Алдарт зураач Винсент Ван Гогийн "Цэцэглэж буй туулайн бөөр мод" зургийг нацист Германы дарамт шахалтын дор зарсан байж болзошгүй хэмээн дуудлага худалдаанаас татахыг уг бүтээлийн өмнөх эзэмшигчийн өв залгамжлагчид "Sotheby's" ордноос шаардсан тухай "The New York Times" сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Ван Гогийн уг зураг 180 орчим сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд зураачийн хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан бүтээл болж магадгүй байгаа юм. Үүний зэрэгцээ зургийн өв залгамжлагч гэгдэж буй хүмүүс нацист Германы үйл ажиллагаанаас үүдэн гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орсны улмаас уг зургийг худалдахад хүрсэн байж магадгүй гэж мэдэгджээ.
Өв залгамжлагчдын өмгөөлөгчид 1936 онд уг зургийг зах зээлийн үнээр худалдсан болохыг нотлохыг "Sotheby's"-ээс шаардаж, эс бөгөөс "дуудлага худалдааг явуулах боломжгүй" гэж мэдэгдсэн байна.
Альфред Сислей, Винсент Ван Гог, Камиль Писсаро, Клод Моне, Пьер Огюст Ренуар, Эдгар Дега зэрэг алдартай зураачдын 12 бүтээлийг Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 18-нд үнэ хаялцуулна гэж “Sotheby’s” дуудлага худалдааны ордон өмнө нь мэдээлж байсан юм. Дуудлага худалдаанд тавигдсан бүтээлүүдийн дунд "Цэцэглэж буй туулайн бөөр мод", Пьер Огюст Ренуарын "Завин дээрх охин" хэмээх нэрээр мөн танигдсан “Завин дээр” зураг багтжээ.
"Sotheby's"-ийн шинжээчид “Завин дээр” зургийг ойролцоогоор 25-30 сая ам.доллароор үнэлсэн бол Ван Гогийн зургийн үнийн мэдээллийг зөвхөн хүсэлт гаргасан тохиолдолд өгөх аж.
TASS



