УИХ-ын чуулганы баасан гаригийн /2026.10.02/ хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав.
Байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэсэн хэр нь хамгийн тогтворгүй хууль. Энэ хууль нийт өнгөрсөн удаа 22 удаа төсөв дагаж орж ирсэн. Одоо 23,24 дэхь өөрчлөлт. Энэ хууль 2010 онд төсвийг улс төрийн зорилгоор, эрх мэдлийн хувиарлалтын зорилгоор хөдөлгөхгүй гэж батлагдсан. Энэ хуулийг байнга өөрчлөхгүй байхыг яагаад оруулж ирсэнгүй вэ? Төсвийн тогтвортой байдлын тухай зөвлөл хараат бус уу, тийм байж чаддаг уу? Улс төрийн нөлөөнд орохгүй байж чадах уу?
– УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
–Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх асуудлыг хөндлөө. Энд юу хэлэхийг хүсэж байна гэвэл Монгол Улсын эдийн засгийн өөрийн онцлог байна. Төсвийн орлого үндсэндээ эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа экспорт орлогоос өндөр хамааралтай хэлбэлзэлтэй байгаа түүхий эдийн үнэ экспортын хэмжээ. Сүүлийн үед гадаад зээлийн ашиглалт, ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчин, томоохон төсөл хөтөлбөр, гадаад зээлийн ашиглалт нэмэхэд Төсвийн тогтвортой байдлын хууль тодорхой хэмжээнд хязгаарлалт болдог. Үүнийг бид хавар шийдсэн. Эрдэнэбүрэнгийн ЦС, Нефть боловсруулах Алтанширээгийн үйлдвэрийг тусад нь гаргаж тооцсон.
Тэгэхээр тухайн цаг үед нь тааруулаад Монгол Улс тухайн үеийнхээ макро эдийн засгийн нөхцөл байдал гадаад эдийн засгийн идэвхжилтэй холбоотой өөрчлөлтүүдээ хийгээд явж ирсэн. Үүний өөрчлөлттэй холбоотойгоор муудсан зүйл байхгүй. Гадаад өрийн харьцаа зохистой хэмжээнд дээд хязгаартаа хүрэхгүй, хуулийн хүрээнд байна, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ 30 хэдэн хувьтай тогтвортой байж байна, Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна. Валютын нөөц 8,9 тэрбум доллар хүрээд байна, экспорт сайн явж байгаа. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор шатахуун дээр тодорхой хэмжээний саатлууд үнийн өсөлтүүд, инфляцын гэнэтийн шокууд орж ирж байна. Түүний хариу арга хэмжээг авахын тулд тогтвортой байдлын хуулиа шаардлагатай бол өөрчлөөд хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоог бүрдүүлэхийн тулд энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг тохируулан хийгээд явж байгаа.
Ийм цаг үед аль болох засаг мэдрэмтгий хариу арга хэмжээг хурдан шуурхай авч чадахаас дотоод эдийн засаг иргэдийнхээ орлогыг, ААН-үүдээ хамгаалах л шаардлагатай арга хэмжээг авч чадна. Энэ тулд шаардлагатай зарим өөрчлөлтийг хийнэ. Гадаад зэлийн асуудал шийдэгдвэл 24 оных руу буцаж очно. Монгол Улсын онцлог эрдэс баялгийн салбарын орлогоос хамаарч, хэлбэлзэж байна. Эдийн засгаа бүтэн төрөлжүүлж чадаагүй байна. ХАА-н хөнгөн хүнсний үйлдвэрүүд болон аялал жуулчлалын салбараа босгох бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн шинэ эдийн засгийн буюу одоо хиймэл оюун ухаан, мэдээллийн датанууд, эрчим хүчний сэргээгдэх төслүүд гээд олон ажлууд хийгдэж байгаа хэдий ч эрдэс баялгийн салбарын хамаарал өндөр хэвээрээ л байгаа. Энэ хамаарлыг хэрхэн багасгах вэ, тэр хүрээнд энэ өөрчлөлтүүдийг хийхээс аргагүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хүсэж хийгээд байгаа юм биш, шаардлага үүсээд л байгаа юм. Аль болох эдийн засгаа хохирол багатай даван туулах хариу арга хэмжээг авна.



