x

Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурал /СОР17/-ыг Монгол Улс Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцжээ.

-Монгол Улс COP17 хурлыг зохион байгуулж байгаа нь иргэний нийгмийн байгууллагуудад ямар боломжийг нээж байна вэ?

-COP17 бол зөвхөн олон улсын хурал биш, иргэний нийгмийн байгууллагуудын хувьд бодлого, шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо хүргэх ховор боломж. Иргэний нийгмийн байгууллагууд өөр өөр чиглэлээр ажилладаг ч нийтлэг зорилго нь хэнийг ч хөгжлийн үр шимээс орхигдуулахгүй, хүртээмжтэй, оролцоонд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжихэд оршдог. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга замын нэг нь бодлогын нөлөөлөл юм. Өөрөөр хэлбэл, сайн хууль, зөв бодлого, хариуцлагатай хэрэгжилтийг бий болгоход иргэдийн оролцоо, иргэний нийгмийн хяналт зайлшгүй шаардлагатай. Монгол Улс COP17 хурлыг зохион байгуулж байгаа нь энэ боломжийг бидэнд улам ойртуулж байна. Ялангуяа Монголын болон Азийн иргэний нийгмийн байгууллагууд энэ хурлыг өндөр ач холбогдол өгч, нэгдсэн байр суурьтай, сайн бэлтгэлтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Учир нь дэлхийн олон орны төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөлөл энд хуран цугларна. Тэд зөвхөн асуудал ярих гэж биш, харин туршлагаа хуваалцах, шийдэл эрэлхийлэх, шинэ түншлэл бий болгох, бодлогод нөлөөлөхөөр ирдэг. Тиймээс энэ бол зөвхөн суралцах биш, өөрсдийн туршлага, санал, бодит шийдлийг дэлхийн түвшний хэлэлцүүлэгт хүргэх ховор боломж юм. Ийм боломжийг бид өнгөрөөж болохгүй.

-Танай байгууллагын хувьд COP17-д ямар байр суурь, ямар дуу хоолойгоо хүргэхээр бэлтгэж байна вэ?

-Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарснаас хойш бид энэхүү боломжийг үр нөлөөтэй ашиглахын төлөө тодорхой зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж ирлээ. Манай байгууллага уул уурхай, эрчим хүч болон тэдгээрийн дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын эрх, оролцоо, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг. Бид өнгөрсөн хугацаанд малчдын оролцоонд тулгуурласан "Газар дээрээс нь" судалгаа, зөвлөлдөх үйл явцыг тогтмол хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд бэлчээрийн доройтол, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн хамгааллын тогтолцоог сайжруулах боломж, доройтолд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чиглэлээр малчидтай олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд малчдын бодит туршлага, санал, хэрэгцээнд тулгуурласан "Улаан шугам" концепцийг боловсрууллаа.

Мөн "Газар дээрээс нь" цуглуулсан судалгаа, нотолгоонд үндэслэн олон улсын Эрх болон нөөцийн санаачилга (Rights and Resources Initiative) зэрэг байгууллагуудтай хамтран нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Ази, Африк, Латин Америкийн долоон улсын иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулсан судалгааг нэг арга зүйгээр хийж, "Нүүдэллэх эрхийг баталгаажуулах нь: Малчид болон нүүдэлчдийн нүүдэллэх, газар ашиглах эрхийн эрх зүйн баталгаа" сэдвээр дүгнэлт, зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

-Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд иргэдийн оролцоо бодитой нэмэгдэхгүй байгаа гол шалтгаан юу гэж та үздэг вэ?

-Иргэний нийгмийн байгууллагын өнцгөөс харахад цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд ахиц удаан байгаа хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, иргэдийг зөвхөн хэрэгжүүлэгч бус, харин шийдвэр гаргах үйл явцын бодит оролцогч, шийдлийн түнш гэж харах хандлага хангалттай төлөвшөөгүй байна. Монгол Улсад газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч орон нутгийн иргэд, ялангуяа малчдын мэдлэг, туршлага, санал бодол бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх үе шатанд бүрэн тусдаггүй тохиолдол бий. Гэтэл тухайн нутгийнхаа бэлчээр, ус, байгаль экосистемийн өөрчлөлтийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол малчид өөрсдөө. Тиймээс тэдний уламжлалт мэдлэг, бодит туршлага, санаачилгыг бодлого, шийдвэр гаргах түвшинд үнэлж, тусгах нь тогтвортой үр дүнд хүрэх үндсэн нөхцөл юм. Хоёрдугаарт, иргэдийн оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлэгт оролцох хүрээнд ойлгох бус, шийдвэрт нөлөөлөх бодит боломж, мэдээллийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, хууль эрх зүйн баталгаатай оролцоогоор хангах шаардлагатай. Иргэд асуудлын талаар мэдээлэлтэй байхаас гадна шийдэл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих боломжтой болсон цагт оролцоо бодит үр дүн авчирна. Гуравдугаарт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд салбар хоорондын уялдаа, бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын хувьд эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох уул уурхай нь ихэвчлэн хөдөө аж ахуйн бүс нутаг, малчдын бэлчээр, усны нөөцтэй давхацдаг. Тиймээс уул уурхай болон бэлчээрийн ашиглалт, байгаль хамгааллын бодлогыг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдсан байдлаар шинэчлэх хэрэгтэй байна. Ер нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь орон нутгийн иргэд, малчдыг асуудлын "хүлээн авагч" бус, харин шийдлийн түнш болгон оролцуулж, тэдний дуу хоолой, мэдлэг, сайн туршлагыг бодлого, шийдвэрийн бүх түвшинд бодитоор тусгах явдал юм. Үүний зэрэгцээ салбар хоорондын уялдаа, хариуцлагатай хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

-Монголын малчид, залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэдийн дуу хоолой COP17 дээр хангалттай сонсогдож чадах болов уу?

-Энэ нь зөвхөн Монголын асуудал биш, COP17 хурлын амжилтыг тодорхойлох чухал шалгуур юм. Малчид, залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэд бол газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг өдөр бүр хамгийн түрүүнд мэдэрч байгаа хүмүүс. Тиймээс тэд зөвхөн оролцогч биш, шийдлийн нэг хэсэг байх ёстой. Үүний тулд иргэний нийгэм, малчдын байгууллага, эмэгтэйчүүд, залуус, орон нутгийн төлөөлөл бодит оролцоотой байх, санал нь хэлэлцүүлэг болон шийдвэрт тусах боломжийг хангах нь чухал. Хэрэв тэдний оролцоо зөвхөн бэлгэдлийн түвшинд үлдвэл COP17-ийн үнэ цэн бүрэн хэрэгжихгүй. Бидний хүсэж байгаа зүйл бол маш энгийн: "Бидний тухай шийдвэрийг бидний оролцоотой гаргадаг байх." Энэ зарчим л COP17 хурлын хамгийн чухал өвийн нэг болно гэж үзэж байна.

-Монголд газрын доройтолтой тэмцэхэд хамгийн их саад болж байгаа асуудал нь мөнгө үү, бодлого уу, эсвэл хариуцлага уу?

-Шулуухан хэлэхэд асуудал нь мөнгө биш, шинжлэх ухаанч бодлого, бодит хариуцлага юм. Монгол Улсад газрын доройтолтой тэмцэх бодлого, хууль, хөтөлбөр, төсөл хангалттай бий. Мөн олон улсын байгууллагуудын санхүүжилт, дэмжлэг ч багагүй орж ирдэг. Харин хамгийн том сорилт нь эдгээр бодлого хоорондоо уялдаа муутай, хэрэгжилт сул, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа явдал юм. Нөгөө талаас газрын доройтлыг зөвхөн бэлчээрийн асуудал гэж харах нь өрөөсгөл. Уул уурхай, дэд бүтэц, хотжилт, усны нөөцийн менежмент, газрын зохион байгуулалт зэрэг олон салбарын бодлого хоорондоо зөрчилдөх үед газрын доройтол улам нэмэгддэг. Иймээс салбар хоорондын уялдаа, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр, иргэдийн оролцоо хамгийн чухал.

Түүнчлэн хууль зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд бодит хариуцлага тооцдог, нөхөн сэргээлтийг чанартай хийлгэдэг, орон нутгийн иргэдийн санал, хяналтыг үнэхээр тусгадаг тогтолцоог бүрдүүлэхгүйгээр зөвхөн санхүүжилт нэмэгдүүлээд асуудал шийдэгдэхгүй. Тиймээс газрын доройтолтой тэмцэхэд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол оновчтой бодлого, тууштай хэрэгжилт, бодит хариуцлага гэж үздэг.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 45 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 54 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 59 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 38 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 41 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 23 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top