/ANADOLU/ АНУ-ын засаг захиргаанаас Куба руу зорчиход шинэ хязгаарлалт тогтоож, санхүүгийн гүйлгээнүүдэд тавих хоригийг өргөжүүлэн, Кубын хувийн хэвшлийнхэнд чиглэсэн банкны үйл ажиллагааны хязгаарлалтуудыг нэвтрүүлжээ.
АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Гадаадын активуудыг хянах газрын (OFAC) мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын харьяалалтай хуулийн этгээдүүд Куба улсад мэргэжлийн чиглэлийн уулзалт, хурал зохион байгуулах болон тэдгээрт оролцохыг хориглосон байна.
Мөн Куба руу хийх боловсролын аялал нь АНУ-ын харьяалалд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ивээл дор зохион байгуулагдах ёстой. Харин АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн дээд болон дээд сургуулийн дараах боловсролын байгууллагууд, түүнчлэн тодорхой боловсролын үйл ажиллагаанд оролцож буй байгууллагуудын оюутнууд болон үндсэн ажилтнууд энэхүү шаардлагаас чөлөөлөгдөнө. Түүнчлэн, ийм төрлийн аялалд оролцох бүх хүмүүс хандивлагч, зохион байгуулагч талын төлөөлөгчийн хамт явах ёстой.
Өмнө нь зөвшөөрөгдсөн "хүмүүс хоорондын харилцааг дэмжих" хөтөлбөрүүдийн хүрээнд хийж байсан зохион байгуулалттай бүлгүүдийн сургалтын аяллыг цаашид зогсооно. Гэхдээ 9 дүгээр сарын 30-наас өмнө аяллын бэлтгэлээ (онгоцны тийз худалдаж авах гэх мэт) хангасан хувь хүмүүст аялахыг зөвшөөрсөн шийдвэр хэвээр байна.
Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын "хоригт орсон Кубын байгууллагуудын жагсаалт"-д багтсан байгууллагуудтай шууд болон шууд бус санхүүгийн гүйлгээ хийхийг хориглоно. Энэ жагсаалтад Кубын зэвсэгт хүчин, аюулгүй байдлын албадтай холбоотой байгууллагууд багтдаг байна. Мөн АНУ-аас гадуур гүйлгээ хийх сонирхолтой Кубын иргэдийн хийдэг U-turn гүйлгээг хийх зөвшөөрлийг банкуудад олгохгүй.
Цаашид хувийн хэвшлийн салбарт бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг Кубын иргэдэд зориулан банкуудад данс нээх, хөтлөхийг хориглосон байна.



