Том хулгайчдын нэрийг зарласнаас болж засаг дараалан огцорч УИХ тарахдаа тулав. Засаг огцрох, төр тарах хүчтэй шалтаг ганцхан. Тэр нь-хулгай. Өөр баргийн дайрлагад манай засаг төр хаа очиж цочихгүй. Яагаад гэвэл хүнд суртлаар эрин зуунаар гагнагдсан, авилгаар хөлжсөн төр засгийн дархлаа тийм байдаг юм.
Засгаа онхолдуулаад их хурлаа тараагаад сайхан болгочих лидерүүд байгаа аваас тэгэх нь зөв. Тийм жолоодогчид байхгүй юм чинь хулгайтай тэмцэхээ болихоос өөр гарцгүй гэв. Н.Учралыг устгая гэж улангасаад яваа Батнайрамдал, Батбаатар, Ариунзаяа, Сайнзориг, Мөнхбаясгалан нараар жолоодууллаа ч үнэ буурч, шатахуун хангагдахгүйг адгийн тэнэг ч итгэл төгс бардам хэлнэ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарыг идэж уусан гэмт хэргээр огцруулаад, шинэ ерөнхий сайд Г.Занданшатар хулгайтай хийх тэмцлээ улам өрнүүлнэ гэснээсээ болж өөрөө дорхноо хийссэн. Түүнийг эмэгтэй гишүүд татаад унагачихав. Толгойлогч гишүүн хүүхнийг үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт хөх тэнгэрийн доохноос гарсан ч Л.Оюун-Эрдэнэд үнэнч хатагтай нараас Цэц салаавч аваад нам.
Дараагийн ерөнхий сайд Н.Учрал өмнөх засаг эхлүүлсэн хулгайтай тэмцэх бодлогыг залгамжилна гэж пээдийсний хариуд МАН-ын 68, 30-38-аар хуваагдаад талцан нулилцлаа. Ордны нанчилдааныг зориуд олон өнцгөөс цэцэрхээд огт ойлгомжгүй болгочихов. Хэрүүлээс үнэн ялгарна гэж горьдох мэдээж санасны гарз. Хавтгайрсан хэрүүлээс олж мэдвэл зохих ганц үнэн бий. Тэр үнэн нь ядуурч тартагтаа тулсан олны тэмцлийг зарим гишүүн сайд манлайлж, хулгайн үүрийг хөндсөнөөр тэрбум их наядын хулгайчид зодолдсон билээ. Олон бодолд самгардалгүй үүний үндэсийг мэдэж авцгаа. Хэрүүл тэмцлийн хорт вирус ердөө энэ. Түүнээс биш хөөрхий төр засаг нэвт ялзраагүй.
Женко Баттулга “Төгрөг” нуурын бүл ордыг гадаадад 280 сая доллароор зарсныг сонсоод тэгтлээ эмзэглээгүй гөлгөр нийгэм, Түгжилмаа гэж хочлуулсан эрхэм гишүүн эмэгтэйгээс Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйгаад дуугүй огцор гэж засаг төрөө ганхуулав. Нүүрсний 40 их наядын, Туулын хурдны замын 500 тэрбум гээд ухаанд багтамгүй луйвар хулгайг замхруулах сонирхол давамгайлаад ч байх шиг. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ах херо Баатар, үеэл Х.Нямбаатар, хуурай ах Х.Баттулгатайгаа хавсайдаад одоо ч базаж байгаа.
Татвар төлөгчдийн мөнгийг цөлмөж буй олон тэрбумын хулгай, цавчааг Монголд мэдэхгүй хүн алга юм чинь энд тэр болгоныг нурших илүүц. Хулгай луйварт ядуурсан олны шаардлагаар огцорсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг шалгаж, гэм буруу нь нотлогдвол яллах олны шаардлагаас жийрхсэн тэд өөрсдийгөө хэлмэгдлээ гэж зарласан. Хулгайчид ийм арга хэрэглэдгийг бид Н.Алтанхуягийн жүжиглэлээс андахаа больсон билээ.
Гэмт үйлдлүүдээ сэгсэрч дөнгөхгүйгээ мэдэрсэн Л.Оюун-Эрдэнэ тэвдэхдээ иргэний дайн өгдөөнө гэв. Гэм нь бага бол ийм хэмжээнд сандрахгүй л дээ. Иргэний дайн гэж дэмийртлээ айх нь тарьсан хэргийн хэмжээг хэлнэм бус уу. Гайхмаар нь түүнийг дэмжигчид ширүүсэв. Мөнгө үү хамууд нь уу. Үнэнд дөхүү нийтлэлтэй миний уншдаг “Өдрийн сонин”-ы бичлэг Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл үү гэмээр-танигдахаа больсныг өвөрт нь орчихов уу гэж зохиолчийн хувьд харамслаа.
Тус сонины өнөөдрийн дугаарт Ө.Батбилэг бичжээ: МАН-ын 30-ийн фракц намдаа босогч нэртэй, төрд тэрслүү үзэгдэж,.. сошиалаар ад болж яваа... ардчиллын хувь заяаг тогтоон барихад АН-д дэмжлэг болж буй... МАН-ын 30... үндсэн (үнэн) хэрэгтээ түүх бүтээж яваа... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бодлогын огтлолцлын цэг нь парламентын засаглал болж буй гэжээ
Хэн парламентын тогтолцоогоо ерөнхийлөгчийн засаглалаар солих гээд байгаа юм бэ? В.Путин л тэгээгүй бол Монголд тийм санаатай хүн (женког эс тооцвол) байхгүй. АН ирэх сонгуульд ялах пиар хийх гэж мулгуутах нь олширчээ. Ардчиллыг арай дээр нь гэх миний итгэл үнэмшил хувираагүй явна. Гэлээ ч би өдгөө АН болон МАН-ын 30-д эгдүүцэж, өнөөдрийн худал буурмагаас дөнгүүр нуруутай нь өвгөн миний ажиглалтад МАН-ын 38 харагдаж байна. О.Цогтгэрэл Та, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёртой дөрөө харшуулбал АН хол харайхгүй. Цаад хоёрынхоо паянг Та надаар хэлүүлэлтгүй мэдэх хойно энд тоочих утгагүй. Х.Баттулга АН-ыг бузарласан бол Л.Оюун-Эрдэнэтэй сүжирснээр АН үнэ цэнээ алдаж адсаганы шороо болно. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэтэй АН-ыг дэмжсэнээс наад захын соёлтой, энгийн хүнлэг араншинтай Н.Учралыг бараадахаас өөр зам өвгөн зохиолч олсонгүй. Ийм сонголттой ганц би бус бүх монголчууд тулгарч буй аваас АН нохойн замаар орсны гай гэж бухимдсандаа хэлчихье.
Шүлсэн пулемётоор байнд ч үгүй банзанд ч үгүй шүршдэг “Монгол коммент” хулгайтай тэмцье гэж буй талыг өөлж, хулгайгаа шалгуулахгүй гэх талыг хаацайлж буй нь танигдав. Хууль номлож, ямартай ч хулгайтай тэмцэгч гэмээр харагддаг Б.Энхбаяр 1,3 тэрбумын авилга авч, Н.Учрал аав ээжийнхээ сургуульд асар их мөнгө олгосон гээд 30-ын тал буюу хэрэг дээрээ Л.Оюун-Эрдэнийг хамгаалагчид мэдээллийн орон зайг эзэлсэн юм биш үү. Сэтгүүлчид тийшээ ханарсан нь нуулгүй хэлэхэд “мөнгө” гэх хардлага төрүүлэв.
Үйлдсэн нүглийг нь шалгах төр засгийн ажиллагааг ард олон минь та нар санаатай санаагүй эсэргүүцсэнээр хулгайчид ялах нь ээ. Шударга ёсыг тогтоох хүч Монголд алга. Хун шиг цагаан биш ч шаазгай шиг алаг цөөхөн тэмцэгч төр засагт байгаа нь яамай гэлтэй. Тэр хэдийгээ намнах гэж харанхуй масс тэнэгтээд байвал эх орон уруудна. Хулгайтай тэмцэх санаатай хэдэн сайд гишүүн хүчгүйдээд ялагдах янзтай. “Хулгайтай тэмцэхээ боливол төр засаг тогтворжино” гэж хөлдүү монгол толгой руу түншээд нэг үзлээ. Мэдээж миний түншээг нийгэм мэдрэх ч үгүй. Зөнөг буурайн энэ бичвэрийг хэн ч тоохгүй.
Тиймээс нэг гуйлт байна. Монголчууд бидний оронд япон солонгосууд байвал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Баттулга өөр хэн хэн ч билээ, тэд ингэж даналзаж чадах уу гэж төсөөлөөд нэг үзээч. Хайр нь дотроо хал нь гаднаа гэх дээдсийн зарчим бий. Уучлаарай өвөөгөө, хатуу үг хэлье. Дүнхүү маанаг унхиагүй иргэн-бидний буруугаас эх орон өөдлөхгүй байна гэх ёошооргүй үзэл цээжинд нуугддаг. Мэдрэмжгүй масс хулгайчдаа өөгшүүлснээр тэдний нүглийг улам зузаалж, тэднийг хорлож байна. Даварсан хулгайчдыг 3,5 сая иргэний хүчирхэг оюунаар дэглэж, тэднийг нүгэлгүй орлогоор амьдрах замд ороход нь туслахыг уриалъя.
Цэндийн Доржготов /baabar.mn/



