Философич Б.Батчулуунтай ярилцлаа.
-Төр, засаг дээшлээд л, иргэдийн амьдрал уруудаад л. Урвуу пропорциональ хамааралтай мэт. Сүүлийн үед шатахуун, татвар, нийтийн унаа тээврээс авхуулаад иргэдийн амьдрал улам хүндрээд байгаа талаар яриагаа эхэлье?
-Егөөдөж хэлэхэд, төр заримдаа юм хийхгүй байсан нь дээр байдаг юм. Зүйрлэхэд, шаазан эдлэлийн дэлгүүрт орсон заан гэсэн үг. Заан гэдэг болхи амьтан, шаазан эдлэл гэдэг маш эмзэг зүйл. Хөдлөх бүрт нь ямар нэг шаазан эдлэл хагарч эвдэрч сүйддэг. Букхардын хэлснээр “Төр засаг гэдэг уг чанараараа нүгэлт зүйл. Хэн байхаас, хэн очсоноос үл хамааран өөртөө орсон хүн бүхнийг эвдэж хаядаг. Тэр тусмаа энэ данхайсан төр. Төр том бол зардал том, зардал том бол татвар том, татвар том бол иргэдийн орлого бага гэсэн үг. Дээр дурьдсан заан лугаа төрд гарагсдад юм хийсэн болж хорлосных нь төлөө мөнгө төлснөөс зүгээр сууж байсны төлөө мөнгө төлөх нь илүү дээр биз дээ. Төрийн оролцсон юм бүхэн бүтэлгүйтдэг.
Төрд гарсан хэн бүхэн эвдэрдэг гэж үү?
-Эрх мэдлийн амтыг авсан хүн түүнээсээ татгалзаж чаддаггүй гэсэн үгийг Напелеон Бонапарт хэлсэн байдаг. Бараг ч үнэн байх. Бид хардаг шүү дээ. Төр засаг руу алба горилж шургалсан хүмүүс буцаж байсан удаа тун ховор. Одоо бүр сүүлдээ удам дамжин төрд шургалагсад улам олширч байна. Нэг дарга сайд, гишүүний хүүхэд, бас сайд гишүүн болдог болж. Хялбар аргаар бага хөдөлмөрлөж их орлоготой байх боломжтой юм байна гэдгийг эцэг эхээсээ олоод харчихсан байна шүү дээ.
-Бид энэ байдлаас хэрхэн гарах вэ. Дэлхийн улс орон энэ үе шатыг туулах ёстой юу. Ер нь сайн засаглал гэж юуг хэлэх вэ?
-Энэ асуудалд тохирох бэлэн жор гэж хаана ч байхгүй. Нийгмийн амьдрал гэдэг их олон талтай асуудал. Гэнэтийн үзэгдэл гарч, нөхцөл байдлаас шалтгаалсан тооцоолоогүй үр дүн гарч болно. Хамгийн сайн засаглал бол self government буюу “өөрөө өөрийгөө засаглах явдал” гэж Гёте хэлсэн байдаг. Энэ ямар утгатай вэ гэвэл одоогийн манай төрийнхний бүх юманд оролцдог байдлаа болиосой гэсэн үг юм. Бизнес ч бай, хувь хүний ажил, амьдрал ч бай, хэн ч байсан төр оролцох нь багасвал бүх юм аяндаа цэгцэрнэ гэж либертариуд үздэг. Төрийн оролцоо эмх цэгцийг бүрдүүлж чадаж байвал сайн, гэхдээ амьдрал мэдэхгүй, хөрсөн дээрээ буугаагүй хөндлөнгийн зохицуулалтууд эсрэгээрээ саад тээг болдог гэсэн үг. Энгийн үгээр тайлбарвал алив зүйлс хар аяндаа цэгцэрч, эмх журмандаа орно гэж байдаг. Амьдралын шалгуураар өөрөө тогтсон цэгцрэл хамгийн сайн тогтолцоо гэж үздэг. Төр юм бүхэнд хөндлөнгөөс хошуу дүрэх шаардлагагүй. Төрд гарч буй хүмүүс амьдрал мэдэхгүй байна. Бусад орнууд иймэрхүү үе шат, зовлон бэрхшээлийг туулсан уу гэвэл тэгсэн л байдаг. Гэхдээ нэг чухал ялгаа бий. Жишээ нь, Европын улс орнуудын угшил угаасаа капиталист байсан. Чех, Унгар гэх мэт улсууд капиталист угшилтай. Тодруулбал, хувийн өмчийн бүтээгч байдал, сайн талыг эртнээс ухамсарлан тодорхой ойлголттой байсан. Хувийн өмчийн үзэл хэдий чинээ их байна, төдий чинээ цаг үе, орчин нөхцөлдөө таарсан хөгжил явагддаг. Яавал миний бизнес хөгжих вэ, яавал би бараагаа сайн борлуулах вэ, би яавал баяжих вэ гэсэн хувийн сэдлээр ажиллаж эхэлнэ. Харин манай улсын хувьд бид социалист угшилтай болж таараад байгаа юм (бүр урагшилбал феодалист угшилтай). Социалист нийгэмд хувийн өмч гэж байхгүй, нийгмийн өмч гэж бий. Нийтийн тогоотой хоолноос хэр их халбагадана тэр хожно. Хэн түргэн, том томоор халбагадсан нь хождог гэсэн үг. Тэгэхээр тэр тогоонд хийхээс илүү халбагадахаа хүн бүр боддог. Ийм байхад нийгмийн баялаг аривжина гэж байх уу. Социализм нь капилтализмд ялагдсан шалтгаан ердөө л энэ шүү дээ. Бүгд ижилхэн, дуулгавартай байхыг шаардаж байсан.
-Төр, засагт байгаа хүмүүс юм бүрд хошуу дүрээд байгаагаа мэддэг болов уу?
-Манай төр бүх зүйлийг удирдаж, хууль журмаар шийдэж, бүх зүйлийг журамладаг гэдэгт итгэчихсэн, зах зээлийн зохицуулалт гэдгийг огт мэддэггүй хэсэг нөхдийн цогц цуглуулга болчихоод байна. Уг нь тэд юу ч хийхгүй мөртлөө хэтэрхий хялбар аргаар амьдраад байгаагаа бага ч болтугай гадарладаг шиг байгаа юм. Тэгээд юм хийсэн болж харагдах гэж байгаа царай нь юм болов уу даа. Бизнес хийж байгаа хүмүүсийг бизнесээ хийхэд нь, мал маллаж байгаа хүнд малаа маллахад нь, тариа тарьдаг хүнд тариагаа тарихад нь, багш хүн хичээлээ заахад төр оролцох ямар ч хэрэггүй. Төртэй төргүй бизнесмэн бизнесээ хийнэ, малчин малаа маллана, багш хичээлээ заачихна шүү дээ. Төрийн оролцоогүйгээр тэд хангалттай ажиллаж амжилтад хүрэх боломжтой байдаг. Жишээ нь, Боловсролын яам байгаа учраас багш хүн хичээлээ заагаад, ХАА-ын яам байгаа болохоор малаа маллаад байгаа юм биш. Зах зээлийн жамаар эдийн засаг гэдэг өөрийгөө зохицуулж байдаг. Гэтэл төр төлөвлөгөөт эдийн засаг гэгчээр хөгжил ч үгүй, амжилт ч үгүй л болгодог. Капитализмд бүх зүйл хар аяндаа, зах зээлийн жамаар явдаг учраас сайн хөгждөг. Социализм, коммунизм бол эсрэгээрээ заавал ардаа хэн нэг автортай байдаг. Маркс, Ленин гэх мэт. Хүний зохиосон зүйл нийгмийн нарийн ээдрээт үй түмэн үзэгдлийг урьдчилаад тооцоолж төлөвлөнө гэж байхгүй. Үүнийг Ф.Хайек “Боолчлолд хүрэх зам” бүтээлдээ маш тод харуулсан.
-Манай орны хувьд гаргалгаа юу байж болох вэ. Төрийн данхар бүтцийг багасгах хэрэгтэй юу?
-Тийм. Нэгдүгээрт, төрийн данхар бүтцийг багасгаж, хоёрдугаарт, төрийн хөндлөнгийн оролцоог багасгах. Тэгвэл бүх зүйл жинхэнэ зах зээлийн зарчим голдиролоор хөгжинө. Төрийн данхар бүтэц багасвал зардал хэмнэнэ. Зардал хэмнэвэл татвар багасах боломжтой. Тэгвэл иргэдийн орлого өснө. Төрийн хөндлөнгийн оролцоо багасвал хувийн салбарууд хөгжиж, нийтийн тээвэр, үйлдвэрлэл, соёл боловсрол бүгд нээлттэй зах зээлийн зарчмаар ажиллаж болно. Гэтэл төрийн оролцоо их байгаа гэдгийг соёл, спортын салбарынхныг хүртэл төр татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаагаас харж болно. Дэлхийд хаана ч ийм зах зээлийн нийгэм байдаггүй. Соёлын яам гэдэг нэрийн дор урлагийг цалинжуулна гэдэг бол нөгөө социализм байгаад байна гэсэн үг. Ингээд харахаар төртэй хамгийн ойрхон “изм” бол социализм, төрөөс хамгийн хол “изм” бол либертарианизм. Либертари үзлээр хүн төр юм уу хэн нэг баян хүний ивээлд байх ёсгүй. Хүн өөрийн хар толгойг өөрөө л хариуцна. Тэгээд ирэхээр хүн бүр алив үйлдэлдээ хариуцлагатай болно доо.
-Монголчууд бид яагаад ийм ядруу амьдралтай байна вэ. Ийм төрийн засаглалыг хэн бий болгов. Хэзээнээс ийм болов?
-Хатуухан хэлэхэд, ард түмэн өөрсдийн сонголтоор бий болгосон. Ард түмэн гэдэг хийсвэр субьект. Юмыг маш амархан мартдаг. Ард түмэнд, тэр тусмаа ядуу амьдралтай массд горьдлого гэсэн феномен байнга дагалдаж явдаг (Феномен гэдэг нийгэм дэх үзэгдэл гэсэн утгатай). Ийм горьдлого нь хэзээ ч тасардаггүй учраас одоогийн 126 шиг хүмүүсийг дахин дахин бий болгоод байна гэсэн үг. Хошигнож хэлбэл, “Төрийн минь сүлд ивээ”-хээ больчих вий хэмээн айгаад байдаг бололтой. Гэтэл нэгэнт энэ сонголтыг хийсэн бол хүртэх ёстойгоо хүртэж байна аа, гоншигнох хэрэггүй гэсэн үг. Сонголт хийгээд дөрвөн жил өнгөрөхөөр горьдлого дуусаад ирнэ. Дахиад сонгууль болохоор нөгөө горьдлого нь сэргээд эхэлнэ шүү дээ. Тэгээд л сонгууль болохоор гоё дээлээ өмсөж, хамаг одон медалиа зүүж, өнөө горьдлогоо тээж очоод аль нэгийг сонгоод л гарч ирдэг. Ардчилсан нийгмийн нэг зарчим бол чи хэнийг сонгосноос үл хамааран сонгуульд оролцсон л бол гарсан үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой. Сартрын хэлээд байдаг “эс сонголт нь бас нэг сонголт юм” гэж хэлснийг иргэд ойлгох хэрэгтэй байгаа юм даа.
-Залуу үеийнхэнд хандаж та юу хэлэх вэ?
-Хувь хүний эрх чөлөө гэж эрхэм зүйл байна. Хүн ядуу, нийгмийн байр суурь нь доор байж болно. Гэхдээ юу хийж, яаж амьдрахаа өөрөө л шийддэг хэмээн үздэг либертари үзлийн талаар судлаасай гэж хүсэж байна. Бидний одоогийн феодализм, социализм, капитализм гээд бүгд нийлсэн холимог хуурга шиг энэ нийгмээс ялгарч, өөрийн үзлээр амьдрах гарц гэж болно.
Өдрийн сонин



