг дүрслэхээс гадна дотоод сэтгэл хөдлөлийг нь илэрхийлэхийг зорьдог байв. Ялангуяа 1600-аад оны үед уран бүтээлчдийн арга барилд шинэчлэл авчирч, урлагийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулсан бүтээлчдийн нэг нь энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлийн эзэн юм. Бернини хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг гайхамшигтай илэрхийлсэн ур чадвар нь цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг даван өнөөдрийг хүртэл үнэ цэнээ хадгалсаар байна” гэв.
Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Итали, Монголын соёлын харилцааг бэхжүүлэх, урлаг соёлоор дамжуулан хоёр орны ард түмнийг ойртуулахад энэхүү үзэсгэлэн чухал ач холбогдолтой юм. Энэ бол юуны түрүүнд Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлсэн соёл хоорондын уулзалт юм. Итали, Монголын хооронд өрнөж буй энэхүү яриа хэлэлцээ нь хоёр орны соёлын өв, урлагийн гайхамшгийг харилцан таниулах онцгой боломжийг бүрдүүлж байна. Олон зууны турш Дорнод, Өрнөдийг холбож ирсэн Торгоны замаар зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй үзэл санаа, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс дамжин түгж ирсэн билээ. Өнөөдөр бид урлагийн хэлээр дамжуулан энэхүү уламжлалыг үргэлжлүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлал, тус улсын Ерөнхий сайд Жоржиа Мелони 2025 оны 12 хоёрдугаар сард хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн Итали, Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна. Урлаг бол харилцаа холбоог бэхжүүлэх хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг юм. Мөн улс орны хил хязгаарыг даван гарч, харилцан ойлголцлыг бий болгохын зэрэгцээ ард түмнүүдэд нийтлэг үнэт зүйлсээрээ дамжуулан бие биеэ танин мэдэх боломж олгодог. Эдгээр бүтээлийг Ромоос Улаанбаатар хүртэл авчирч, Монголын үзэгчдэд хүргэх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр Монголын үзэгчид дэлхийн урлагийн үнэт өвтэй танилцахын зэрэгцээ урлагийн бүтээлээр дамжуулан өөр соёл, түүхийг танин мэдэх боломжтой болж байна” хэмээв.
Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно.










