УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхээ хэрэгжүүлж буй анхны намрын чуулган ээлжит бусаар нээлтээ хийгээд, гол үүргээ биелүүлж төсвийн тодотголыг хийж батлаад хаалтаа хийсэн. Харин одоо ээлжит чуулганыхаа нээлтээ хийгээд хэдхэн хонож байна.
Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн мэтгэлцээн гэхээсээ “бойкот” хийх замаар “30”-ын гэх бүлгийнхэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байсан. Үүнээс гарах гарц нь хуулиар гэм буруугүй нь нотлогдоогүй асуудлаар Засгийн газрын гишүүнээр уучлал гуйлгах явдал байсан гээд бодохоор улсын төсөв хэлэлцэх онцгой цаг үед “нүдээ олоогүй” сэдвээр гацаах нь өөрсдөд нь илүү хортойгоор тусах байв. Учир нь үр дагаврыг нь сонгогч олон нийт нүд цавчилгүй ажиглаж, үг яриаг нь сонсож, дүгнэлт хийцгээж байв.
Хэт удаан хугацаагаар төсөв батлах ажлыг цалгардуулах нь УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал болон шүүмжлэгдэж энэ эрчиндээ нэр бүхий гишүүн “УИХ-ыг тараах санал гаргана” гэх түргэдсэн, болчимгүй мэдээлэл хийхэд ч хүргээд авсан. Гэвч энэ бол “тоглоомоор” хэлдэг үг биш. Ардчилсан парламент төрийн эрхийг барьж буй нөхцөлд “төрөөр тоглоно” гэвэл хохирогч нь нийт ард иргэд л байдаг. Товчхондоо УИХ “цаг бусаар” тарж гэмээнэ УИХ-ын гишүүд буюу улстөрчид хохирдоггүй билээ.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын даргаар одоогийн Ерөнхий сайд Н.Учралыг ажиллаж байх үед өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр яагаад УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл хүлээж буйг сануулсан бэ?
Ач холбогдлын хувьд “ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь” сонгогч олон нийт хүлээн зөвшөөрдөг. Харин сүүлийн үед улсын төсвийг ид хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд “бойкот” хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, ард иргэдийн амин чухал асуудлыг саатууллаа гэж үзэх болов.
Тиймээс хүссэн хүсээгүй хавар өргөн барьснаар энэ намрын хэлэлцэх асуудалд дарааллаа хүлээж буй УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой заалтуудыг хөндсөн хуулийн төсөл удахгүй хэлэлцэгдэнэ гэдгийг л сануулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд санаачлан УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд товчхондоо “Тангарагаа биелүүл” л гэсэн юм шүү дээ. Тангарагаа биелүүлж, тангарагийн тань салшгүй үргэлжлэл болох Ёс зүйн дүрмээ биелүүл л гэсэн агуулгатай заалтууд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд бий.
Мөн энэ үеэр “Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль санаачлах эрхтэй юм уу” гэсэн шүүмжүүд хөвөрсөн билээ.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад зааснаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хууль зөрчөөгүй. Тухайлбал:
1. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 26.1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэснийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлээр зохицуулсан хууль санаачлагч тус бүрийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг зохицуулжээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.2-т заасны дагуу санаачилж өргөн мэдүүлсэн төсөл байна.
2. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1.1 дэх заалт буюу “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан.
Энэ удаа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл нь УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоогүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлага, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Тиймээс мөн л хуулийн зөрчил байсангүй.
3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг баримтална” гэж заасан нь Ерөнхийлөгчид хууль санаачлахаас бусад тодорхой бүрэн эрхийг хуулиар шинээр өөртөө нэмж олж авахтай холбоотой асуудлыг хязгаарласан зохицуулалт юм.
Тиймээс Ерөнхийлөгчийг өөртөө эрх нэмсэн, ашиг олсон заалт хуульд хийхгүй гэдэгт найдаж болох хязгаарлалт хуульд хангалттай бий.
УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд өргөсөн тангарагаас гадна өөрсдийн тань баталсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Дийлэнх нь мартсан бололтой! УИХ-ын дарга С.Бямбацогт энэ албан тушаалд ажиллаж буй хугацаандаа парламентад өндөр ёс зүйг төлөвшүүлж, өргөсөн тангарагийн салшгүй хэсэг болсон Ёс зүйн дүрмийг ягштал мөрдүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэж ажиллана гэдгээ байнга ил тод илэрхийлсээр байгаа билээ. Тэрбээр УИХ-ын даргын албан тушаалыг хүлээн авсан цагаасаа л “Парламентыг хариуцлагажуулах”, “Парламентын дархлааг бэхжүүлэхийн тулд иргэдийн санаа бодлыг тусган олноороо хэлэлцэж шүүн тунгаана”, “Парламентад сонгогчдоос нуух зүйл огт үгүй тул бүх талаар ил тод, нээлттэй ажиллана” гэдгээ илэрхийлсээр ирсэн.
Нэмж сануулахад, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын 105 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан билээ.
Улсын Их Хурлын гишүүний тангарагаа сахин биелүүлэхэд тань Ёс зүйн энэхүү дүрэм маш чухал. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн дүрмээ уншаагүйгээр та цагаан толгойн үсгээ мэдэхгүй байж “Би уншиж чадна” гээд байгаатай адил билээ. Жишээ нь, тангарагт тань “хурлаа таслахгүй”, “хараалын үг хэлэхгүй”, “бусдыг дур зоргоороо, нотлох баримтгүйгээр гүтгэж гүжирдэхгүй” гэхчлэн заагаагүй ч УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, түүний дотор дүрмийн 3-т заасан “Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” гэдэг хэсэгт та бүхний өдөр тутамдаа гаргаад байгаа алдаануудыг нэг бүрчлэн заасныг уншаад өгөөч гэж гуйя.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд маш нарийвчилсан заалтууд бий бөгөөд та бүхэн үлдсэн 260 орчим хоногт сахин мөрдөж сонгогчидтойгоо нүүр бардам, нэр бүтэн уулзаасай, бүрэн эрхийн хугацаагаа “элэг бүтэн” үдээсэй гэж хүсэж байна.
У.Оргилмаа /baabar.mn/



