Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико гарын үсэг зурлаа.
Төслийг ЖАЙКА-гийн “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл”-ийн 158.3 тэрбум иенийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн хүүтэй байна. Энэ нь Японы Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт болж байгааг Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм. Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсноос давж, цаашид ч өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмж, өргөтгөх шаардлага бий болсон тул төслийн хүрээнд зорчигч, ачаа терминалын барилга, холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөнө.
Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 5.2 саяд хүрч, одоогийнхоос 3.2 дахин нэмэгдэх юм. Зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, монголын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.





