Үе тэнгийн дээрэлхэлтийн үүсэх шалтгаан нөхцөл, хэрхэн сэргийлэх талаар “Ханбуд” Хүүхэд өсвөрийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Б.Насанбурмаатай ярилцлаа.
-Үе тэнгийн дээрэлхэлт гэх сэдэв асуудал болж байна. Энэ ер нь нийгэмд тулгарч буй шинэ асуудал мөн үү?
-Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг ойлголт зөвхөн өсвөр насанд эхэлдэг, тохиолддог зүйл биш. Өсвөр насанд ирсэн хойно нь гэнэт асуудал мэтээр яагаад хараад байгаа вэ гэвэл энэ насны онцлогтой холбоотой. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн болоод бие бялдрын нийгэмшихүйн хөгжил үе тэнгийнхэн рүүгээ чиглэж эхэлдэг. Бага насанд байсан үеийг бодвол аав ээж, гэр бүлийнхнээс илүү үе тэнгийхэнтэйгээ байх хэрэгцээ ихсэж, найз нөхдийн үнэ цэнэ өндөр, нийгэмд өөрийн байр суурийг эзлэх эрмэлзэл нэмэгдэж ирдэг. Тиймээс өсвөр насны үед харилцааны асуудал хамгийн чухал болж ирдэг. Энэ харилцааны үед асуудал, зөрчилтэй тулгарвал сэтгэл зүйн байдал хямардаг болохоор түүнийгээ хурцаар илэрхийлж гадагш чиглэж байгаа нь анзаарагддаг. Эсвэл бүр дотогшоо болж өөрчлөгддөг. Энэ үед хөндлөнгөөс ажиглагддаг болохоор өсвөр насны үе тэнгийнхний асуудал мэт харагддаг.
Түүнээс биш аль бага насанд нь суурь тавигдаж эхэлдэг. Цэцэрлэгийн наснаас эхлээд, Их сургуулийн насанд хүртэл цаашлаад насанд хүрэгчдийн дунд ч байгаа асуудал гэж харах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд нэг нэгийгээ түлхэх, цохиод авах, шоолох, бүдүүлэг авир гаргах гэх мэт түрэмгий байдал гаргаж байгааг хараад хүүхэд юм чинь, жаахан юм чинь гэх мэтээр өхөөрдөж өөгшүүлдэг тал бий. Энэ байдал даамжирсаар, давтагдсаар байвал дээрэлхэгч, дээрэлхүүлэгч болох суурь тавигдаж байна гэсэн үг.
-Зан араншингийн суурь хүмүүжлийг хүүхэд хаанаас, хэнээс суралцдаг вэ?
-Анх хүүхэд юу ч мэдэхгүй байж болох ч түүнийг хэн болохыг дэргэдэх том хүмүүс нь шийддэг. Гэр бүлийн орчин тухайн хүүхдийг бүтээх суурь болж байдаг. Хэдэн ч настай байсан буруу үйлдлийг нь өөгшүүлж дэвэргэж болохгүй. Ямар нэг байдлаар “Жаахан байна”, “Юм мэдэхгүй” гэх мэтээр өөгшүүлэх нь дараагийн таагүй зан авирыг хүлээн зөвшөөрч, харилцааны буруу хэв маягт суралцах эхлэл тавигддаг гэсэн үг.
Цэцэрлэгт байхаас нь түрэмгий байдал, бусдад хүндлэлгүй байдал гаргаж байгаа авирыг засах, анхаарах арга хэмжээ авахгүйгээр томроод зүгээр болчихно гэдэг зүйл байдаггүй. Сургуульд ороод нэгнээ хочлох, гадна төрхөөр өөлж гоочлох, бие хаад хамаагүй хүрэх, түлхэх, гар хүрэх гэх мэт ямар нэг хэмжээгээр нөгөө зан авир нь үргэлжлээд явах нь бий. Харин хөдөлгөөн болоод ухамсрын хувьд дараагийн шатны хөгжил явагддаг болохоор болох болохгүйн хэм хэмжүүрийг багаас зааж өгч байх хэрэгтэй. Гэр бүлд явагддаг харилцааны хэлбэрүүдийг хүүхэд олон нийтийн газар гаргаж илэрхийлж байдаг. Тухайн гэр бүлд нэг нэгнээ хүндэтгэлгүй дуудах, хараалын үг хэлэх, нэр хоч өгөх, түрэмгий байдал гаргадаг бол гадна орчинд тухайн байдлыг үзүүлж байдаг гэсэн үг. Тиймээс хүүхдийг бага гэлтгүй зөв харилцааны хэв маягт сургаж үлгэрлэж байх хэрэгтэй. Гэр бүлийн орчин бол харилцааны хил хязгаарын анхны сургууль.
Цэцэрлэгийн нас болон бага ангиас эхлээд түрэмгий байдал гаргаад байгаа хүүхдийг арга хэмжээ авахгүй явсаар дээрэлхэгч болсон хойно нь ярьж эхэлдэг тал бий. Дээрэлхэгч хүүхэд байна гэдэг маань нөгөө талд дээрэлхүүлэгч хүүхэд байгаа гэсэн үг. Аль нэг нь асуудалтай гэхээс илүү хоёуланд нь асуудал байдаг гэдгийг анхаарч авч үзэх нь чухал. Бага насны харилцаанд гарч буй зөрчлүүдийг нь дээрэлхэлт гэж үзэхгүй байна гэсэн үг. Учир байдал, ялгааг ойлгуулж байснаар томрох тусам харилцааны хил хязгаарт суралцаж байдаг.
-Хүүхэд дээрэлхэлтэд өртөж байгаа асуудал дээр холбогдох байгууллагуудын зүгээс ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Сүүлийн үед харин ч хүмүүс анхааралдаа авч байгаа гэж бодож байна. Дээрэлхэлтэд аль аль талд асуудал байгаа гэдгийг анхаарах ёстой. Гэтэл зөвхөн нэг талыг нь асуудал болгож харж үзэж болохгүй.Түрэмгий байдал гаргаж байгаа хүүхэд харилцааны хувьд заавал анхаарах асуудал үүссэн байдаг бол дээрэлхүүлээд буй хүүхдийн цаана ямар нэг хүнд байдал, шалтгаан бас байдаг. Сургуулиуд дээр хүүхэд хамгааллын баг гэж ажилладаг болсноор тал талаас нь ажиглаж, ямар нэг байдлаар дээрэлхэлтээс сэргийлэх болсон.
Мөн өсвөр насанд буюу дунд ангид дээрэлхэлтийн байдал хамгийн их илэрдэг хэдий ч ахлах ангид орохоороо далд хэлбэр лүү шилждэг. Үүнийг гуравдагч хөндлөнгийн этгээдийн тусламжтай илрүүлж болдог. Гуравдагч этгээд дээрэлхэлтийг таслан зогсоож болдог. Тиймээс томчууд бид өөрийн хүүхдээ анзаарч байхаас гадна бусдын хүүхдийг эсвэл хэн нэгэн дээрэлхэгчийн нөлөөнд орсон байвал тусламж үзүүлэхээс татгалздаггүй байх хэрэгтэй. Тэр байдлыг хүүхдүүд харж мэдэж байвал аяндаа өөрөө дээрэлхэгч болох, эсвэл дээрэлхэлтэд өртөхөөс хамгаалж байдаг. Миний асуудал биш, хүүхдүүдийн асуудал, надад тохиолдоогүй юм чинь гээд биеэ аваад явах томчуудын нөлөө дээрэлхэлтийг даамжруулж байгаа юм.
-Эцэг эхчүүд юун дээр анхаарч байх ёстой вэ. Зарим тохиолдолд хүүхдүүд тоглож наадаж байгаа мэт хандлага ажиглагддаг шүү дээ. Дээрэлхэлтийг яаж ялгах вэ?
-Эцэг эхчүүд юун түрүүнд сургууль багш, хамт олон, боловсролын байгууллагыг буруутгахаасаа өмнө би юу үзүүлж, харуулж, сонсгож, мэдрүүлж өсгөж байна гэдгээ ухамсарлах ёстой. Хүүхдээ багаас нь харилцааны хэмжээг тайлбарлаж ойлгуулж байх нь зөв. Хүүхэд байтугай томчууд хүртэл заримдаа дээрэлхэлтийг ялгаж чаддаггүй. Дээрэлхэлтийг ялгах арга нь давтамжтай үйлдэгддэг. Ер нь дээрэлхэлт гэдэг зүйл дахидаг, бас даамжирдаг. Тэгэхээр давтамжтай дээрэлхэлтийн шинж илрэх үед хариу үйлдэл үзүүлж таслан зогсоохгүй бол цаашлаад улам хүндэрдэг гэсэн үг. Дээрэлхэлт шууд ба шууд бус хэлбэрээр үйлдэгдэж болно. Шууд гэдэг нь бие махбод, хэл яриагаар шууд байдлаар нээлттэй түрэмгий үйлдэл гаргадаг. Энэ нь хүчирхийлэл байдлаар ажиглагддаг болохоор танихад амар.
Шууд бус хэлбэр нь нүүрэн дээрээ зүгээр хэрнээ цаагуураа нэр хүндийг унагах, бүлгээрээ шоолж инээлдэх, тухгүй байдал үүсгэх зэргээр илэрнэ. Шууд бус хэлбэр нь илүү аюултай. Яагаад гэвэл дээрэлхэлт гэж үзээд шалгаж тогтоох үед “Би чамайг яасан юм, чамайг яагаа ч үгүй, тоглож байсан шүү дээ” … гэх байдлыг дээрэлхэгч хүүхэд гаргаж эхэлдэг. Хамгийн чухал нь дээрэлхэлтийг ялгаж ойлгох, өөрийгөө хамгаалах үйлдэл гаргаж байхыг хүүхдэдээ хэлж өгөх. Мөн ямар нэг байдлаар дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд анхааралтай ажиглаж, хүүхдээ маш сайн сонсох нь чухал. Дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд хүүхэд байтугай томчууд ч гарахад хэцүү байдаг учраас анхааралтай сонсох хэрэгтэй. Харилцааны зөрчил үү, дээрэлхэлт үү гэдгийн давтамжаар сайтар ажиглаж ялгааг гаргана. Мөн сонсох үедээ зарим зүйлийг анхаарах хэрэгтэй.
Үүнд, “Хов зөөлөө, найз чинь тоглож байсан байлгүй” гэх мэтээр хүүхдээ огт үгүйсгэж болохгүй. Анхаарууштай нь, дээрэлхэлтэд өртөж буйгаа хүүхэд ямар нэг байдлаар илэрхийлэх гэж оролдсон байдаг. Гэтэл эцэг эхчүүд, томчууд үл тоомсорлосноор далд хэлбэрт шилжсэн тохиолдол их бий. Хэрэв дээрэлхэлт биш, ганц нэг удаагийн харилцааны зөрчил бол хүүхдүүд аяндаа өөрийг нь ойлгож сонсох үед тайвширдаг. Мөн айх айдас түгшүүр үлдэхгүй. Цаашид мэдрэмжээ зөв илэрхийлж, дээрэлхэлтэд өртөхгүй байдлыг өөрт нь суулгаж өгч байна гэсэн үг. Хэрэв сонсохгүй байх, үгүйсгэх, өөрийн үзэл бодлоо шууд тулгах зэрэг нь хүүхдийг цаашдаа хэлэхгүй байх шийдвэрт хүргэдэг.
Өдрийн сонин



