/TASS/ АНУ, Ираны харилцаанд дипломат ахиц гаргах зорилгоор Катарын зуучлагчдын энэ долоо хоногт хийсэн оролдлого амжилтгүй болжээ. Учир нь талуудын аль нь ч буулт хийхэд бэлэн биш байгаа тул хэлэлцээ мухардалд орсон гэж “Axios” цахим хуудсанд эх сурвалжуудын мэдээлснийг эш татан бичжээ.
Хэлэлцээнд дорвитой ахиц гарахгүй байгаа нь хоёр талын аль алиныг цэргийн ажиллагаагаа сэргээх шийдвэр гаргахад хүргэж болзошгүйг эх сурвалжууд онцолжээ. АНУ-ын бусад хэвлэлүүдийн нэгэн адил “Axios” порталын мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн дараа цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх тушаал өгч магадгүй байна.
Катарын албаны хүмүүс дипломат арга замаар зохицуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлэх боловч хоёр талын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа аж. Есдүгээр сарын 28-нд болсон уулзалтаар Ираныг бүслэн хаасан арга хэмжээг цуцлах, Ираны тал цөмийн хөтөлбөрийн асуудлаар буулт хийх тухай Катарын дэвшүүлсэн харилцан буулт хийх саналыг хэлэлцжээ. Уулзалтад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс оролцсон байна.
Гэвч зөвлөлдөх уулзалтаар дорвитой ахиц гараагүй гэж “Axios” цахим хуудасны эх сурвалж мэдээлжээ.
“Хэлэлцээ мухардалд орсон. Ираны талаас АНУ-ын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй шаардлага тавьж байгаа бол АНУ-ын тал өөрсдийгөө хэлэлцээнд давуу байр суурьтай байна гэж үзэж байгаа тул буулт хийх шаардлагагүй гэж бодож байна” хэмээн эх сурвалж хэлсэн байна.



