Сенегалын Дакар хотод зохион байгуулсан залуучуудын IV наадам өнөөдөр өндөрлөж байна.
Африк тивд анх удаа “Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” уриан дор зохион байгуулсан наадамд дэлхийн 204 орны 2700 орчим спортын 25 төрөлд өрсөлджээ. Харин манай улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3, усанд сэлэлтийн зургаан төрөлд нийт 10 тамирчин эх орноо төлөөлөн хоёр хүрэл медальтайгаар нутгийн зүг хүлгийн жолоо залж байна.
Наадмын нээлтийн маргааш жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн хүрэл авч Монголын багийн медалийг салхийг хагалсан бол элсний бөхөөр Э.Анужин дахин медаль хүртэж, төрийн далбаагаа Дакарт мандуулсан юм. Түүнчлэн боксын 48 кг-ын жинд залуу тамирчин А.Алтанзул хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдсан бол 3х3-ынхан шөвгийн наймд Сенегалд хожигдсоноор наадмаа өндөрүүлсэн. Харин дугуйн төрөлд Г.Ариунхүслэн эмэгтэйчүүдийн цуваа болон бөөн гараатай уралдаанд эх орноо төлөөлж, усан сэлэлтээр Б.Оргилмаа, Э.Энхмэнд нар эх орныхоо нэрийг Дакарын усанд замд гаргалаа. Мөн Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг туялзуур сэлэмний төрөлд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан байна.
Залуучуудын IV наадмаас монголчууд хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа Беларус, Буркино Фасо, Нигерийн хамт 83 дугаар байрт жагслаа. Энэ удаагийн наадмаас 98 орны тамирчид ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бол Хятадын баг 17 алт, 8 мөнгө, 7 хүрэлтэйгээр тэргүүлжээ. Медалийн хүснэгтэд Япон удаалсан бол ОХУ, Египет, Этиоп, Сенегал, Франц, Кени, ӨАБНУ, Хорват эхний 10-т багтлаа.




